Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгосын эзэнгүй арал руу гурван удаа гал нээсэнтэй холбогдуулан уг цэргийн сургуулилтыг хийж байгаа хэмээн зарим ажиглагчид онцолж байна. Мэдээж энэ бүхэн ямар нэг байдлаар үүнтэй холбоотой байгаа талаар ажиглагчид таамаглаж байгаа аж. Нөхцөл байдал одоогоор хэвийн байгаа ч хоёр талаас сэрэмжлүүлсэн сануулгыг өгч байгаа талаар Өмнөд Солонгосын KBS агентлаг мэдээлсэн билээ. Хойд Солонгосын зүгээс энэхүү арав хоногийн цэргийн сургуулилтыг шүүмжилж, өөрсдийн хил дээр байгаа хүчээ зузаатгах болно гэдгийг ч анхааруулсан юм. Мөн энэ удаагийн хамтарсан сургуулилтыг “Томоохон өдөөн хатгалт” хэмээн өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа аж. Хойд Солонгосын Батлан Хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “Шаардлагатай гэж үзвэл манай улсын зүгээс тодорхой арга хэмжээг авах болно гэдгийг анхааруулж байна. Хэрэв энэ нь дайны өдөөн хатгалт бол дэлхий дахинд зарлах хэрэгтэйг анхаарна уу. Улаан армийн сүр хүч үүрд мандан бадраг” хэмээн мэдэгдэв.
CNN агентлагийн мэдээлж буйгаар Өмнөд Солонгос АНУ-ын хамтарсан сургуулилтад “Хойд Солонгос, ихээхэн уур, уцаартай байгаа. Мөн Хойд Солонгосын талаас тэдний цөмийн зэвсгийг сөнөөх гэж оролдож магадгүй бөгөөд ямар нэгэн сэдэлтэй ийнхүү хамтарсан сургуулилт хийж байгаа” талаар мэдээлсэн. Хачирхалтай нь дайны бэлэн байдалд суурилсан сургуулилт хийх талаар шинэ мэдээлэл цацагдсан аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Хойд Солонгост “Өлсгөлөн” болж олон зуун хүн өвчнөөр нас барсан золгүй явдал болсон. Тухайн үед БНХАУ-ын зүгээс хоол хүнсний тусламж үзүүлж нөхцөл байдлыг зөөлрүүлсэн. Харин тухайн үед Өмнөд Солонгосын зүгээс жил бүрийн эхний хоёр сард Хойд Солонгост илгээдэг байсан тусламжийг зогсоосонд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан билээ.
Ямартай ч хоёр Солонгос хоорондоо гал нээсэн энэ удаагийн үл ойлголцол дараа дараагийн болзошгүй сөрөг үйлдэлд нөлөөлөхүйц хүчин зүйл болж хувирахгүй гэх баталгаагүй талаар Их Британий улстөр судлаач, геополитикийн мэргэжилтэн Стивен Андерсон BBC агентлагт онцолсон аж. Тэрбээр “АНУ-ыг зүгээс сүүлийн хоёр жил иймэрхүү мэтийн ажиллагааг Өмнөд Солонгостой хамтарч явуулдаг уламжлал гэмээр зүйл тогтлоо. Хамтарсан цэргийн ажиллагаа болж байхад Хойд Солонгосын талаас өөрсдийн байр сууриа хатуухан илэрхийлж байгаа нь олон улсад байдаг энгийн л жишээ. Тусгаар улсын хийх ёстой, авах ёстой арга хэмжээний нэг. Түүнээс биш хамтарсан цэргийн ажиллагаа нэрийдлээр өөрсдийн сүр хүчийг Хойд Солонгост харуулах хэрэггүй л болов уу. Тэр дундаа Хойд Солонгос шиг оронд” хэмээн АНУ-ыг шүүмжилсэн өнгө аястай зүйл ярьжээ.
Өмнөд Солонгостой хиллэдэг Хойд Солонгосын хилийн ойр орчимд баллистик пуужин байрлуулсан байж магадгүй талаар өмнөдийн “Yonhap” агентлаг мэдээлжээ. Мөн хамтарсан сургуулилт хийх нэрийдлээр АНУ-ын хиймэл дагуулаас умардынхны идэвхжиж байгааг NASA дахь АНУ-ын ажиглагчид Цагаан ордонд мэдээ хүргэсэн талаар www.washingtonpost.com сайт мэдээлэв. Нийт арав хоногийн цэргийн сургуулилтын үр дүнг АНУ-ын болон Өмнөд Солонгосын хэвлэлийн төлөөлөгчид манай цагаар энэ сарын 28-нд мэдэгдэх аж.
"Улс төрийн тойм" сонин