Гүүр барих үеэр дугаарын хязгаарлалт хийхийг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Гүүр барих үеэр дугаарын хязгаарлалт хийхийг дэмжих үү?

Гүүр барих үеэр дугаарын хязгаарлалт хийхийг дэмжих үү?

 

Монгол улсын нийт тээврийн хэрэгслийн 60,9 хувь нь нийслэлд бүртгэлтэй байдаг. Улаанбаатар хотод жилд 40 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг бөгөөд үүний 80 орчим хувь нь замын хөдөлгөөнд оролцдог аж. Нийслэлийнхний хувьд стресст оруулдаг, бухимдуулдаг томоохон асуудал замын түгжрэл. Хагас километр хүрэхгүй газар бүтэн цаг, бүр хоёр гурван цаг түгжрэх нь энүүхэнд. Үүнийг дагаад Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Энэ жил хийгдэх нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн  шинэчлэлтэй холбоотой зам засварын томоохон ажлын нэг нь Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн зам барихаар төлөвлөжээ. Гүүрэн замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая ам.доллараар барих юм. Замын цагдаагийн уулзварын хувьд цагт 2500-2800 машин хөдөлгөөнд оролцдог бол өдөрт дунджаар 20 мянга орчим машин замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байна. Тиймээс замын цагдаагийн гүүрэн гарцыг ашиглалтад оруулах нь энэ бүхнээс гарах шийдэл гэж албаны хүмүүс хэлж байв.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг 1.6 жил буюу 2020 он хүртэл хаахаар болсон. Энэ үеэр нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөөд буй. Эл зохицуулалтыг хийхийн өмнө иргэдээс санал авч байна. Үүнд: 

  • Эхний хувилбар нь сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5,7, 9 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй амраах. 
  • Хоёрдугаар хувилбар нь,Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5,7,9 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах саналтай байгаа юм.

Өөрөөр хэлбэл, иргэдээс хамгийн их дэмжлэг авсан хувилбарыг зохицуулалт хийхэд ашиглахаар төлөвлөөд байна. Харин манай агентлагийн зүгээс жолооч нараас дээрх хоёр саналын алийг нь дэмжиж байгаа талаар тодрууллаа.

 ямар ч ялгаа байхгүй

Иргэн Г.Дамбаа

Иргэн Г.Дамбаа “Манай улсын хувьд түгжрэлийг бууруулахад дугаарын хязгаарлалтаас өөр зохицуулалт байхгүй байна. Долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалттай байсныг хоёр удаа буюу тэгш, сондгойгоор хязгаарлах санал гаргасан байсан. Үнэндээ дээрх хоёр сонголтын алийг нь ч сонгосон ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ захуудыг баасан гаригт амраана, амраахгүй гэдэг нь л дээрх саналуудын ганц ялгаа юм даа. Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа хийхгүй бол хэн хэнийхээ ажлыг уясан  л зүйл болно”.

замын түгжрэл буурна  гэж бодохгүй байна

Иргэн Б.Бүжинлхам

Иргэн Б.Бүжинлхам  “Замын түгжрэл буурна л гээд яриад байгаа. Би хувьдаа замын түгжрэл буурна  гэж бодохгүй байна. Хувьдаа 2-3 машинтай баян хүмүүс нь машинаа унаад л хөдөлгөөнд оролцоно байх. Харин нөгөө талаас нь хараад үзвэл хүмүүсийн хувийн амьдралд өөрчлөлт орно. Адаглаад л  олон жаахан хүүхэдтэй гэр бүлийн хүмүүс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт  нь зөөнө. Сургууль нь хол байвал бүр хэцүү. Алхаад явбал даарна. Такси баривал тамтаггүй үнэ хэлнэ. Бид нар шиг амьдралтай хүмүүс хоёр машин барихгүй шүү дээ’.

Бүтээн байгуулалтад хүн болгон  л оролцох хэрэгтэй

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн ийн ярилаа. Тэрбээр “Тэгш сондгойгоор машиныг хөдөлгөөнд оролцуулж Баасан гаригт захуудыг амраах саналыг дэмжиж байгаа. Бүтээн байгуулалтад хүн бүр л оролцох хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийг бодоод явж болохгүй_ Нийтийн эрх ашиг нэг хэсэг бүлэг хүнийхээс доогуур тавигдах ёсгүй”.

Сунжраад удаад байвал хэцүү

Иргэн Б.Батцэцэг

Иргэн  Б.Батцэцэг  “Уг нь бүтээн байгуулалт хугацаандаа эхлээд хугацаандаа дуусчих юм бол замаа барьсан нь дээр л дээ. Сунжраад удаад байвал хэцүү. Манай гэр Баянмонгол хороололд  байдаг. Хүүхдээ сургуульд нь  хүргэж өгч авахаас авхуулаад өдөр бүр таван цаг зарцуулдаг. Тийм болохоор томоохон худалдааны төв, захуудыг Баасан гаригт амраах нь түгжрэлийг бууруулна гэдэгт итгэлтэй байна. Захууд амрахаар илт түгжрэлгүй болдог’.

улс орон хөгжихийн тулд бүтээн байгуулалт хийлгүй л яах вэ?

Иргэн Р.Эрдэнэчимэг “Үндсэндээ долоо хоногийн хоёр өдөр  дугаарын хязгаарлалт хийх юм байна гэж ойлгосон.  Хүн болгон ажил төрөлтэй юм чинь  долоо хоногийн хоёр өдөр нь хязгаарлалтад орно гэхээр чанга.  Гэхдээ том, том захуудыг нүүлгэнэ гэж хэдэн жил ярилаа. Түүн шиг л  хий дэмий зүйл болчихгүй бол улс орон хөгжихийн тулд бүтээн байгуулалт хийлгүй л яах вэ?  Машиныхаа  татварыг тогтмол төлөөд явдаг болохоор хөдөлгөөнд оролцохгүй хоёр өдрийнхөө  мөнгийг хасуулбал овоо хэдэн төгрөг хасуулах байх”.

Захуудыг амраах саналыг дэмжиж байгаа 

Иргэн  Б.Наранжаргал

Иргэн  Б.Наранжаргал “Миний бодлоор ажлын өдрүүдэд тэгш сондгойгоор машиныг хөдөлгөөнд оролцуулах нь арай  үр дүнтэй  шиг санагддаг. Дээрээс нь Баасан гаригт захуудыг амраах саналыг дэмжиж байгаа. Ажил тараад  захын тийш битүү түжрээтэй байдаг гэдгийг жолооч нар бүгд мэдэх байлгүй”.

Дээрх хоёр саналын аль ч санал дэмжигдсэн жолооч нар Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хандан, авто зам ашигласны төлбөрөөс хөдөлгөөнд оролцохгүй хоёр өдрийн мөнгийг хасуулах боломжтой юм байна..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж