Турк, Иран, Армен татгалзаж, Монголын баг оролцохоор болов

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Турк, Иран, Армен татгалзаж, Монголын баг оролцохоор болов

Турк, Иран, Армен татгалзаж, Монголын баг оролцохоор болов

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж Япон, БНХАУ-ын баг алт, мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээнээс манай бүсгүйчүүд АНУ-ын хүчирхэг багийг 6:4 онооны харьцаагаар хожиж, Дэлхийн цомоос хүрэл медальтай ирсэн юм.

Тэгвэл өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй баг АНУ-ыг зорилоо. Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар оролцохоор болжээ.

Манай эрчүүд сүүлийн таван жил дараалан зөвхөн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомд зодоглох гэж байна. Хэдийгээр өнгөрсөн онд Парист болсон ДАШТ-д 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж, Монголын баг XI байр эзэлсэн ч энэ удаа оролцох боломжтой болсон юм. Учир нь Турк, Иран, Армен улсын шигшээ баг АНУ-д очих боломжгүй болсноор Монголын багт эрх ирсэн билээ.  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно.

2017 оны ДАШТ-д IV байр эзэлсэн Туркийн шигшээ баг санхүүгийн хүндрэлээс болж АНУ-ыг зорих боломжгүй болж, IX байр эзэлсэн Иранд санал тавьсан ч сонгомол бөхийн Дэлхийн цомын тэмцээн болж байгаатай холбогдуулан очихоо татгалзжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай урд орсон Армены шигшээ багт санал тавьсан ч татгалзсанаар манай эрчүүд оролцох боломжтой болсон юм.

Сочид ОХУ-ын шигшээ багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн манай бөхчүүдээ тэндээсээ АНУ-ыг зорьсон бол үлдсэн нь өнөөдөр нислээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд

  • 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр
  • 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга
  • 65 кг-д Б.Батмагнай
  • 70 кг-д С.Ганбаяр
  • 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран
  • 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү
  • 86 кг-д О.Үйтүмэн
  • 92 кг-д Л.Төртогтох
  • 97 кг-д Ө.Батзул
  • 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон.

Эндээс 70 кг-ын жинд АНУ-ын Мэриландын их сургуульд дасгалжуулагчаар ажилладаг, спортын мастер С.Ганбаяр, хэдхэн хоногийн өмнө Билл Фарреллийн Олон улсын тэмцээнд 79 кг-д зодоглосон ОУХМ Г.Идэрхүү нар тэндээсээ багийнхантайгаа нэгдэхээр болжээ.

Дэлхийн цомд шилдэг найман баг оролцохоос “В” хэсэгт багтсан ОХУ-ын багт тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас виз олгоогүй байгаа юм. Тиймээс энэ удаагийн Дэлхийн цомыг хойд хөршийн баг өнжих магадгүй болжээ.

Манай эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургадугаар байрт шалгарч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж