"Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

"Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх ёстой"

"Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх ёстой"

Залуусын дундах бэлгийн замын халдвар аюулын харанга дэлдэж байна. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогосхонтой энэ талаар ярилцлаа.  

-Өнгөрсөн жил бэлгийн замын халдвар авсан иргэдийн 42 хувийг 15-24 насныхан эзэлж байсан. Он гарсаар энэ байдал ямар байна вэ?

-2018 он гарснаар эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замын халдварын 1333 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдлыг насаар нь ангилаагүй байна. Ямартай ч энэ нь нийт халдварын 29.4 хувийг эзэлж байна. Мөн эхний хоёр сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн хоёр тохиолдол, ХДХВ, ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Монголд өнөөдрийн байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 252 тохиолдол бүртгэгдсэний 41 нь нас бараад байна. Ерөнхийдөө ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 73.2 хувь нь 20-39 насныхан байна. Харин зонхилон тохиолдох бэлгийн замын өвчлөл 15-29 насныхны дунд өндөр байна.

-Залуусын дунд бэлгийн замын халдвар их байгаа нь юутай холбоотой вэ?

Эрүүл мэндийн боловсрол нимгэн, эрүүл зан үйл, урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг байдагтай холбоотой.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар залууст зөвлөхгүй юү?

Бэлгийн замын халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос л бэлгийн замын халдвар авч байгаа юм. Халдвар авах эсэх нь хувь хүнээс бүрэн шалтгаална. Бэлгийн замын халдвар авахгүй байх эсэх нь таны гарт байгаа. Тиймээс тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, гэр бүлээс гадуурх бэлгийн хавьтлаас  зайлсхийх ёстой. Хосууд бие биедээ үнэнч байх хэрэгтэй. Бэлгэвчийг зөв хэрэглэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хэрэгтэй.

-Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй байх?

-Тийм ээ, 19-өөс дээш насны иргэн жилд нэгээс дээш хугацаанд бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ, үзлэгт хамрагдах хэрэгтэй.  Тохиолдлын бэлгийн харьцаанд орсон тохиолдолд өвчин илэрсэн ч илрээгүй ч шинжилгээнд  тогтмол хамрагдах хэрэгтэй. Нууц хугацаанд шинжилгээ өгснөөс өвчин илрээгүй байж болно. Тодорхой хугацааны дараа дахин шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.  Хэрэв өвчин илэрвэл хавьтагчийнхаа хамт заавал дахин шинжилгээнд хамруулж, эмчлүүлэх хэрэгтэй. Хосууд эмчилгээ хийлгэж байх үедээ бэлгийн хавьталд орохгүй байх хэрэгтэй. Эмчилгээ дууссаны дараа л бэлгийн харьцаанд орж болно.

-Бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх тал дээр залуусын гаргадаг нийтлэг алдаа юу байна вэ?

-Тийм зовир илэрвэл ийм эм уудаг гэж найз хэлсэн гээд дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Үүсгэгчийн эсрэг, зориулалтын эм л бэлгийн замын халдвар эдгээнэ. Өөр төрлийн эм нь эмэнд тэсвэртэй нян үүсгэх аюултай. Бэлгийн замын халдвар маш олон үүсгэгчтэй. 30 орчим үүсгэгчийн эсрэг эмчилгээ ч мөн өөр байдаг юм. Тиймээс заавал шинжилгээ өгч, эмчид хандах хэрэгтэй.  

-Бэлгийн замын халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хэвийн бус ялгадас гарна, бэлэг эрхтэн орчимд загатнана, улайна, хорсоно, бэлэг эрхтэн дээр яр, шарх, тууралт гарна, бэлгийн хавьтлын үед өвдөнө, эвгүй үнэр гарна.

-Залуусын бэлгийн боловсролыг сайжруулах тал дээр эрүүл мэндийн салбар ямар ажил хийж байна вэ?

-Бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн салбарын ажилчид төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа чухал байгаа. Тиймээс нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс аж ахуйн нэгж, албан байгууллагууд албан хаагчдаа жилд нэгээс доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй байна. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчилсөн хойноо эмнэлэгт ханддаг биш өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг, амьдралын эрүүл зөв  хэв маягийг  төлөвшүүлэх хэрэгтэй байгаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг оруулах хэрэгтэй. Мөн бэлгийн боловсролын талаар мэдлэгтэй ч мэдлэгээ дадал, хэвшил болгохгүй байх нь бий. Тиймээс хүүхдийг багаас нь зөв дадал хэвшилтэй болгох, эрүүл мэндийн хичээлийг нас насанд тохирсон байдлаар оруулах хэрэгтэй. Ерөнхий боловсролын 900-гаас дээш сурагчтай сургууль их эмчийн оронтоотой байх ёстой. Эмч сурагчдад энэ чиглэлийн хичээлийг орвол илүү үр дүнтэй байдаг.

Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх газрууд 

Р.Ренчиндулам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж