Давсны хэрэглээ ба ясны сийрэгжилт

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Давсны хэрэглээ ба ясны сийрэгжилт

Давсны хэрэглээ ба ясны сийрэгжилт

Давс их хэрэглэх нь шээсээр кальци алдагдах шалтгаан болох бөгөөд ингэснээр ясны эрдэсжилт багасч, яс сийрэгжих, яс хугарах эрсдэл үүсдэг. Бие дэх кальцийн 99% нь ясанд агуулагддаг.

Хэдийгээр ясны сийрэгжилт нь настай хүмүүст ихэвчлэн тохиолддог боловч, хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь давс кальцийн солилцоонд нөлөөлдөг байна. Ялангуяа охидод яс сийрэгжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Давсны хэрэглээг бууруулснаар шээсээр ялгарах кальцийн хэмжээ багасдаг.

Давс кальцийн солилцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

1980-аад оноос хойш хийсэн судалгааны үр дүнгүүд давсны хэрэглээ болон шээсээр алдагдах кальци нь хоорондоо холбоотой болохыг харуулдаг. Давс их хэрэглэх нь шээсээр алдагдах кальцийн хэмжээг ихэсгэн улмаар ясанд шууд нөлөөлдөг. Давсны хэрэглээ 100 ммоль-р нэмэгдэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ 1.4 ммоль-р ихэсдэг. Ийм байдлаар хэсэг хугацаа өнгөрөхөд яс хэврэгшиж, ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй. Тархвар зүйн болон санамсаргүй түүврийн судалгаагаар давсны хэрэглээг багасгаснаар шээсээр ялгарах кальцийн хэмжээ буурч байсан байна. Өөрөөр хэлбэл давс их хэрэглэхэд шээсээр алдагдах кальци ихэсдэг болохыг олон эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Тухайлбал ясны сийрэгжилттэй, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд 2 жилийн туршид явуулсан 24 цагийн шээсний натри (давс), кальцийн судалгаагаар шээсэнд нь натри их байсан эмэгтэйчүүдэд шээсээр алдагдах кальцийн хэмжээ их байжээ. Давсны хэрэглээг 10 г-аас 5 г хүртэл багасгахад ясны нягтаршил нэмэгдэн өдөрт 1000 мг кальци хэрэглэсэнтэй адил байжээ.

Ясны сийрэгжилтэд хэн хамгийн их өртөх вэ?

  • Өндөр настан
  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
  • Давс их хэрэглэдэг бүх насны бүлгийн хүн ам

Тиймээс ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлтэй хүмүүс хоногт 5 г-аас их давс хэрэглэж болохгүй.

Ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд:

  1. Хоногт 5 г-аас бага давс хэрэглэх
  2. Жимс, ногоон өнгийн ногоо, сүү, цагаан идээ тогтмол хэрэглэх
  3. Боловсруулсан, давсалсан, нөөшилсөн хүнс хэрэглэхгүй байх
  4. Хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж, давс багатай хүнс сонгох
  5. Кофе, хийжүүлсэн ундаа хэтрүүлж хэрэглэхгүй байх
  6. Д аминдэм, цайр, зэсээр баялаг хүнс хэрэглэх, боломжгүй бол нэмэлтээр ууж хэрэглэх

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж