Бүтээн байгуулалтаа дэмжье

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтаа дэмжье

Бүтээн байгуулалтаа дэмжье

Урин дулаан цаг ирж, нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Нийслэлийн авто замын газраас хийсэн мэдээллээр бол энэ жил нийт 33.8 км авто зам, 3185 метр урттай гүүр барина. Төвлөрлийг сааруулахын тулд хотыг тэлдэг бол түгжрэлийг сааруулахын тулд авто замаа өргөтгөж, гүүрэн гарц тавьдаг нь аль ч улсад хийдэг л ажлын нэг. Харамсалтай нь, нийслэлчүүд “Хот юу ч хийхгүй байна” гэж шүүмжлэх хэрнээ ажил эхлэх болоход “Тэгж ч зам хааж болохгүй, ингэж ч дугаарын хязгаарлалт хийж болохгүй. Гүүрэн гарц хоцрогдсон” гэх зэргээр цэцэрхлээ.

Жишээ татвал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барихаар төлөвлөснийг бултаараа шахам эсэргүүцэв.

Ердөө 700 мянган хүн амьдрахаар анхнаасаа төлөвлөж байгуулсан хотын авто зам ямар даацтай билээ гэдгийг хэн хүнгүй л мэдэх учиртай. Боломжоороо өргөтгөсөөр эцэс сүүлдээ газаргүй болсон тул арга ядаад гүүрэн гарц барихаас өөр аргагүй болсон. Гэтэл гүүр барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээс аргагүй болж байна гэдгээ учирлангуут нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээсээ эхлээд үнэтэй хаусыг нь буулгах дайны юм болж, эсэргүүцэцгээв. Ийм байхад нийслэлд яаж бүтээн байгуулалт хийж, аюулгүй тохилог орчинд амьдардаг болох юм бэ?. 

Өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн хамгийн хоцрогдсон нийслэл болчихоод байгаа нь оршин суугчид бидний л буруу юм. Хөдөөнөөс ирсэн нэгнээ орк гэж дуудах ч тэднээсээ дээрдэх юмгүй. Хаа ч хамаагүй нус цэрээ нийнэ, хогоо хаяна, морь харна. Гарцгүй газраар гүйнэ, улаан гэрлээр гарах гэж зүтгэнэ.

За тэгээд машин жолоодож явбал явган зорчигчоо ч хүндлэхгүй, ногоон гэрлээр гарах гэж зүтгэнэ. Бие, биентэйгээ замаа булаацалдаж, машиныхаа дохиог чангаар дуугаргаж, давхилдана. Замын хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаагаа “ерөөнө”. Ажил хийх гэж байгаа нэгнээ адална.

Өмнө нь Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүл даргыг ажиллаж байхад ч ийм л араншин гаргацгаасан. Гэр хорооллоо барилгажуулна, уулзваруудаа өртгөнө, гол замуудад гүүр тавина гэхэд элдвээр л хэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээг цахим болгоно гэхэд бас л эсэргүүцсэн.

Харин өнөөдөр өдий төдий айл хашааны газраа гурваас дөрвөн өрөө байраар сольж, тохилог орон сууцанд орчихсон амьдарцгааж байна. Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд картаа уншуулаад хэвшчихэж. Өмнө нь автобус болгон кондуктортой, өнөөдүүл нь мөнгө сааж байна гэдэг хардлагатай явсан бол автобус компаниудын алдагдал буурсан байна. 

Улаанбаатар хот өмхий хот боллоо гэцгээх. Төв цэвэрлэх байгууламжийн үнэр танар найгаа алдсан нь үнэн ч гэр хорооллыг барилгажуулахгүйгээр нийслэл өмхий үнэрээсээ салахгүй. Харамсалтай нь, энэ ажлыг дэмжиж байгаа нь бас л цөөн.

Зуун айлын барилгын материалын дэлгүүрүүдийг хотоос гаргана, Дэнжийн мянгын захыг хаана гэхэд бас л эсэргүүцэж байна.

Энүүхэндээ гэж хэлэхэд улсынхаа нийслэлд малын гоц халдварт өвчинтэй хот дэлхийд ганцхан Улаанбаатар л байна. Хэдий болтол үйлдвэрийн бус аргаар боловсруулсан мах идэж, сургууль, цэцэрлэгтээ хүртэл “шахаж” суух юм бэ?. Тэгээд бас махаа экспортолсонгүй гээд шүүмжлээд байгаа. Одоо ажил хийх гэснээ адалдгаа больцгооё, дэмжье. 

Монголын зун богино. Хавар, зун, намартаа багтаад бүтээн байгуулалтын ажлаа урагшлуулахгүй бол нэг л мэдэхэд цас хаялж өвөл ирнэ. Хэрэв өнөөдрийнх шигээ ийм араншингаар эсэргүүцсээр байвал ажил урагшлахгүй. Арван жилийн дараа ч нийслэлчүүд өмхий хот дотроо амьдарч л байх болно. Тэр хэрээр хөршүүдээсээ бид хөгжлөөр хэдэн зуунаар хоцорч ганц хийдэг ажил нь хэрүүл л болж хувирах вий.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж