Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

“Бөмбөг тэслэгч”

“Бөмбөг тэслэгч”

Жон Болтон НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “Нью Йорк дахь НҮБ-ын 38 давхар төв оффисыг 10 давхраар багасгах нь том өөрчлөлт биш” хэмээн тохуурхсан нь дипломат харилцаанд урьд хожид дуулдаагүй дипломат бус үйлдэлд тооцогдсон билээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөөр томилсныг хүмүүс янз бүрээр хүлээж авсан юм. 

Өдгөө 69 настай Жон Болтон сүүлийн 30 гаруй жил Вашингтонд дээгүүр алба хашсан.

Мэтгэлцээнд хэзээ ч ялагдаж үзээгүй, шулуун үг хэлтэй Жон Болтон Бүгд найрамдах намын угшилтай гурван ерөнхийлөгчийн үед АНУ-ын төрийн департаментад дээгүүр алба хашсан билээ. Гэхдээ түүний үзэл бодол заримдаа АНУ-ын улс төрийн гол чиг хандлагаас хазайх тохиолдол гарч байсан. Тухайлбал, НҮБ-ын талаарх түүний хатуу байр суурь олны эгдүүцлийг төрүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын гадаад бодлоготой холбоотой Жон Болтоны үзэл баримтлал хэрхэн шуугиан тарьж, хэвлэлийн хуудсанд бичигдэж байсныг эргэн сануулъя. 

‘Хойд Солонгосын төгсгөл’

Энэ сарын 9-нд Цагаан ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн ажлаа хүлээж авахаар бэлтгэж буй Жон Болтоны томилгоо Трамп, Ким Жон Уны дээд хэмжээний уулзалттай давхцаж байгаа нь олон хүний санааг зовоож байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авч, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар яриа хэлэлцээ явуулахаар тохиролцсон юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг ирэх сард болно гэж таамаглаж байгаа билээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх генерал МакМастерын оронд очиж буй Жон Болтон цөмийн асуудлаарх дипломат яриа хэлэлцээ амжилт олохгүй бол Хойд Солонгосын аюул заналхийллийг цэрэг дайны аргаар шийдэхийг Трампт ятгаж буй. Учир нь тэрбээр Хойд Солонгосын асуудлаар эртнээс хатуу байр суурьтай байсан. 2003 онд Жорж Бушийн үед Төрийн департаментад ажиллаж байхдаа Жон Болтон “Хойд Солонгост амьдрал бол там” хэмээгээд Ким Жон Илийг дарангуйлагч хэмээн цоллосон билээ.

Түүний энэ мэдэгдэл Бушийн үеийн Төрийн департамент, Хойд Солонгосын хоорондох яриа хэлэлцээнд хүндрэл үүсгэж, Пхеньяны зүгээс түүнийг цус сорогч өөдгүй амьтан хэмээн шүүмжилсэн. АНУ Иракт дайн эхлүүлсэн тэр жил Жон Болтон Иран, Сири, Хойд Солонгост цэргийн үйл ажиллагаа явуулахыг уриалж байсан билээ.

2002 онд “Нью Йорк Таймс”-ын сэтгүүлч Жон Болтоноос Бушийн засаг захиргаанаас Хойд Солонгосын талаар явуулж буй бодлогын талаар асуухад тэрбээр ширээн дээрх “Хойд Солонгосын төгсгөл” хэмээн гарчигтай номыг зааж “Энэ бол манай бодлого” хэмээн хариулсан гэдэг. Түүнээс хойш Хойд Солонгосын талаарх Жон Болтоны байр суурь огт өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн сард тэрбээр Уолл Стрийт сэтгүүлд Хойд Солонгост цохилт өгөх тухай нийтлэл гаргасан.

“НҮБ”-ыг эсэргүүцэгч

Трампын адилаар Жон Болтон НҮБ-ын эсрэг байр суурьтай явж ирсэн. 1994 онд Болтоны нэгэн мэдэгдэл шуугиан тарьсан. Тэрбээр “Нью Йорк дахь НҮБ-ын төв байр 38 давхартай. Барилгаас 10 давхар нураалаа гэхэд ямар ч онцын өөрчлөлт гарахгүй. НҮБ гэж огт байхгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Тэр үед Билл Клинтон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, Болтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын суудлаас дөнгөж огцроод байсан үе билээ.

Бөмбөг тэслэгч

Жон Болтоныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилсон нь 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрт саад учирна гэж ажиглагчид хэлж байгаа юм. Учир нь Болтон болон Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Майк Помпео нар Барак Обамагийн үед байгуулсан энэхүү хэлэлцээрийг эсэргүүцдэг хүмүүс билээ.

Сүүлийн 14 сарын хугацаанд томилогдож буй Трампын гуравдахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ерөнхийлөгчийн дипломат хэлэлцээрүүдийг бодлогогүй, сул хэмээн хэдийн ятгаж эхэлсэн аж. Олон улсын шинжээчдийн болгоомжилж буй зүйл бол Трамп, Болтон нар ямар бөмбөг тэслэх бол гэдэг таамаглал.

Массачусетс мужийн Сенатор Эдвард Марки твиттертээ Болтоныг АНУ-Ираны дайныг улстөржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн хэмээгээд “Иймэрхүү цусанд дуртай хүмүүст дахин боломж олгож болохгүй” гэжээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Кондолиза Райс болон Бушийн засаг захиргаанд байсан туршлагатай улс төрчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд Болтоныг томилж болохгүй талаар анхааруулж байсан гэдэг.

“АНУ-аас өөр улс оронд байсан бол Болтоныг Иракын дайны үед өдүүлсэн хэргийнх нь төлөө баривчлах байсан. Харин солиотой, зальт этгээдийг ерөнхийлөгчөөр сонгосон АНУ шиг оронд түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилдог” хэмээн олон улсын ажиглагчид бичжээ.

Жон Болтон, Стив Бэннон, Осама Бин Ладен, Абу Бакр Аль-Багдади шиг аюултай, солиотой этгээдүүд бол нэг нэгнийхээ хоолойг хэрчихэд бэлэн Христ, Исламын шашны туйлшрагчид. Хэт туйлшралд автсан эдгээр солиотнууд  зорилгодоо хүрэхийн тулд хүн төрөлхтний хувь заяагаар дэнчин тавихад ч бэлэн” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж