Талбайн теннисний шинэ од Чон Хён чансаагаа 19-д хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний шинэ од Чон Хён чансаагаа 19-д хүргэлээ

Талбайн теннисний шинэ од Чон Хён чансаагаа 19-д хүргэлээ

БНСУ-ын теннисчин Чон Хён ATP-н шинэчилсэн чансаагаар 19-д бичигдлээ. Тэрбээр 2018 он гарсаар олон шилдэг теннисчдийг хожиж шуугиан тарьсан юм. Оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээнд ОХУ-ын Д.Медведев, Германы А.Зверев болон дэлхийн чансааг тэргүүлж явсан Сербийн алдарт теннисчин Новак Жоковичийг хожиж, шуугиан тарьсан билээ. Тэрбээр тус тэмцээнд 40-д эрэмбэлэгдэн тоглосон.

Чон Хён Австралийн нээлттэй тэмцээнээс хойш Мастерс ангиллын тэмцээнд оролцож, мөн хүчтэй өрсөлдөгдөө хожиж, өөрийгөө харуулж чадсан юм. Хамгийн сүүлд Индиан Уэлльс тэмцээний гуравдугаар тойрогт хашир туршлагатай Чехийн Томаш Бердыхийг хожиж, Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерерт ялагдсан юм.

Чансаа өндөр теннисчдийг хожиж, чансаагаа ахиулж чадсан Чон Хён сүүлийн чансаагаар 19-д бичигдлээ. Тэрбээр өчигдөр ATP-н шинэчилсэн чансааны дараа “Өнөөдөр гайхалтай өдөр байна. Топ 20-т багтсаныг сонсоод сайхан байна. Үнэхээр аз жаргалтай үеийн минь нэг байлаа. Багийнхандаа болон намайг үргэлж дэмжиж байдаг фэнүүддээ баярлалаа” гэсэн байна.

Харааны шилтэй тоглодог Ази тоглогч өдгөө дэлхийн теннисчин болжээ. Тэр хэдийнэ Азид төдийгүй дэлхий дахинд олон сая фэнтэй болсон байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж