Сураггүй алга болсон охиноо 24 жилийн дараа олжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон охиноо 24 жилийн дараа олжээ

Сураггүй алга болсон охиноо 24 жилийн дараа олжээ

Хятадад нэгэн эр сураггүй алга болсон охиноо  24 жилийн дараа олжээ.

Ван Минчин уйгагүй эрлийнхээ явцад Чэнду хотод таксины жолоочоор ажилд орж, хэзээ нэгэн цагт охинтойгоо уулзана гэж итгэсээр явжээ.

Харин охин нь эцгийнхээ тухай постыг цахим сүлжээнээс олж уншсанаар энэ оны эхээр түүнтэй холбоо барьжээ. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн энэ түүх Хятадын цахим сүлжээнд бичигдсэнээс хойш удалгүй аав охин хоёр өчигдөр уулзжээ.

Вангийн охин Цифэн гурван настай байхдаа алга болсон ажээ. Ван эхнэртэйгээ гудамжны лангуун дээр жимс худалдаалдаг байсан бөгөөд нэгэн өдөр жимсээ зарж дуустал хажууд тоглож байсан охин нь алга болсон байсан гэнэ.

Тэд охиноо олон жил эрж хайж, сонин, интернет дээр зар тавьсан боловч сураг гараагүй байна. Тэд хэзээ нэгэн өдөр охин нь гэрээ олоод ирнэ гэдэг найдвар тээн, Чэнду хотоос хаашаа ч нүүгээгүй ажээ. Тэд удалгүй дахин нэг охинтой болсон ч сураггүй алга болсон охиноо эргэж ирнэ гэдэг итгэлээ алдаагүй байна.

2015 онд Ван эрлийнхээ хүрээг тэлэхээр шийдэж, такси үйлчилгээний компанид ажилд оржээ.

Тэрбээр машиныхаа арын цонхон дээр охиноо хайж буй тухай зар тавьж, таксигаар үйлчлүүлсэн хүн болгоноос асууж сурагладаг байжээ.

Түүнд охины багын зургаас өөр зураг байхгүй байсан учраас ам зураг гаргуулж зар тавихдаа ашигласан байна.  Түүний энэ арга Хятадын цахим сүлжээнд олон хүний анхаарлыг татсан юм.

Цагдаагийн газар 24 жилийн хугацаанд Цифэнтэй адил хэд хэдэн хүнийг олсон боловч тэдний ДНХ нь таараагүй ажээ. Харин жилийн өмнө цагдаагийн газарт ажилладаг ам зургийн мэргэжилтэн түүнд туслахаар шийдэж, Цифэнтэй нэлээн төстэй зургийг гаргаж өгчээ. Энэ зургийг Ван цахим сүлжээнд тавьжээ. Харин Чэнду хотоос хэдэн мянган км-ийн зайтай Зилинь хотод амьдран суудаг Кан Ин тэрхүү зургийг олж хараад өөртэй нь ямар адилхан хүн бэ гэж боджээ. Бүсгүй Вантай утсаар холбогдсоны дараа ДНХ-н шинжилгээ өгснөөр аав охин хоёр нэг нэгнээ олсон байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж