Учир нь, өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван ч компани Цөмийн энергийн газарт Техник, эдийн засгийн үндэслэлээ хүргүүлээд байгаа аж. Францын “Арева” группын тухайд дэлхийн ураны салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдгийн зэрэгцээ манай улсын Цөмийн энергийн тухай хуулийг хүлээн зөвшөөрсөн нэр хүндтэй харилцагч. Энэ ч утгаараа Дорноговь аймгийн Сайншандын ай савд багтдаг төслөө эрчимжүүлж, 14 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Мөн “Монголоос уран олборлох, цаашлаад шар кекс хэлбэрээр экспортлох боломжтой” хэмээн үзэж буй бөгөөд энэ дагуудаа Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан байна.
Харин Хятадын төрийн мэдлийн “CNNC” интернейшнлийн тухайд Канадын хөрөнгө оруулалттай “Western prospector” компанийн хайгуулын лицензийг нь эзэмшиж байсан Гурван булагийн ураны ордыг мэдэлдээ аваад удаж байгаа. Гэхдээ мэдээж бүрэн утгаар нь эзэмших бус хайгуулын лицензийг нь эзэмшиж буй гэсэн үг. Тус компанийн тухайд өмнө нь “Хан ресурс”-ын хувьцааг худалдаж авах санал тавьж байсан ч манай талаас Цөмийн энергийн газар “Тус компанид хайгуулын болоод олборлолтын лиценз байхгүй” гэж мэдэгдсэнээр сонирхлоо зогсоосон юм.
Гэсэн ч Гурван булагийн ураны ордын лицензийг эзэмшихийн тулд “Western prospector” хувьцааг Торонтогийн хөрөнгийн бирж дээрээс худалдан авч, өдгөө Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад байгаа аж. Тус орд нь 8.57 мянган тоннын нөөцтэй бөгөөд нөөцийнхээ хэмжээгээр манайд хоёрдугаарт бичигддэг орд юм. Цөмийн энергийн газраас дээрх хоёр ордын Техник, эдийн засгийн үндэслэлийг баталж, үйл ажиллагааг нь эрчимжүүлснээр Монголын ураны салбар урагшаа хөдлөх цаг ойртом мэдэх нь ээ.
"Улс төрийн тойм" сонин