Ажил хаялтаас болж галт тэрэгний үйлчилгээ саатав

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Ажил хаялтаас болж галт тэрэгний үйлчилгээ саатав

Ажил хаялтаас болж галт тэрэгний үйлчилгээ саатав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хөдөлмөрийн зах зээлд реформыг эсэргүүцсэн ажил хаялтын улмаас төмөр замын сүлжээний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрчээ.

Француудын “Хар мягмар гариг” хэмээн нэрлэдэг мягмар гаригт эхэлсэн ажил хаялт гурван сарын турш долоо хоног бүрийн хоёр өдөр болох аж. Энэхүү ажил хаялтыг Францын төмөр замын үндэсний компани “SNCF”-ийн ажилчид удирдаж байгаа хэдий ч эрчим хүч, тохижилт үйлчилгээний ажилтнууд ч мөн хамрагдсан байна. Төмөр замын сүлжээнээс эхэлсэн энэхүү ажил хаялт өнгөрсөн оны тавдугаар сард тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макроны хувьд анхны томоохон сорилт болж буй ажээ.

Үйлдвэрчний эвлэлүүд Макроны реформ өрөндөө баригдсан төмөр замын үндэсний сүлжээг хувьчлахын эхлэл гэж үзэж байгаа юм.

Харин Францын Ерөнхий сайд Эдуард Филиппе үйлдвэрчний эвлэлүүдийн санааг үгүйсгэж, их хэмжээний өртэй төмөр замын сүлжээг хувьчлахгүй гэж мэдэгдсэн юм.  Мягмар гаригийн ажил хаялтын улмаас хурдны галт тэрэгний 87 хувь, орон нутгийн галт тэрэгний 80 хувь нь үйлчилгээгээ түр цуцалсан гэж Францын төмөр замын үндэсний сүлжээнээс мэдэгдсэн байна.

Евростар үйлчилгээ ч мөн саатсан бөгөөд Парис хотын галт тэрэгний дөрвөн үйлчилгээний нэг нь бас саатжээ. Ажилчид Макроны хөдөлмөрийн зах зээлийн  реформ, тэр дундаа төмөр замын үйлчилгээнд өрсөлдөөн бий болгохыг эсэргүүцэж байгаа ажээ. Гэвч энэхүү ажил хаялтын асуудлаар иргэдийн санал хуваагдаад байна. Бизнес эрхлэгчид болон эдийн засагчид реформ явуулахыг дэмжиж байгаа боловч үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэж байгаа юм. Ажил  хаялтын улмаас Макроны рейтинг анх удаа унасан гэнэ.

Ням гаригт явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр санал хураалтад оролцогчдын 51 хувь нь хөдөлмөрийн зах зээлд реформ явуулахыг дэмжжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж