Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Өчигдөр Засгийн газрын ээл­жит хуралдаанаар Төрийн нарийн бичгийн даргагүй, үүрэг гүй­цэт­гэгчтэй өнөөг хүрсэн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг ”эзэнтэй” болгов. Гэхдээ Төрийн нарийнаар дагнан ажилладаг, нэг яамнаас нөгөө яам руу “шилжиж” явдаг дархлагдсан хүмүүсээс энэ удаагийн томилгоо холуур өрнөв. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томилов. Тэрбээр  1976 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирд­лагын газарт атташе, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, БСШУ-ны сайдын зөвлөх, Швейцарийн хөгжлийн агентлагт төслийн менежер, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Хэдийгээр нийгэмд төдийлөн танил болж амжаагүй, “шинэ” хүн боловч одоо очиж буй суудал нь улс төрийн албан тушаал болохоор дээрээс “мотордсон” томилгоо гэх хүн  ч байна. Өөрөөр хэлбэл улс төрийн тодорхой хүрээнд “танигдсан”, ар тал сайтай нэгэн байж магадгүй гэсэн үг. Өнгөрсөн хавраас хойш Төрийн албаны зөвлөлд уг албан тушаалыг “сонирхож” олон хүн материалаа өгснөөс Д.Далайжаргал хэмээх энэ залууг Засгийн газрын хуралдаанаар ийн батламжиллаа.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж