Д.Эрдэнэбат: Манайхан үнэн зөвөө олуулаад гараасай

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Манайхан үнэн зөвөө олуулаад гараасай

Д.Эрдэнэбат: Манайхан үнэн зөвөө олуулаад гараасай

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.04.03/ хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс онцгой анхаарал татаж буй хэд хэдэн хууль байгаа гэж тус намын бүлэг үзжээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд биелүүлэх үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэнэ. Энэ Засгийн газар бүтэн ажилласан ажлыг дүгнэх гэж байгаатай холбогдуулан Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргахаар болсон байна.Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. АН-ын бүлгээс энэ хуулийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн байгаа аж. Энэ хуульд нийслэлийн онцгой статусыг тусгаагүй учраас гишүүдийн дунд маргаан үүсгээд байгаа юм. Тус намын бүлгээс нийслэлийн өмч, татвар, орлого, хот төлөвлөлтийг зөв гаргаасай гэсэн байр сууриа одоо ч хадгалж байгаа гэлээ.

Түүнээс гадна УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжиж байгаа юм байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал үүсч байгаа учраас эдгээр хуулиудыг яаралтай хэлэлцэх саналтай байгаа гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. АН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэх нь буруу гэж үзэж байгаагаа онцоллоо.Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар нийгэмд үүсээд, дуулиан тариад байгаа “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн том стратегийн ордуудын гэрээний асуудлууд яагаад маргаан дагуулсан, гэрээ Монгол Улсад үр дүнгээ өгч байгаа эсэх дээр нэгдсэн ажлын хэсэг бүлгээс байгуулахаар болжээ. Ажлын хэсэг багцад нь дүгнэх юм байна. Оюутолгойтой холбоотой АН-ын гурван хүнийг баривчилсан. Энэ асуудлаар Ардчилсан намын гишүүд санал солилцсон байна.АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:-Бид энэ асуудалд анхааралтай хандаж байгаа. УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол бий. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, С.Баярын Засгийн газар баталсан. С.Баярын Засгийн газрын үед хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдох хүмүүсийг нь шалгахгүй, байцаахгүйгээр гэнэтхэн Ардчилсан намтай холбоотой хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн зорилготой байх вий гэсэн болгоомжлол байна. Шалгах шаардлагатай бол бүгдийг ижил шалгахгүйгээр намаар нь ялгаж байгаа нь улс төрийн шинж чанар хадгалагдаж байна уу гэсэн болгоомжлол байгаа гэж Ардчилсан намын бүлэг үзэж буй. УИХ-ын 57-р тогтоолтой холбоотой нэр бүхий хүмүүсийг ижил шалгах ёстой юм.  Мөн Стандарт банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг тавьсан асуудлаар УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах шаардлага хүргүүлэхээр болсон. Нэн яаралтай ажлын хэсэг байгуулж, хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх, үнэн зөв мэдээллийг ард түмэнд өгөх ёстой гэдгийг шаардаж байгаа юм. Шаардлагаа маргааш УИХ-ын даргад өгнө.УИХ-ын гишүүн З.Нарантуяа:-Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Монгол Улсын өр. Одоо Засгийн газар нэмж өр тавих юм бол эдийн засгаа эргэж засах боломжгүй нөхцөл байдал руу орж байна. Өнөөдөр Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 74.4 хувьд хүрсэн, өнгөрсөн 2017 оны сүүлээр дөрвөн тэрбум 869 сая ам.доллар байсан гадаад өр долоон тэрбум 310 сая ам.доллар болсон байна. Өмнө нь тавьсан бондуудын эргэн төлөлт хийх зорилгоор авсан Гэрэгэ, Хуралдай бондуудын зөрүү хаана байна вэ гэдэг асуудал байна. Тиймээс гадаадын өрийн бүх зарцуулалтыг эргэж харах, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд нэг тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна. Энэ хэмжээгээр зээл орж ирвэл өр бүр их өснө. Засгийн газар нэмж зээл авах хэрэгцээ байгаа эсэхдээ анализ хийхгүй бол болохгүй нь.

Тиймээс Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулахаар боллоо.Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.-Арбитрын шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахгүй байх эрх нь байгаа гэх яриа сүүлийн үед их гарах боллоо. Тийм боломж Засгийн газарт бий юу?-Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол Улс эргэж харах боломжгүй.  1958 оны Нью Йоркийн конвенцид олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тусгасан байдаг. Одоогийн төлбөрийн шийдвэр бол эцсийн шийдвэр, гарц байхгүй гэсэн үг.-УИХ-аас Оюутолгойн гэрээнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Үүнд Ардчилсан намын гишүүдээс орсон уу?-Ардчилсан намаас З.Нарантуяа гишүүнийг оруулсан. Ажлын хэсэг байгуулж, анхны хуралдаанаар хийхдээ өмнөх шалгалтуудын материал дээр үндэслэн дүгнэлт гаргана гэсэн зүйл ярьсан байсан. Хэрэв ажлын хэсэг гаргасан бол шинээр бүгдийг нь шалгаж, дүгнэлтээ шинээр гаргах ёстой. Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээний буруу, зөв нь юу байсан, Монгол Улс яаж хохирсныг дүгнэх ажлын хэсэг байсан.-АТГ-аас танай намын угшилтай гурван хүнийг баривчилсан. Мөн өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг ч шалгаж байна. АН-ын бүлэг гишүүдээ хамгаалах уу?-Оюутолгойн асуудлаар нийгэмд маш том эргэлзээ явж байгаа. Хэрэв Монгол Улс авлига, төрийн баялгийг оффшор дансанд хийсэн асуудалтай шударгаар тэмцэнэ гэж бодож байгаа бол бүх асуудалд тэвчээртэй хандах ёстой. АН гишүүдээ өмгөөлнө, хамгаална. Гэхдээ асуудалд тэнцвэргүй хандаж байгаа нөхцөлд бид өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Гурван гишүүнээ шалгуулахдаа үнэн зөвөө олуулаад гараасай гэж бодож байна. Бидний эмзэглэж байгаа зүйл бол яагаад түрүүлээд Ардчилсан намын гишүүдийг барьж байгаа, шалгаан нь юу байгаа юм бэ. Яагаад гол хариуцагч, ажлын хэсгийн тэргүүнийг барихгүй байна вэ гэхээр МАН гэсэн өнцөг харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ чинь улстөржсөн, улс төрийн хэлмэгдүүлэлт рүү явуулах вий гэсэн болгоомжлол байгаагаа АН-ын бүлэг илэрхийлнэ. Танай, манай нам гэж ялгаварлахгүй зүйлийг хууль, хяналтын байгууллага явуулж байгааг анхааруулж байна. Тиймээс бүгдийг нь эрх тэгш шалгаж, хүн яллахдаа бус Оюутолгойн гэрээ зөв цаашид авч явж улс орноо хөгжүүлэхийн төлөө бид явах ёстой. Нэг хүнийг, хэсэг хүнийг яллалсанаар гэрээ сайжирна гэж байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж