ОХУ-аас худалдаж авсан вагонууд тээврийн үр ашгаа өгч байна | News.MN

ОХУ-аас худалдаж авсан вагонууд тээврийн үр ашгаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

ОХУ-аас худалдаж авсан вагонууд тээврийн үр ашгаа өгч байна

ОХУ-аас худалдаж авсан вагонууд тээврийн үр ашгаа өгч байна

2017 онд уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээл дээр тогтвортой өндөр байсан нь УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс өсөхөд нөлөөлсөн юм. Өдөр тутам тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй, шуурхай хангахын тулд ачааны вагон нэмж авах зайлшгүй шаардлага бий болсон юм. Учир нь нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн захиалга маш их хэмжээгээр ирж, өдөр тутам 400-500 вагон дутагдаж байлаа.

Энэ байдалд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороо дүгнэлт хийж, тээврийн хэрэгцээ,санхүүгийн боломждоо нийцүүлэн ОХУ-д ашиглаж байсан хямд үнэтэй 1000  вагон худалдаж авахыг зөвшөөрсөн юм. Үүний дагуу худалдаж авсан 500 гаруй вагонд шаардлагатай засвар үйлчилгээг хийж, өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсээс тээвэрт ашиглаж эхэлснээс хойш ердөө таван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд эдгээр вагонуудын нилээд нь  худалдаж авсан өртөг зардлаа нөхөж, ашигтай ажиллаж эхэлжээ. ОХУ-д ашиглаж байсан 500 гаруй вагоныг худалдан авч засвар үйлчилгээ хийхэд нийтдээ 15 шахам тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд эдгээр вагонууд нь 5 сарын дотор 10 тэрбум гаруй төгрөгийн орлого олжээ. Одоо дахиад нэг сар тээвэрт ашиглахад худалдаж авсан өртөг зардлаа бүрэн нөхөх тооцоотой байна. Эдгээр вагонуудыг цаашдаа нилээд хэдэн жил ашиглах бөгөөд энэ хугацаанд чамгүй их ашгийг УБТЗ-д оруулах юм. Орос болон Хятадад шинэ вагоны үнэ 50-80 мянган долларын үнэтэй байдаг бөгөөд “УБТЗ” ХНН, ОХУ-д ашиглаж байсан эдгээр вагоныг нэг бүрийг нь дунджаар 11 мянган доллараар худалдан авч, богино хугацаанд зардлаа нөхөж, тээврийн орлогоо нэмэгдүүлэх тооцоотой ажилласан юм. Эдгээр 540 шахам вагоныг худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнийхээ паркийг нэмэгдүүлсний хүчинд “УБТЗ” ХНН өнгөрсөн онд 22,8 сая тонн ачаа тээж түүхэндээ байгаагүй амжилт гаргажээ. Үүний ачаар тус нийгэмлэгийн тээврийн орлого өсч, төмөр замчдын цалин 10 хувиар нэмэгдэж, жилийн эцсийн үр дүнгийн шагналыг нь 200 хувиар бодож олгосон юм. “УБТЗ” ХНН энэ жил 25 сая тонн ачаа тээх зорилттой ажиллаж байна. Ийнхүү “”УБТЗ” ХНН өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангахад дорвитой хувь нэмрээ оруулсаар байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж