Киргизстаны Бишкек хотод 173 хүн хоолноос хордсон тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Тэдний 150 нь Бишкек хотын нэгэн ресторанд хордсон бол үлдсэн 23 нь бусад мужаас ирсэн хүмүүс гэнэ. Ресторанд хордсон хүмүүс хуримд уригдсан зочид байжээ. Хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Киргизстаны Халдварт өвчин судлалын эмнэлэгт одоо 100 хүн хэвтэж, эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 19 нь хүүхэд гэнэ.
Киргизстаны Халдварт өвчний тархалтын тандалт, судалгааны төв хүмүүсийн хордсон рестораны хоолноос шинжилгээ авч, шинжилж, рестораны ажилтнуудыг шалгаж эхэлжээ.
Шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа боловч шарсан тахианаас хүмүүс хордлого авсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гарчээ.
Хүмүүс олноор хордсон энэ хэрэгт тус улсын хууль сахиулах байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гэнэ. Хордлого гарсантай холбогдуулан Бишкек хотын рестораныг хаасан байна.
Эх сурвалж: Xinhuanet.com