Хуулиа чангаруулсан ч бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг онц ноцтой гэмт хэргүүд үйлдэгдсэн хэвээр байна. Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайланд тусгагдсанаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тиймээс хүүхдийн хүчирхийлэл ямар түвшинд байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай цөөн хором ярилцлаа.
-Өнгөрсөн онд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэчнээн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бэ?
–Цагдаагийн байгууллагад 2017 онд иргэнээс 455 мянган дуудлага мэдээлэл ирсэн. Үүний 32 мянга нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага ирсэн байдаг. Хүчирхийлэл гэдэг нь олон янз л даа. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэдэг нь ялгаатай. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийг бэлгийн, бие махбодын, сэтгэл санааны, гэж ангилдаг. Дээр дурдсанчлан 2017 онд 32 мянган гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн. Үүний 30 орчим хувь нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг эзэлсэн. Эдгээр хэргийн хохирогчид нь ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Статистик мэдээллээс харахад хохирогчдын тоо буурахгүй хэвээр байх юм. Гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нөхцөл нь юу вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаанаас болж үүсэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүс тэр болгон согтуу байдаггүй. Эрүүл ухаантай байсан ч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүс байна. Тэгэхээр бага наснаасаа суурь хүмүүжил нь төлөвшөөгүй, гэр бүл гэдгийг сайн ойлгоогүй хүмүүс ямар нэгэн зөрчилдөөн үүсэхэд хүчирхийлэл үйлдэж байгаа юм. Эцэг эх байна гэдэг чинь үүрэг хариуцлагын асуудал. Гэр бүлийн хүчирхийлэлд хохирч, холбогдож байгаа иргэд маань ихэвчлэн архины хамааралтай, тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үүсэхэд нийгмийн хүчин зүйлс ч бас нөлөөлж байна.
Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болдог
-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсанаар хүчирхийлэл тодорхой хэмжээнд буурсан уу? Бодит байдал дээр ямархуу байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хэмжээгээр буурсан. Өмнө нь хөрш айлынх нь эхнэр, нөхөр муудалцаж байхад оролцоод яах вэ дээ гэдэг байдлаар ханддаг хүмүүс олон байлаа шүү дээ. Одоо бол гэр бүлийн хүчирхийллийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэж, цаашлаад мэдээлдэг болсон байна. Нөгөөтэйгүүр, иргэдийн ухамсар өөрчлөгдөж байна. Өнөөдрийн нийгэмд ганцаараа сайхан амьдрах биш, нийтээрээ хүчирхийллийг таслан зогсоож байж ирээдүйд үр хүүхдийнх амьдрал сайхан болно гэдгийг ухамсарладаг болчихсон. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нээлттэй ярьж, өсөн торниж буй хүүхдээ зөв хүн болгож нийгэмшүүлэх хэрэгтэй. Бид хаана ч явсан гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нэг нэгэндээ хэлж, зөвшилцөж байх хэрэгтэй л дээ. Амьдралд хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд маань ажил гэсээр үр хүүхдүүдээ умартчихдаг. Тиймээс үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж зөв хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эхийн оролцоо нэн чухал.
-Өнгөрсөн жил хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг нээгдсэн. Энэ тасаг нээгдсэнээр хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг буурсан уу?
-Оны өмнөхөн ЦЕГ-ын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг байгуулсан. Одоо орон нутгийн цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийллээс хүүхдийг урьдчилан сэргийлэх мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр хүмүүс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Одоогийн байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллийг аваад үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 40 хувиар буурсан. Нэг л улирлын дотор буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ бол боломжтой, эерэг дүр зураг харагдаж байна. Монгол хүүхдийн хүмүүжил тийм ч доройтоогүй байна.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн амьдралд нь асар их хор хохирол учирдаг
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал хурцаар яригдах боллоо. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг өссөн хандлагатай байна уу?
-Сүүлийн таван жилийн байдлаар цагдаагийн байгууллага олон судалгаа хийсэн. Дүгнэлт хийгээд үзэхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд өсөн нэмэгдсэн хандлагатай байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхээ дэргэд архидан согтуурдаг. Энэ үед гэрт нь хамт архидан согтуурсан хүмүүс хүүхдийг нь хүчирхийлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг эрсдэлт нөхцөл байдалд оруулж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрхийг хамгаалах эрхтэй. Мөн гэр бүл салалт ихэссэнтэй холбоотой хойд эцэг, ураг садны хүчирхийлэл үйлдэгдэж байна. Үүнээс гадна хүүхэд, залуус цахим ертөнцөд ямар нэгэн шүүлтүүргүйгээр мэдээллийг хүлээн авч байна. Эдгээр янз бүрийн мэдээллээр дамжуулж гэмт хэрэг үйлдэх сэдлийг бий болгож байгаа юм.
-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар ял шийтгэл оноодог вэ?
-Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Хамгийн доод талын ялын санкци нь 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн.
-Хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хохирогчийг хамгаалах асуудлаар цагдаагийн байгууллагаас ямар ажил зохион байгуулж байна вэ?
–Цагдаагийн байгууллагад хохирогчийг чадавхжуулах, мэдээлэл авах нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. Аль болох илрүүлэх, олж тогтоох бүхий л ажлыг хийж байна. Гагцхүү эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, эрх зүйн мэдлэггүй байдал энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Жишээлбэл 14 орчим насны хүүхэд ирж буй мэдээллийг эрэмбэлж чадахгүй бүгдийг хүлээж авдаг. Тэгэхээр үүрэн телефоны операторуудтай хамтран хүүхдийн дугаар бий болгоё гэж ярилцаж байна. Одоогоор төлөвлөгөө гаргачихсан ажиллаж байгаа.
-Гэмт хэрэг үйлдэгдэж буй орчин нөхцөлийг дүгнэхэд ихэвчлэн хаана үйлдэгдэж байна вэ?
–Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 60 хувь хөдөө орон нутагт, 40 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргүүд нь ихэвчлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт үйлдэгдэж байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Э.АРИУН