Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг өнөөдөр /2018.4.3/ боллоо. Уг хуулийн шинэчилсэн найруулгад нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах тухай олон зүйл тусгасан. Нийслэлийн эрх зүйн байдлын орчныг сайжруулах нь угтаа нийслэлд онцгой статус олгох тухай асуудал аж. Ингэснээр нийслэлийн нийгэм, эдийн засаг, соёл, агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлын шийдлийг Засгийн газраар шийдвэрлүүлэх бус нийслэл өөрөө шийдвэрлэх боломжтой болох гэнэ. Хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэх ажээ.
аз жаргалтай хотоос ухаалаг хот руу
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас хуулийн шинэчилсэн найруулгын талаар лавласан юм. Тэрбээр “Нийслэлийн эрх зүйн байдлын талаар УИХ өнгөрсөн жилээс эхлэн хэлэлцэж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах боломж УИХ бий. Орж ирж байгаа хууль нь шаардлага хангаж байгаа эсэхэд олон гишүүд санал нэгдэлгүй намрын чуулганаар хэлэлцэгдээд зогссон. Хаврын чуулганаар асуудал дахин орж ирнэ. Зөв хууль болж чадвал энэ чуулганаар батална. Нийслэлийн эрх зүйн байдлын орчныг сайжруулахнь онцгой статус олгох тухай асуудал юм. Онцгой статусыг журам, дүрмийн хэмжээнд, зарим нэгэн захиргааны хэргээр шийдэхгүй. Онцгой статус гэдэгт удирдлагын тухай асуудал, төсөв түүний эрх, татварын тухай асуудал, өмчлөх эрхийн тухай, газар эзэмшил, хот төлөвлөлтийн тухай асуудал ордог. Мэдээж, нийслэл энэ бүрэн эрхийг авахад ямар ажил хийхийг энэ хууль тодорхойлно. Нийслэл аз жаргалтай хот гэхээсээ илүү ухаалаг хот байх ёстой. Ухаалаг хот болгоход ямар заалтыг хуульд оруулах тухай хэлэлцэнэ. Өнөөдөр Монгол Улсын хуульд төрийн, орон нутгийн өмч гэж байдгаас нийслэлийн өвч гэж байдаггүй. Нийслэл өөрийн өмчийг өөрөө захирдаг статусыг хуульд оруулах ёстой. Хоёрт, нийслэл онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газартай татварын хэлэлцээрт орох ёстой. Үүний дараа татвараа өөрсдөдөө зарцуулах эрхтэй болох ёстой. Үүнтэй уялдан гарч буй зүйл нь өмч, газрын тухай асуудал. Дараа нь, нийслэл онцгой бүрэн эрхтэй болох бол эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, соёл боловсролын асуудлыг Засгийн газраас хараат бусаар өөрсдөө шийдэх ёстой. Мөн нийслэл өөрөө хот төлөвлөлтөө шийдэх ёстой. Нийслэл дагуул хоттой байх уу, дүүрэгтэй байх уу гэдгийг хуулийн хүрээнд хэлэлцэнэ” гэлээ.
иргэдийг бухимдуулж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломжтой
Мөн тэрбээр “Замын түгжрэл, агаарын бохирдлын талаарх асуудал нь угтаа татварын зөв зохицуулалтын тухай асуудал. Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүн болгосноор асуудал шийдэгдэхгүй. Энэ хуулийг шинэчилснээр иргэдийг бухимдуулж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. УИХ дээр нийслэлийн агаарын бохирдол, барилга байгууламжийн асуудал шийдэгдэх ёсгүй. Бүх асуудал нийслэл дотроо шийдэгдэх ёстой. Тиймээс ийм хууль эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байна. Нийслэл хагас парламентаар ажилладаг байх хэрэгтэй. Нийслэл өөрийн зарчмаар ажилладаг, түүнийг өөрийн парламентаар баталдаг байх хэрэгтэй” гэсэн юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд, судалгааны байгууллагууд оролцлоо.
Р.Ренчиндулам