Улаан асрын зүүд (100-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (100-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуудугаар бүлэг

АМТАТ ХҮСЭЛ НЬ ЭВДРЭН ШЯН ЛИНТЭЙ ГҮН ӨШӨӨ ЗАНГИДАЖ, АЛС МОРДОХОД ГУНЬЖ БАО ЮЙ ХАГАЦЛЫН ГОМДОЛД УЯРАВ

Өгүүлэх нь: яаран ирээд Жя Жэн, Же Дү түшмэлтэй уулзахаар дотогш ороод удтал хүлээсэн ч цаадах нь гарч ирсэнгүй. Ли Шы эр ч бас гаднаас олигтой сураг сонсоогүй тул албан мэдээнд өгүүлсэн зүйлийг бодоод ихэд сандрав. Жя Жэнг дотроос гарч ирэхэд угтан очоод, гэртээ харих замд нь хүнгүй газар хүрмэгц: “Лао е ороод өдий их удахад ямар чухал хэрэг зөвлөв?” гэж асуусанд цаадах нь инээж:

-Гойдын юм бишээ, далайн хязгаарыг батлан сахих ерөнхийлөн захирагч түшмэл бол энэ Да Рэний садан болох хүн юм. Тэрбээр бичиг ирүүлэн намайг харгалзагтун гэж захисан тул баахан сайхан үг хэлэв. Тэр бас “Одоо бид садан боллоо” гэж байна гэв. Ли Шы эр сонсоод дотроо баярлаж бас зоригоо чангалан Жя Жэнд: “Энэ ургийн хэргийг хүлээн авагтун” гэж хүчлэн ятгав. Жя Жэн, Шюэ Паний хэрэгт холбогдуузай гэж бодовч, гадна бичиг чимээ нэвтрэхгүй, сураглахад бэрх тул албандаа ирмэгц нийслэл хотод хүн илгээж, чимээ авахуулахын дашрамд ерөнхийлөн захирагч түшмэлийн ургийн хэргийг Жя Мүд тодорхойлон мэдүүлж, дуртай бол даруй гутгаар авхайг тушаалын газар авчруулсугай гэв. Гэрийн хүн, зарлигийн ёсоор нийслэл хотноо хүрч Ван Фүрэньд мэдүүлээд бас түшмэлийн зурагнаас сураглавал Жя Жэнд шийтгэлгүй ганц Тай Пин хошууны мэдэгч Лао е тушаалаас огцорчээ. Тийнхүү даруй түргэн мэдүүлэх хуудас бичин Жя Жэнг тохинуулаад чимээ хүлээн суув.

Шюэ Има, хүүгийнхээ хэргийн төлөө энэ яаманд хичнээн их мөнгө зарсан боловч сая ташааран алснаар шийтгүүлсэн билээ. Барьцаалан зээлдэх пүүсийг хүнд худалдан өгч ялаа тайлах гэж бэлтгэж байтал Эрүүгийн зурагнаас гэнэт таслан шийтгэснийг буруутгасан тул бас хүн гуйж нилээд мөнгө сүйтгээд ер тус болсонгүй. Мөнхүү алах ялаар шийтгээд, цаазаар аваачихыг хүлээн хорьжээ. Шюэ Има сандран өрөвдөж өдөр шөнөгүй уйлна. Бао Чай үргэлж ирж хориглон ятгаж:

-Ах ер буянгүй! Өвөг аавын үлдээсэн хөрөнгийг залгамжлаад амар жимэр аж төрвөл зохино. Өмнө байхдаа нэгэнт тамтаггүй болтол үймүүлсэн бөгөөд Шиян Лингийн тэр хэрэг бол аймшигтай юм. Садан төрлийн сүр хүчинд түшиж, баахан мөнгө зоос сүйтгээд сая нэг агийг цохиж алаад дууссан шүү дээ. Ах алдаагаа засаж, төв цэгц хүн болж, ээжийгээ асран тэжээвэл зохих байтал нийслэлд ирээд бас энэ мэтээр аашиллаа. Ээж түүний төлөө хичнээн зовж, хичнээн нулимс урсгасныг мэдэхгүй. Гэргий авч өгөөд бүгдээрээ амар тайван амьдаръя гэхээр түүний заяагаар холбосон хүн нь хэл ам тасрахгүй тул ах арга буюу гадагш зайлж явлаа. Ёстой өстэй хүн өл хөтөл дээр гэдэгчлэн, дэмий хэд хоносонгүй хүний амины хэрэг гаргалаа. Ээж, хоёрдугаар ах хоёр үнэхээр сэтгэлээ гаргалаа. Мөнгө зоос хэрэглэснээс гадна бас энэ тэрийг гуйж арга сүвэгчиллээ. Тэглээ гээд яахав, аргагүй заяа нь тийм юм байлгүй, ингээд үйлийн үрээ өөрөө эдлэх болжээ. Үр хүүхэд өсгөсөн хүн өтөл насанд өмөг түшиг болно л гэж боддог байх. Хичнээн ядуу зүдүү айл боловч нэг аяга будаа олж эхийгээ тэжээхийн тулд байдаг. Яалаа гэж бэлэн байгаа хөрөнгөө хөнтрөн сүйтгэж бараад, настай ээжийгээ унатал үхтэл уйлуулан зовоож байгаа юм бэ? Миний бодохоор бол ахын ингэж аашлах нь үр хүүхэд нь биш, өшөөтөн дайсан л хийдэг ажил. Ээж энэ учрыг ойлгохгүй, өдөр шөнөгүй уйлахаас гадна бас бэргэнд доромжлуулна. Би таны дэргэд байнга байж хэлж хориглож чадахгүй юм. Ээжийн энэ байдал намайг яаж тайван байлгах вэ. Тэр хэдий тэнэг мангуу мэт байвч намайг гэртээ харихад дургүй. Өчигдөр, Лао е нийслэлийн албан мэдээ үзээд үнэхээр их айж, хүн илгээн сураг чимээ өгчээ. Ахын гаргасан хэрэгт зовдог хүн цөөнгүй байна. Золтой би бас дэргэд байх мэт бөлгөө. Ээж түр боловч сэтгэлээ барьж үз. Ахын амьд байх дашрамд энэ пүүсийн данс харыг асуун лавлаж, хуучин хоршигчоос нэгийг залж өр авлагаа нарийвчлан бодуулаад бас хэдэн зоос байх эсэхийг үзэх хэрэгтэй гэв. Шюэ Има:

-Энэ өдөрт би чиний ахын төлөө зовж байна. Чи хүрч ирээд намайг хориглож хэлэх биш бол би чамд яамны хэргийг хэлье. Чи олж мэдээгүй байх. Нийслэлдэх наймаачны нэрээс нэгэнт гаргаад хоёр барьцаалан зээлдэх пүүсийг өөр хүнд шилжүүлэн өгөөд мөнгийг нь авчирч хэрэглээд хэдийн дуусчээ. Нөгөө нэг пүүсийн хэрэг мэдэгч нь оргож хэдэн мянган лан мөнгөний өртэй, тэгээд бас зарга хийж яваа гэнэ. Хоёрдугаар ах чинь, өдөр бүр гаднах өр нэхсээр бараглавал нийслэл дэх авцааны хэдэн түмэн лан мөнгө авчирч зараад барсан. Өмнөх хөрөнгө мөнгө, гэр хүрээг хувилгавал сая гүйцнэ. Тэр хэдэн өдөр сонсвол, өмнөх хөрөнгө болон зээлдэх пүүс бас эх бэлээ цөм алдав гэнэ. Үнэхээр ийм бол эх чинь амьдрах аргагүй болжээ… гэсээр дахиад л уйлав.Бао Чай бас уйлснаа:

-Мөнгө зоосны явдалд ээж зовоод тусгүй. Хоёрдугаар ах аргацааж байна. Гагцхүү хорсолтой нь тэдгээр хоршигчид манай гэрийн орлого буурсныг үзээд тус тусын замаа хөөвөл барав. Сонсвол бас өөр хүнийг хавсран биднийг шахамдуулна гэнэ. Ах өдий том болтлоо ханилсан юм нь, архи, мах юм. Тийм ах дүүс дотроос хүн гачигдаж зовоход туслах хүн нэг ч үгүй. Ээж миний үгийг сонсвол яримаар юм их байх юм. Нас агширсан хүн биеэ л эрхэмнэвэл зохино. Бодвол, ээж, энэ насандаа өлсөж даарахад арай хүрэхгүй байх. Гэрт байгаа энэ баахан хувцас хэрэглэлийг цөм бэргэний дураар тавигтун. Өөр яах юм. Гэрийн зарц эмгэд цөмөөр энд суух санаагүй болсон тул тэдний явах гэснийг нь явуул хөөрхий. Шян Лин бол насаараа зовлон амссан тул ээжийг дагахаас аргагүй. Түүнд юу дутвал надаас авч болно. Бараглавал, манай тэр хүн бас дагахгүйгээр бөгөөд Ши Рэнь бол цагаавар зантай хүн. Манай гэрийн явдлыг сонсоод ээжийг дурсах бүр уйлна. Манай тэр хүн, бас гайгүй байх гэж бодох тул нэг их зовохгүй байна. Сонсвол бас зовж үхэхэд хүрнэ… гэтэл Шюэ Има:

-Охин минь, чи түүнд битгий хэлээрэй. Тэр Линь авхайн төлөө арай амиа хорлох шахаад саянаас л гайгүй болж байгаа юм. Тэр бас зовж өвчилбөл чамд л зовлон нэмэхээр барахгүй, би бас түшиггүй болоход хүрнэ гэв. Бао Чай “Би бас ингэж бодоод түүнд хэлдэггүй” гэв. Тэднийг ийн ярилцаж байтал Жинь Гүй гэнэт орж ирээд уйлж бархиран “Миний энэ амь нэгэнт хэрэггүй болжээ. Эр нөхөр гэвэл нэгэнт амьдран байж чадахгүй болов. Одоо бид сайтар үймүүлж, бүгдээр цаазын газар хүрч амиа цөлье” гэсээр өрөө тасалгааны хана мөргөсөнд гэзэг үс нь сэгсийв. Шюэ Имагийн дургүй хүрээд хялайн харавч үг хэлсэнгүй. Харин Бао Чай, бэргэн ийм тийм гэж хориглон ятгав. Жинь Гүй “Чи анхныхтайгаа адилгүй болжээ. Та хоёр сайхан амьдраарай. Би гань ганцаар болсон хүн болохоор нэр нүүрээр яана” гэсээр гудамжинд гүйн гарч төрхөмдөө харилаа гээд бархирсанд олон хүн хориглон зогсоов. Бао Чань их айж түүнтэй уулзаж чадахгүй болжээ. Харин Шюэ Кег гэртээ байвал үс хөмсгөө засаж, оо энгэсэг түрхээд түүний үүдээр гарахдаа зориуд ханиаж, гэртээ байгааг нь мэдэвч зориуд дуудан асууна. Хааяа түүнтэй таарвал нахилзан, мушилзаж, энэ тэрийг асууж хэсэг баярлаад дараа нь бухимдана. Охид харвал хурдан зайлна. Тэд бас Бао Цаний аргыг хэрэглэж Шюэ Кетэй ойртохыг бодно. Шюэ Кө бол бултан зайлна. Хааяа таарвал хэдэн үг солино. Харин Жинь Гүй бол өнгөнд шунасан хүн тул үзэх тутам дурлаж, санах тусам согтуурах тул яаж Шюэ Кэгийн үнэн худлыг үзэж чадах вэ? Шюэ Кө хамаг юмаа Шян Линд хадгалуулж, хувцас хунар угаах, оёх цөмийг түүгээр хийлгэх бөгөөд хааяа юм ярихад нь тэр хүрч ирвэл дорхноо холдох тул түүний жөтөөрхөх сэтгэл үүсчээ. Шюэ Кэд уураа гаргаж чадахгүй тул хэнхдэг дүүрэн хорслоо Шиян Линд л гаргана. Заримдаа Шюэ Кег дурлуулж магадгүй гэж айгаад Шян Линийг доромжлохоо дотроо хадгална. Бао Цань, Жинь Гүйн өрөөнд ороод хадганан хөхөрч “Найнай Эр Ег харав уу” гэсэнд цаадах нь: “Үгүй” гэв. Бао Чань инээж:

-Эр Егийн тэр хуурмаг цээжийг үнэхээр итгэж болохгүй. Тэр өдөр биднийг архи хүргэж өгөхөд ууж чадахгүй гэсэн мөртөө сая дайдаагийнд ороод царай нь улайгаад хөлчүүрхсэн янзтай байлаа. Найнай итгэхгүй бол хүрээний үүдэн дээр хүлээж бай. Түүнийг тэндээс гарч ирэхээр нь дуудан зогсоогоод юм асуу. Юу хэлэхийг нь сонс гэсэнд Жинь Гүй багтран уурлаж:

-Тэр юү гэж гарч ирэх юм бэ. Тийм сэтгэлгүй хүнээс юү асуух юм бэ гэв. Бао Цань:

-Найнай буруу ойлгожээ. Түүнийг сайхан хэлбэл бид бас сайхан хэлнэ. Тэр сайхан юм хэлэхгүй бид өөр арга бодно гэсэнд цаадах нь зөв ч юм уу гэж бодоод, түүний гарч ирэхийг харж бай гэв. Тэгээд уруул амаа будаж, нүүрээ тольдож байгаад нэг цацмал цэцэгтэй алчуур аваад гарахыг завдтал нэг юмаа мартсан санагдаад, яахаа олохгүй тээнэгэлзэн байтал гадаа Бао Чань гэнэт:

-Эр Е өнөөдөр баярлажээ. Хаана архи уугаад ирэв гэх нь сонсогдов. Жинь Гүй яаран орхиул сөхөн гарч иртэл Шюэ Ке, Бао Цанийг хараад:

-Өнөөдөр Зан да е гийн баярын өдөр тул тэдэнд шахагдаад хагас хундага балгачихсан чинь царай чинэрээд байна… гэхэд нь Жинь Гүй өлгөж аваад:

-Хүний архи, өөрийн архинаас амттай байдаг байхаа гэв. Шюэ Кө түүний өргөстэй үгэнд царай нь хувьсхийж дөхөн ирээд инээмсэглэн:

-Бэргэн юү гээд байна гэсэнд Бао Чань тэр хоёрын ярихыг хараад зайлав. Жинь Гүй эхлээд худал уурласан маяг гаргаж хэдэн үг хэлье гэж бодож байснаа түүний хацар үл мэдэг улайж, хоёр нүд нь усдан арга алдрах байдал мэдэгдсэнд хөөрхийлөх бодол орж, омогт ааш нь тэртээд арилаад инээн:

-Өө тийм үү, чамайг шахвал архи уух нээ гэсэнд цаадах нь:

-Би ууж чадахгүй ээ гэв. Жинь Гүй:

-Уухгүй бол бас сайн. Ахтайгаа адилхан архи ууж хэрэг гаргавал хожим эхнэр чинь над шиг амьдаараа бэлбэсэрч өнчрөхөд хүрнэ… гэтэл хоёр нүд нь сүүмийгээд хацар нь улайх шиг болов. Шюэ Кэ түүний яриа зохимжгүй болсныг үзээд явахыг завдтал Жинь Гүй явуулахгүй гээд гараас нь шүүрэн авав. Шюэ Кө тэрхэндээ сандарч: “Бэргэн томоотой байгаарай” гэхтэй зэрэг хамаг бие нь дагжив.

-Чи гэрт орогтун. Би чамд чухал үг хэлье гэв. Гэнэт нэг хүн ард нь “Найнай Шян Лин ирлээ” гэж хэлэв. Жинь Гүй цочин эргэж харвал, Бао Чань орхиулыг сөхөж тэр хоёрын аашлахыг үзэх дашрамд, тэртээгээс Шян Лингийн ирэхийг харсан тул яаран Жинь Гүй суларсан тул завдаж, гараа аваад зайлан одов. Шян Лин санаандгүй явж байтал Бао Чань хашгирсан тул сая Жинь Гүй, Шюэ Кэг зуураад, дотогшоо чирч байхыг харав. Шян Лин хэрдхийн цочиж, зүрх нь түгшин санд мэнд буцан явжээ. Жинь Гүй хэдийн айж уурлах давхцаж, Шюэ Кэгийн хойноос харсаар удтал мэлрээд, дотроо хорсож урамгүй гэртээ оров. Үүнээс хойш Шян Линг чөмгөндөө ортол хорсов. Шян Лин, Бао Цаний тэнд очъё гэж хажуугийн үүдээр гартал энэ байдлыг хараад цочин буцжээ.

Нэг өдөр Бао Чай, Жя Мүгийн гэрт сууж байтал Ван Фүрэнь Тань Чүнийг гуйсныг их ахайтанд хэлэв. Жя Мү: “Нэг нутгийн хүн бол маш сайн байна. Тэр хүүхэд манай гэрт ирж байсан гэнэ үү. Лао е чинь яагаад дурдсангүй вэ” гэв. Ван Фүрэнь: “Бид ч мэдэхгүй байна” гэв. Жя Мү: “Сайн нь сайн боловч даанч хол юм. Хэдий Лао е чинь тэнд байлаа ч хожим тушаал нь өөрчлөгдвөл манай охин ганцаардах бишүү” гэсэнд Ван Фүрэнь:

-Хоёулаа л тушаалд байх тул хоёр гэр яахыг мэдэхэд хэцүү юм. Тэд бас шилжин ирж мэднэ. Шилжин ирэхгүй ч гэлээ эцэстээ эрхбиш нутаг усандаа ирэх байлгүй дээ. Жич бас Лао е тэнд тушаалд байх тул дээд түшмэл нь ам ангайсан байтал ямар нүүрээр өгөхгүй гэх юм бэ. Бодвол Лао е нэгэнт тогтсон бөгөөд эзэн мэдэж чадахгүй тул хүн илгээж, Лао тайтайд мэдүүлсэн байхаа гэв. Жя Мү:

-Та нар дуртай байгаа бол нэн сайн. Тийм гэвч гутгаар охин одоо явбал хоёр гурван жилийн дотор эргэн ирж чадах, чадахгүйг мэдэхгүй. Хэрэв баахан удвал би дахин түүнтэй уулзаж чадахгүй болно гэсээр нулимс унагав. Ван Фүрэнь:

-Хүүхэд өсвөл эрхгүй харьд очно. Хэдий нутаг усны хүн боловч ноён суухгүй бол бас гайгүй. Ноён суувал яахин үргэлж хамт байж чадна вэ. Хүүхдийн хувь ерөөл мэднэ. Үлгэрлэвэл, Ин охиныг ойр өгсөн боловч нөхөртэйгөө таарахгүй, заримдаа хоол ч олж идэхгүй байна гэж үргэлж сонсогдоно. Бид юм аваачиж өгөвч түүний гарт очихгүй. Ойрноос улам муудаад төрхөмд нь ирүүлэхгүй болжээ. Хоёул хэрэлдвэл, биднийг тэдний мөнгө зоосыг зарсан гэнэ. Хөөрхий тэр охин толгойгоо өндийлгөж чадахгүй боллоо. Дээр, би түүнийг санаад хүн явуулж уулзуулсанд Ин охин, илүү гэрт нуугдаад гарч ирсэнгүй. Очсон эмгэн мэдээд орж очиход охин минь хүйтэн муу гэрт баахан хувцас давхарлаад өмсчихсөн байна гэнэ. Тэр нулимсаа мэлтэгнүүлээд эмгэнд: “Хариад намайг ийм зовлонтой байна гэж битгий хэлээрэй. Энэ бол миний муу заяа юмаа. Хувцас хунар, эд юм надад битгий авчраарай. Би түүнийг авч өмсөн эдэлж чадахгүй төдийгүй, гэртээ хэлж авчруулбал занчина гэж байна” гэнэ. Лао тайтай бодоод үз. Энэ бол харин нүдэнд үзэгдэх ойр газар өгснийх болохоор мэдээд байна. Ер нь муу бол дандаа сэтгэл зовно. Да дайдаа түүнийг огт ойшоохгүй. Да Лао е ч үг дуугарахгүй байна. Одоо Ин охин, манай гэрийн гутгаар зэргийн зарц охиныг ч хүрэхгүй болжээ. Тань охин, хэдий надаас төрөөгүй боловч Лао е нэгэнт энэ хүргэнийг үзээд тоосон учраас ам алдсан байхаа. Лао тайтайгийн зааврыг сонсож, сайн өдрийг сонгон илүү хэдэн хүн гаргаж Лао егийн тушаалын газар хүргэхийг хүснэ. Хэрхэн аваачихаа Лао е мэднэ гэв.

Жу Му: “Эцэг нь мэдэж байгаа болохоор чи даруй сайтар бэлтгэж алсын аяны сайн өдөр сонгон хүргүүлбэл мөн нэг хэрэг бүтэх болой” гэв. Ван Фүрэнь: “За” гэж хүлээв. Бао Чай сонсоод юм хэлмээр байвч дуугарч чадахгүй дотроо: “Манай гэрийн охидын дотор тэрбээр охь нь юм. Одоо бас алс мордох болжээ. Эндэхийн хүн харсаар байтал цөөрлөө” гэж зовнив. Ван Фүрэнь босоод ёслон гарч ирсэнд түүнийг үдээд гэртээ харьсан боловч Бао Юйд хэлэлгүй, юм оёж суугаа Ши Рэньд хэлбэл тэр бас дотроо зовов.

Бага эхнэр Зао, Тань Чүний тухай сонсоод баярлан дотроо: “Миний тэр охин гэртээ байхдаа намайг нэг нүдээр үзэхгүй, тэр бүү хэл эхийгээ ч гэж тоодоггүй байсан юм. Би бол түүний шивэгчнээс ч дор үзэгдэнэ. Тэгэхдээ, бусдыг бол жигтэйхэн өмгөөлнө. Тэр урд нь тээглээд Хуань Элийг ч өндийлгөхгүй байна. Одоо Лао е тэндээ аваачвал над л амар биз. Тэр намайг ачлахаас өнгөрсөн. Тэр Ин Чүнь шиг болоосой. Тэгвэл баярлана” гэж бодоод Тань Чүнийд очиж баяр хүргэн: “Охин минь, чиний өөдлөх цаг болжээ. Нөхөрт гарвал, гэртээ байснаас дээр тул чи дуртай байгаа биз. Чамайг төрүүлж өсгөөд сайныг үзсэнгүй. Би хэдий долоон хувь муу боловч гурван хувийн сайнтай тул битгий очмогцоо намайгаа мартаарай даа” гэж захив. Тань Чүнь сонсоод огт ёсгүй тул тонгойн оёдол оёод нэг ч дуугарсангүй. Эх нь ойшоохгүйг нь хараад ундууцан явав.

Тань Чүнь уурлах, инээх, зовох давхарлаж, ганцаараа нулимс унаган суув. Жаахан бухимдаж уйтгарлаж байснаа Бао Юйгийн тэнд очив. Бао Юй:

-Линь дүүг үхэхэд чи тэнд байсан гэлүү. Бас Линь дүүг үхэх үеэр амаас нь хөгжмийн дуу сонсодсон гэнэ. Түүнд бас учиртай байж мэднэ гэсэнд Тань Чүнь инээж:

-Тэр бол чиний санааг дагажээ. Тийн гэвч тэр шөнө харин жигтэй. Хүний гэрийн хөгжим хэнгэрэг биш шиг байсан. Чиний бодол зөв байж ч мэднэ гэв. Бао Юй сонсоод нэн үнэмшиж бас тэр өдөр сүнс нь хөвхөлзөн арилахад нэг хүн Дай Юйг амьддаа хүний дансанд үгүй, үхсэн хойноо чөтгөрийн тоонд үгүй гэснийг бодоод лав тэндэх хувилгаан дагина ертөнцөд буусан байх гэж бодов. Бас тэр жил шийний дотор гарсан саран дагины гэрэл гялбаа ямар ариун хээнцэр байсан бэ гэж бодов. Тань Чүнь хэсэг зуур чимээгүй байснаа явав. Бао Юй: “Зи Жюанийг ирүүлнэ үү” гэсэнд Жя Мүд хэлээд түүнийг дуудуулав. Зы Жюань дотроо дургүй боловч Жя Мү, Ван Фүрэнь нар дуудан явуулсан тул аргагүй хүрч ирээд, Бао Юйгийн дэргэд суугаад санаа алдав. Бао Юй түүнийг хүнгүй газар аваачаад сэмхэн Дай Юйгийн хэлсэн үгийг асуувал, тэр ер тодорхой хариулсангүй. Бао Чай харин түүнийг шударга журамтай гэж магтаад ер буруушаасангүй. Шюэ Янь хэдийгээр Бао Юйг ураг холбох өдөр хүч гаргасан боловч ухаанаар жаахан аанай тул Бао Юй, Жя МүВан Фүрэнь нарт мэдүүлээд түүнийг нэг зарц хөвгүүнтэй холбож замыг нь хөөлгөжээ. Ван овогт хөхүүл эхээр хожим Дай Юйгийн ясыг өмнө оронд хүргүүлэхээр үлдээн тэжээжээ. Ин Шы зэрэг бяцхан охид уг хэвээр Лао тайтайд зарагдав.

Бао Юй үргэлж Дай Юйг мөрөөдөх тул түүний доорх хүмүүн бутран сарнисанд дотроо ихэд уйтгарлан зовов. Нэг удаа дотор нь бухимдаж байтал гэнэт бас Дай Юй үхэхдээ, ухаан нь саруул байсныг санаж лав ертөнцөөс салж аршийн орондоо буцсан байх хэмээн бодоод бас баярлав. Гэнэт Ши Рэнь, Бао Чай хоёр тэнд Тань Чүний харьд мордох хэргийг ярилцахыг сонсоод: “Эвий халаг” хэмээн бархирч ханзан дээрээ элэгдэн хэвтээд уйлсанд цаад хоёр нь сандран очиж босгоод: “Яав” гэж асуув. Бао Юй уйлсаар үг хэлж чадахгүй болжээ. Баахан удаад дотор нь онгойсон хойноо: “Одоо амьдрахын аргагүй болжээ. Манай эгч дүү нар цөм нэг нэгээр бутарлаа. Линь дүү бурхан болжээ. Их эгч минь үхлээ. Энэ ч яая гэхэв, өдөр бүр хамт байсангүй. Хоёрдугаар эгч минь олиггүй амьтантай учирлаа. Гуравдугаар охин дүү бас хол мордох болж уулзахуйяа бэрх болжээ. Ши охин дүү бас хаа очихыг мэдэхгүй. Шюэ охин дүү нэгэнт газартай болжээ. Эдгээр эгч дүү нараас нэг нь үлдэхгүй бол би ганцаар үлдэж яана вэ” гэсэнд Ши Рэнь: “Юу гэж байгаа юм бэ” гэж хориглов. Бао Чай гараа сэгсэрч: “Чи түүнийг хориглох хэрэггүй. Би түүнээс асууя” гээд:

-Чиний санаагаар бол эдгээр эгч дүү нар цөм нэг насныхаа явдлыг бодохгүй. Өтөлтлөө гэртээ чамайг хараад сууж байх юм уу? Өөр хүн бол бас өөр бодолтой байж болно. Чиний эгч дүү нарын дотор хол мордсон нь үгүйг хэлэхгүй. Байвч Лао е мэдэж үйлдэх тул чамд ямар арга байх вэ. Энэ ертөнцөд чи ганцаар эгч дүү нараа санах юм уу? Хэрэв бүгдээр чамтай адил бол би хүртэл чамайг дагаж болохгүй болно. Бичиг үзсэн хүн бүхний билиг оюун нь нээгддэг байтал чи яагаад үзэх тусам битүүрнэ вэ. Тийм бөгөөд Ши Рэнь бид хоёр чиг чигээ хөөгөөд чи эгч дүү нараа авчран харж суувал болох нуу гэв.

Бао Чай хоёр гараараа Бао Чай, Ши Рэнь хоёрыг барьж аваад:

-Би бас мэднээ. Яаж ийм эрт бутрах вэ? Намайг үнс болсон хойно бутарсан ч оройтохгүй гэсэнд Ши Рэнь амыг нь дарж:

-Бас дэмий чалчих нь уу. Энэ хоёр өдөр бузгай гайгүй болоод Эр найнай сая баахан хоол идүүлэв. Одоо чи бас дахин түйвээвээс би хамаарахгүй гэв. Бао Юй тэр хоёрын үгийг сонсоход цөм зүйтэй санагдавч дотор нь үймэрч арга алдрахдаа:

-Би бас мэднэ. Ганцхан дотор л их үймэрч байна гэв. Бао Чай мөн түүнийг ойшоохгүй, Ши Рэнийг сэм дуудаж хий дарах үрэл уулгуулаад, алгуураар тайтгаруулан хэлэгтүн гэв. Ши Рэнь гарч Тань Чүнийхээд явахдаа ирж уулзах хэрэггүй хэмээн хэлэх гэтэл Бао Чай:

-Үүнд зовоод яахав. Хэдэн өдөр өнгөрөөд түүний дотор онгойсон хойно тэднийг баахан яриулъя. Тань охин бол тэдгээр хуурамч ард лугаа адилгүй. Их ухаантай хүн тул баахан ятган хоригловол хожим энэ мэт аашлахгүй болно гэв. Ийн ярилцаж суутал Жя Мүгийн тэндээс Юань Янг ирүүлж: “Бао Юйгийн хууч хөдөлснийг мэдсэн тул Ши Рэнь тайтгаруулан хориглож, түүнийг битгий энэ тэрийг бод гэж хэлэгтүн” гэж хэлүүлсэнд Ши Рэнь: “За” гэж хүлээв.

Жя Мү бас Тань Чүний хол явахыг санаж, хэдий мордуулын эдлэлийг бүрэн бэлтгэхгүй боловч зардлын зүйлийг цөмийг төхөөрөх хэрэгтэй тул даруй Фөн Жег дуудан авчирч Лао егийн санааг нэг зэрэг хэлж өгөөд явж төхөөрөгтүн гэсэнд цаадах нь үг дуугүй хүлээн авав. Яаж төхөөрснийг дараах бүлэгт үзсүгэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж