‘Хурд’ хамтлагийн тоглолтын үеэр ‘Мишээл Экспо’ төвийн тайз нурж гурван хүн гэмтсэн хэрэг гуравдугаар сарын 8-нд гарсан. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Бөхийн өргөө, Мишээл Экспо зэрэг зориулалтын бус газруудад олныг хамарсан тоглолт хийхгүй байхыг анхаарууллаа.
Тодруулбал, Хурд хамтлагийн тоглолтын үеэр доргилтын улмаас дөрвөн метрийн өндрөөс гипсэн тааз нурж хоёр эрэгтэй, нэг эмэгтэй биедээ гэмтэл авчээ. Тухайн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу бүртгэл хийж, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж өгчээ.
Энэ мэтчилэн зориулалтын бус газарт урлагийн тоглолт зохион байгуулах нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэлтэй учраас мэргэжлийн байгууллагаас арга хэмжээ авч эхэлжээ. Мөн дахин урлаг, соёлын тоглолт хийвэл Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах аж.
Э.Ариун