Астанагаас “шүүрэх”  алтан туршлага

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Астанагаас “шүүрэх”  алтан туршлага

Астанагаас “шүүрэх”  алтан туршлага

1980-аад оны төгсгөлөөс коммунист үзлээс ардчилал руу шилжсэн хэд хэдэн улс бий. Тэдний нэг болох Казакстан улсын Астана хотод хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаан өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Дөрвөн жилийн дараа зохион байгуулагдсан хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр талуудаас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн үр дүнтэй хурал болов.

Урт хугацаанд завсарласан хоёр улсын Засгийн газар хоорондын хуралдаан цаашид хоёр жил тутамд зохион байгуулж байх тохиролцоонд хүрч өндөрлөв. Ингэснээр хоёр улсын харилцаа өргөжих, хамтран ажиллах, туршлага солилцох чухал үйл явдлууд ирэх жилүүдэд өрнөх биз ээ. Энэ удаагийн Засгийн газар хоорондын хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй албаныхан оролцов.

Тал дээрх тэнгэр баганадсан барилгууд

Казакстан улсыг Монгол Улстай ижил гараанаас эхэлсэн гэдэг. Гэхдээ тэдний өнөөдрийн хөгжил биднээс хэд дахин илүү, сүрлэг болжээ. 1997 оноос цоо шинэ Астана хотыг барьсан тул 21 настай залуу хот юм. Хуучны Алма-Ата хотоос нийслэлээ нүүлгэж, хааш хааш 600 км үргэлжлэх тал дээр цоо шинээр байгуулсан байдаг. Ингэхдээ дэлхийн алдартай архитекторуудын уран санааг Астанад сүндэрлүүлжээ.

Тэд ийн хөгжсөн нь байгалийн баялгийн нөөц. Казакстан улс уран, байгалийн хий, нефтийн нөөцөөр дэлхийн тэргүүлэгч орны нэг. Байгалийн баялгаа богино хугацаанд үнэд хүргэж, үнэ цэнэтэй улс болгосон хүн нь тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев. Казакстан улсын цор ганц давуу эрх менежер.

Тэр улсаа зөв менежмент, зөв бодлогоор удирдаж, өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэдгийг дэлхий, Казакстаны иргэд хүлээн зөвшөөрсөн. Казакстан улс дэлхийн тавцанд тоглогч болоход Назарбаевын гар дахь хөзөр нефть байсан. Тэр хөзөр дэлгэх цагт зөв тоглогч байж чадсан нь өнөөдрийн Казакстанаар дүгнэж болохоор.

Гэхдээ Назарбаев бүгдийг хийж бүтээсэн гэхээс илүү Норвеги улсын туршлагыг нутагшуулсан. Ялангуяа байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Норвегийн Баялгийн санг хуулбарласан. Ингэж тэр дэлхийн зах зээл дээрх нефть, уран, байгалийн хийн том тоглогч болж, улсынхаа ард иргэдийг орлоготой, ажилтай болгож чадсан. Баялгийн сан бол бидний хувьд шинэ зүйл биш. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд яригдаж буй асуудал. Биднийг баялгийн сантай болно, болохгүй гэж маргалдах зуур баялгийн сангаа зөв удирдсан тэд урагшаа том алхалж, том амбицтай улс болж байна. Казакстан улсад дундаж давхарга, баячууд гэсэн зиндаа бий. Ядуучууд гэх ойлголт энэ улсад байхгүй гэхэд болно. Ажилгүй байсан ч тэтгэмжээ аваад амьдраад байх боломж нь бий. Астана хот 1,2 сая хүн амтай.

Ирээдүйд хадгалсан сангийн хөрөнгө нь 72 миллиард ам.долларт хүрчээ

Казакстан улсад маш олон баялгийн сан бий. Үүнээс хамгийн том нь “Самрук-Казына” гэх сан. Энэ сангийн удирдах зөвлөлийн даргаар тус улсын Ерөнхий сайд ажилладаг. “Самрук-Казына” сан дотоодын аж ахуй нэгж, компаниудад хөрөнгө оруулалт хийдэг гол хөдөлгөгч нь. Казакстаны компаниуд 51-100 хувийн төрийн эзэмшилтэй байдаг учраас хөрөнгө оруулалтыг баялгийн сангаасаа хийдэг. Ингэснээр дотоодын аж ахуй нэгжийн үйл ажиллагаа идэвхтэй, тогтмол байх, ажлын байр хадгалагдах боломжийг бий болгодог. Цалин, орлого тогтмол, өндөр учраас иргэдийн худалдан авах чадвар ч өндөр. Түүнээс гадна Назарбаевын гар хүрдэггүй “Үндэсний сан” гэх нэртэй баялгийн сан бий. Энэ сан бол ирээдүйд хадгалагддаг учраас онцгой тохиолдолд тодорхой хэмжээний мөнгийг нь авч хэрэглэж, тодорхой хугацааны дараа буцаан хийдэг. Албан бус мэдээллээр “Үндэсний сан”-д 72 миллиард ам.доллар хадгалагдсан байдаг гэнэ лээ. Казакстанд ам.доллар өснө, тенге /Казакстаны мөнгөн тэмдэгт бөгөөд 1 тенге 7 төгрөгтэй тэнцэнэ/ суларна гэх ойлголт байхгүй. Учир нь алтаа төр нь худалдан авч, өөрсдөө цэвэршүүлэн хадгалдаг. Хилээр алтаа бараг л гаргадаггүй. Уул уурхайн баялагтай орнууд алтаа дотооддоо цэвэршүүлж, хадгалж долларын нөөцөө бүрдүүлдэг. Монгол Улс өнөөдрийг хүртэл алтаа гадагш нь гаргаж, цэвэршүүлж гулдмай болгоод эргүүлж авчирч хадгалдаг. Үүндээ ч чамгүй мөнгө зарцуулдаг. Тэгвэл сая болж өнгөрсөн Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Казакстан улс алт цэвэршүүлэх үйлдвэрийн ноу хау-гаа Монголд үнэгүй өгөх боломжтой гэдгээ тодотгосон. Хэрэв бид энэ боломжийг ашиглавал дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох бүрэн боломжтой. Гэхдээ яриа хэлэлцээр цаашид үр дүнтэй үргэлжилбэл шүү дээ.

Бид хоорондоо тэмцэлдэж байх хооронд нэг гараанаас эхэлсэн орнуудын хөгжлийн хурд нь цаг хугацаатай уралдаж байна. Харин бид өнөөдөр юутай сууж байна вэ. Мэдээж ардчиллын буянаар олж авсан ололтуудаа үгүйсгэх гэсэнгүй. Ардчилал хөгжсөн орны хувьд Назарбаев “дарангуйлагч”, гэхдээ тэр сайн нь. Нурсултан Назарбаевын улсаас суралцах, авах, тэднийг ашиглах, шүүрээд авах олз их байна. Харин тэр боломжийг ашиглах эсэх нь цаг хугацааны асуудал биз ээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж