Нийтийн тээврийнхэн жагсана

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн жагсана

Нийтийн тээврийнхэн жагсана

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2018.04.04/ хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатарыг ажилчдынхаа эрх ашгийг хохироодог хэмээн үзэж даргын албан тушаалаас чөлөөлөгдөхийг тэд шаардлаа.

Г.Төмөрбаатар биднийг илүү цагаар цаг наргүй ажиллуулдаг

Энэ үеэр ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат “Г.Төмөрбаатар нь нийт ажилчдын эрх ашгийг хохироож байна. Авлигатай тэмцэх газраас Г.Төмөрбаатар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа зах зээлийн дунджаас өндөр үнээр авсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоо шүүхэд шилжүүлсэн. Бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга С.Батболдод удаа дараа шаардлага тавьсны дүнд Зорчигч тээврийн нэгтгэл шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад хоёр сар гаруй хугацаанд шалгасан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор бидэнд хариу өгөлгүй Г.Төмөрбаатарыг хаацайлсаар байна.

Иймд зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатарыг ажлаас чөлөөлтөл үйлдвэрчний хорооны гишүүд бид дөрөвдүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд суулт хийхээр боллоо.

Нийт ажилчдын цалинг нь дутуу олгодог. Одоогийн байдлаар 140 гаруй хүний цалинг дутуу олгосон. Мөн 40 гаруй хүний тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдэж өгөлгүй шүүхээр оруулж байгаа юм. Бидний дундаж цалин нэг сая 200 мянган төгрөг байдаг. Гэтэл Г.Төмөрбаатар дарга бидний цалингаас үндэслэлгүй 320 мянган төгрөгийг хасаж байна. Тиймээс нийслэлийн удирдлагуудыг түүнд зохих хариуцлагыг оноон өгч бидний цалин хөлсийг тогтмол олгоосой гэж хүсэж байна.

Нийтийн тээврийг битгий улстөржүүлээч гэж хүсмээр байна

ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн гуравдугаар баазын дарга П.Баттулга “Г.Төмөрбаатар дарга болсноосоо хойш мөнгөнд хэт их дурласан. Г.Төмөрбаатар даргыг ажилчдаасаа уучлал гуй гэж хүсмээр байна. Яагаад гэвэл 70 мянган төгрөгийн сэлбэгийг сая төгрөгөөр, таван мянган төгрөгийн үнэтэй гал хамгаалагчийг 200 мянган төгрөгөөр, 20 сая төгрөгийн үнэтэй сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдан авч өөртөө орлого болгосон. Г.Төмөрбаатар дарга ажилчдын цалингаас хумсалдаг. Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны жолооч нар ажлын 22 хоног ажиллахаас 28 хоног ажиллаж байж төлөвлөгөөт цагаа гүйцээн бүтэн цалингаа авч байна. Биднийг илүү цагаар ажиллуулж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулж байна” гэж мэдээллээ.

Э.Ариун 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж