"Устгасан 5 үхэр шүлхийн вакцинд хамрагдаагүй"

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

"Устгасан 5 үхэр шүлхийн вакцинд хамрагдаагүй"

"Устгасан 5 үхэр шүлхийн вакцинд хамрагдаагүй"

Нийтдээ таван аймгийн 14 суманд шүлхий илэрч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.  Хорио цээрийн дэглэмд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг орж байгаа юм. Нийслэлд гараад байгаа шүлхийн талаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишээс тодрууллаа.

-Нийслэлд гарсан шүлхийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Хайрханы нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т-гийн үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрснийг лабораторийн шинжилгээгээр малын гоц халдварт шүлхий болохыг тогтоосон. Одоогоор хорио цээрийн дэглэм тогтоон, ариутгал халдваргүйжүүлэлт хийж зохих арга хэмжээг авч байна. Таван үхэрт шинж тэмдэг илэрснийг бүгдийг нь устгасан.

-Нийслэлд хэчнээн мал байдаг вэ. Үүнээс голомтод хэд нь байна вэ?    

-Нийслэлд 438 мянга орчим мал бий. Үүнээс голомтод 32 мал гурван нохой байгаа.

-Шүлхийн эсрэг вакциныг нийслэлд тавдугаар сарын 1-нээс эхэлж хийнэ гэж байсан. Шүлхий гарсан болохоор энэ хугацааг наашлуулах уу?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг тавдугаар сарын 1-нээс хийх юм.  Гэхдээ одоогоор хязгаарлалтын бүсэд буюу шүлхий гарсан газартай ойр байгаа 2500 малд вакцин хийсэн байна.

-Орон нутгаас нийслэлд орж ирж байгаа тээврийн хэрэгслийг халдваргүйтгэх 24 цагийн пост гаргаж байгаа. Энэ тоог нэмэх үү?

-Орон нутгаас орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүрэн халдваргүйтгэж байгаа. Одоогоор есөн чиглэлд 24 цагийн пост ажиллуулж байна. Энэ нь хангалттай гэж  үзэж байгаа.

-Ариутгалын бодис нь шүлхийгээс 100 хувь хамгаалж чадах уу?

-Ариутгал халдваргүйтэлд ашиглаж буй ариутгалын бодисууд нь олон улсад туршигдаж, зөвшөөрөгдсөн өвчнийг нянг идэвхгүйжүүлдэг бодис. Хүйтэн сэрүүний улиралд нянгийн идэвхжилийг бууруулдаг лимоны хүчилтэй. Зохих арга хэмжээг авч чадаж байгаа. 

-Нийслэлд шүлхийгээр нийт хэчнээн мал устгасан бэ?

-Малын гоц халдварт шүлхий өвчин 2001 онд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт, 2006 онд Хан-Уул дүүрэгт, 2017 онд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд гарч хорио цээрийн дэглэм тогтоож нийт 619 толгой мал амьтныг устгалд хамруулсан байдаг.

-Таван үхрийн эзэн Т нь шүлхийн голомттой бүсээс үхэр авчирснаа нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ хэрийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Үнэн, худлыг тэд тогтооно.  Бидний таамаглаж байгаагаар тэдгээр таван үхэр нь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж