Б.Чойжилсүрэн 36 тэрбумын буцаан олголтыг компанидаа хийсэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн 36 тэрбумын буцаан олголтыг компанидаа хийсэн гэв

Б.Чойжилсүрэн 36 тэрбумын буцаан олголтыг компанидаа хийсэн гэв

Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар ноцтой баримтыг дэлгэхээр Иргэдийн шударга шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн дарга хуульч, судлаач Х.Бат-Ялалт, Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав тэргүүтэй хүмүүс  өнөөдөр /2018.04.03/ мэдээлэл хийлээ. Тэд Мобиком корпорац, Хаан банкны талаар болон Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар ийн ярилаа.

 50 сая төгрөгийн байр 720 ширхэг гэж юу гэсэн үг юм бэ?

Сэтгүүлч М.Наранбаатар

Сэтгүүлч М.Наранбаатар “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хаан банктай холбоотой асуудлын талаар болон бусад асуудлын талаар ярих гэж байна. Хаан банкнаас Монгол Улсын дээд шүүхэд 2008 онд  хүргүүлсэн  хүсэлт байдаг. Тус хүсэлт дээр ‘Монгол улсын дээд шүүх иргэний хэргийн танхим тэргүүн танаа. Орон нутгийн шүүх ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хаан банктай хамтран бүх шатны шүүгч ажилтнуудынхаа нийгмийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх уян хатан нөхцөлөөр зээл олгох орон сууц худалдан авахад нь зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах болсноор харилцан тохиролцож хамтран ажиллах болсноос хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн бүх ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц хашаа байшин худалдан авахад нь зориулж хаан банкнаас 174 шүүхийн ажилтанд зээлийг олгож тэдний ахуй амьдралд нь хувь нэмэр оруулжээ. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулан үзүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү үйл ажиллагаа харилцан үр дүнтэй эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж нөөц боломжийг ашиглаж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Эрхэм шүүгч танд энэ өөдрөг сайхан эрхэм үйлсийг дуулгахын ялдамд манай банктай холбоотой орон нутгийн шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаад хүлцэл өчье. Иймд эрхэм шүүгч таныг энэхүү хэргийг тусгайлан авч үзэж хэргийг бүрэн бодитой тал бүрээс шинжлэн авч үзсэний үндсэн дээрээс хэргийн нотлох баримтыг зөв дүгнэн үнэн шударга гаргаж өгч туслахыг хичээнгүйлэн хүсье’ гэсэн хүсэлт бүхий баримт байдаг юм.

Дээрх хүсэлтээр бол Хаан банкны талд шийдвэр гаргавал шударга болох юм байна л даа. 2013-2014 оны хооронд зөвхөн Хаан банктай холбоотой 34 хэрэг шүүхээр шийдэгдсэн байна. Тухайн хэргүүд нь 100 хувь Хаан банкны талд шийдэгдсэн байгаа юм. Хаан банк аль улсын банк билээ.  Хаан банк хэний эзэмшилд байдаг вэ? Тус банкны үндсэн хувьцааны 41.3 хувийг Япон болон Хонгконгийн компани 13.1 хувийг, Таванбогд ХХК  22.2 хувийг, Олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг, Ц.Баатарсайхан захирлын гэр бүлийн хүн Д.Хулан 13.33 хувийг эзэмшдэг. ТУЗ-ийн найман хүний зургаа нь гадаад хүн. Үндсэндээ 60 орчим хувь гадаадын эзэмшилд байдаг банк Монгол Улсын шүүхийг  атгадаг юм байна.

Дараагийн нэг ярих зүйл бол Мобиком корпораци. Монгол Улсын харилцаа холбоо хэний мэдэлд байгаа юм бэ? Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, Монголын эрх мэдэлтнүүд дарга цэргүүд нь гадны улсуудын  хяналтад доор үйл ажиллагаа явуулж байна. Интернетийн урсгал бөөний жижиглэнгийн, транзит урсгал гэж байдаг. Гадаадын 98.85 хувийн эзэмшилтэй Мобикомын эзэмшдэг ““Мобиком нэтворкс” ХХК Монголын интернетийг бүхэлд нь хянаж байгаа юм байна. Транзит гэдэг нь  манай дээгүүр нисэж байгаа онгоцноос татвар авч тодорхой хэмжээгээр төсвөө бүрдүүлдэг. Тэгвэл интернетийн транзит  урсгал гэдэг нь Европ Азийг холбосон манай улсны газарзүйн байрлалтай холбоотой урсгал юм.  Энэ гурван урсгалын эрх нэг компанид байж болдоггүй хуультай. Гэтэл энэ эрхийг “Мобиком нэтворкс” ХХК авсан. Нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй гээд харилцаа холбооны зохицуулах хорооноос журмын дагуу эрхийг нь цуцлахад  Мобиком компани Засгийн газрын хэрэг  эрхлэх газрын даргад хандсанаар харилцаа холбооны зохицуулах хороонд зөвшөөрлийг нь цуцалсныг буруутгаад дахин өг ингэхдээ  өөрсдийнхөө мэдээллийг давхар өгөх гэсэн байгаа юм. Харин энэ өдөр нь захиргааны хэргийн шүүх  2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр хуралдаад мэдээлэл өгөх эрхийг нь нээсэн байх жишээний.  

Гуравдугаар асуудал нь жил гаруйхны хугацаанд Монгол Улсын сангийн сайд хийсэн Б.Чойжилсүрэн нь 36 тэрбум төгрөгийн нэмүү өртгийн албан татварын /НӨАТ/  буцаан  олголтыг өөрийн компани болох “Хурд Груп” ХХК-т  хийчихсэн байна. Үндсэндээ бид  400  мянган төгрөг НӨАТ буцаан олголтоор авчхаад баярлаж байхад Б.Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгөөр өөрийнхөө компанид НӨАТ-ын буцаан олголт хийсэн байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдана. Хүүхдийн мөнгө олгохгүй гэж хэлж байсан хүн. НӨАТ-ын буцаалт нь 36 тэрбум гэдэг нь  үндсэндээ арван хувь нь гэсэн үг шүү дээ. Арван хувь нь буцна гэхээр тэрний ард нь байгаа тоог бодож олоход миний толгой хүрэхгүй нь. Приус машин 180 ширхэг, 50 сая төгрөгийн байр 720 ширхэг гэж юу гэсэн үг юм бэ? Яасан барагддаггүй шунал вэ?  Б.Чойжилсүрэнг “Сука” гэж хэлмээр байна” гэв.

Эрүүгийн хууль  дэндүү амьдралаас тасархай хууль

Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав

Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав ”Гэмт хэрэгтэй тэмцэх гол хууль бол эрүүгийн хууль. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эрүүгийн хууль гэмт хэрэгтэнтэй тэмцэх битгий хэл гэмт хэргийг өөхшүүлэх хууль болжээ. Энэ хуулийн талаар гурван санаа хэлье. Нэгдүгээрт, Эрүүгийн хууль  дэндүү амьдралаас тасархай хууль. Монгол оронд хэрэгжих ямар ч бололцоогүй. Хоёрдугаарт, Монгол улсын эрүүгийн хуулиас гэмт хэргийн зүйлчлэл гэх том шалгууруудыг хассан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг нарийн зүйлчилж, шийдвэрлэж байх ёстой юм. Тэр зүйлчлэл байхгүй. Гуравдугаарт, Эрүүгийн хуулиа дагаж явдаг эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байдаг. Тэр хуулийн талаар хэлэхэд ичмээр хууль болжээ. Ганцхан жишээ хэлэхэд Монгол Улсын мөрдөн байцаах алба, хэрэг бүртгэх алба, шүүх тухайн хэрэг үйлдсэн хүнээр хэргийг нь хүлээлгэх л ёстой гэсэн заалтаар явж байна. Ийм хууль үйлчилж байхад яаж гэмт хэрэгтэй тэмцэх вэ дээ. Авлигын гэмт хэрэг үйлдэхэд оноож байгаа ял бол дэндүү хөнгөхөн. Харин гар утас хулгай хийсэн хүнд оноох ял арван жил. Арай дэндүү. Байцаан шийтгэх хууль дээр хэргийг шалгаж байх явцад хэргийн хугацаа дуусвал хаана гэсэн. Авлигачдад хэрэг үүсдэг ч шалгуулсаар байгаад хугацаа нь дуусаад хаана л гэсэн үг юм байна л даа. Товчхондоо ийм байна” гэв.

Шүүх  худалдагдчихсан

Иргэдийн шударга шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн дарга хуульч, судлаач Х.Бат-Ялалт 

Иргэдийн шударга шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн дарга хуульч, судлаач Х.Бат-Ялалт “Өнөөдөр ийм мэдээлэл хийгээд сууж байгаадаа гутарч байна.Бид нарыг удирдаж байгаа төрийн сэнтийд хулгайч луйварч нар суусан байна.Шүүх  худалдагдчихсан. Энэ талаар бид арван жил ярилаа.Саяны Хаан банкны жишээн дээр ярихад 100 хувь иргэнийг хохироосон шийдвэр гаргасан байгаа юм. Арван сая төгрөгөөс болоод амиа хорлох гэд явж байгаа хүн байхад  өнөөдөр төрийн сэнтийд суусан хүмүүс  нь 30- 40 тэрбум төгрөгөөр идэж уугаад явж байна. Хаан банкны жишээ бол  тов тодорхой. Манай банкнаас хөнгөлөлтэй зээл олгосон. Хэргийг нааштай шийдэж өг гэдэг албан бичиг явуулдаг цагаандаа гарсан нөлөөлөл. Хуульчид өөрсдөө ийм бичиг аваад мөнгөтэй хүнд үйлчилж байна гэдэг аймшигтай” гэв.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж