Өсвөрийн сагсчид Герман, Нидерланд зэрэг орныг хожив

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид Герман, Нидерланд зэрэг орныг хожив

Өсвөрийн сагсчид Герман, Нидерланд зэрэг орныг хожив

FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор зохион байгуулагддаг өсвөрийн тэмцээний нэг бол “International Eastern Cup” тэмцээн юм. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Берлин хотод жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн тус тэмцээнд сүүлийн жилүүдэд Монголын өсвөрийн сагсчид амжилттай оролцож, аваргын алтан медалийг ангилал бүрд авдаг болсон. Энэ жилийн тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болж АНУ, Австрали, Норвеги, Энэтхэг, Турк, Франц, Монгол зэрэг 20 гаруй орны өсвөрийн тамирчид оролцлоо. Энэхүү тэмцээн өсвөрийн тамирчдын өрсөлдөөнөөс гадна тэргэнцэртэй иргэдийн дунд болдгоороо онцлог юм.

Монголын баг энэ жил хөвгүүдийн U13, U14, U15, U16, охидын U14, U15 гэсэн ангилалд нийт долоон баг оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Хэсгийн тоглолтоос эхлэн хүчтэй багтай таарч байсан ч ур чадвараа харуулсаар гурван ч баг финалд үлдэж чадсан юм. Тэднээс Монгол 3-р сургуулийн багш Д.Отгонбаатар дасгалжуулагчтай хөвгүүдийн U13 насны баг Германыг 42:31 онооны харьцаагаар хожиж, багийнхаа медалийн буухиаг эхлүүлсэн юм. Тус насны ангилалд шилдэг тоглогчоор Т.Тэмүүлэн нэрлэгдсэн.

Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны эрэгтэй нэгдүгээр шигшээ баг Нидерландын шигшээг хожиж, түрүүлснээс гадна шилдэг тоглогчоор Г.Дөлгөөн тодорсон. Мөн Б.Өлзийбат дасгалжуулагчтай хөвгүүдийн U14 насны баг аваргын төлөө АНУ-ын багтай өрсөлдөж, эцсийн мөчид ялагдсан юм. Тус насны ангилалд шилдэг тоглогчоор Т.Тэмүүлэн нэрлэгдсэн.

Охидын багаас U14 насанд өрсөлдсөн Монголын баг хүрэл медаль хүртэж, бусад багууд шагналт дөрөвдүгээр байрт орсон юм.

“International Eastern Cup 2018” олон улсын тэмцээний бүх оддын холын зайн шидэлтийн аваргаар U15 насны багийн тоглогч Л.Мөнхтулга тодорсон.

Ийнхүү хоёр дахь жилдээ оролцсон “International Eastern Cup 2018” тэмцээнээс Монголын баг алт, мөнгө, хүрэл нийт дөрвөн медальтайгаар эх орондоо ирлээ.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ХӨВГҮҮД:

  • Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U13 насны шигшээ баг (АЛТАН медаль)
  • Б.Өлзийбат дасгалжуулагчтай U14 насны шигшээ баг (МӨНГӨН медаль)
  • Г.Ундрах дасгалжуулагчтай U15 насны нэгдүгээр шигшээ баг (АЛТАН медаль)
  • Б.Үүрдсайхан дасгалжуулагчтай U15 насны хоёрдугаар шигшээ баг (IV байр)
  • О.Буянтогтох дасгалжуулагчтай U16 насны шигшээ баг (IV байр)

ОХИД:

  • Б.Саранцэцэг, М.Гэрэлт-од, Д.Тунгалаг дасгалжуулагчтай эмэгтэй U14, U15 насны тус тус оролцсоноос U14 баг хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.eastercup-moabit.de/information/ сайтаас авах бөгөөд фотог https://photos.google.com эндээс үзнэ үү. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж