Шинэ Зеландын өндөр настнуудын лобби групп “Өндөр настай жолооч” гэсэн бичигтэй тусгай наалт худалдаанд гаргасан компанийг шүүмжилжээ.
“Өндөр настай жолооч” хэмээн тусгай наалтыг худалдаанд гаргасан Оакландын “SafeGrannies” хэмээн компанийн төлөөлөгч энэ бизнесээ авто зам дээр зөрчил, маргаан гарахаас сэргийлэх зорилготой хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр ‘Хэрэв жолооны ард хэн сууж явааг мэдвэл авто зам дээр гардаг маргаан, хэрүүлээс сэргийлж чадна” хэмээгээд энэхүү пайз нь “Машинд хүүхэд явж байна” гэсэн бичигтэй адил жолоочдод хурдаа хасах сануулга болно гэжээ.
Гэвч Шинэ Зеландын өндөр настнуудын лобби групп есөн ам.долларын үнэтэй энэхүү наалт нь хөгшрөлтийг буруутгах үзлийн нэг хэлбэр гэж үзжээ.
Лобби группын ерөнхийлөгч Том О`Коннор хэлэхдээ “Хүмүүс үүнийг машины цонхон дээрээ наасан байвал би гайхахгүй. Гэхдээ энэ наалт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ямар үүрэгтэйг сайн мэдэхгүй байна” гэжээ.
Тэрбээр мөн Шинэ Зеландын даатгалын брокеруудын холбооны судалгааны дүнг иш татсан байна. Уг судалгааны дүнгээр 2016 онд зам дээр осол гаргах эрсдэлтэй бүлгийнхнийг 18-25 насны залуучууд тэргүүлсэн ажээ.
Эх сурвалж : BBC