Энэтхэгт хүний амийг хөнөөсөн дээд давхаргын иргэнийг баривчлахыг хориглосон Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр найман хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Энэтхэгт олон мянган жилийн өмнөөс тогтсон кастын тогтолцоо буюу ангийн тогтолцооноос үүдэлтэй ялгаварлан гадуурхах явдал одоо хүртэл хаа сайгүй байдаг ажээ. Харин Энэтхэгийн Дээд шүүхийн шийдвэр доод давхаргын Хинду шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Энэтхэгийн төв болон хойд мужийн Хинду шашинт олон мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлэн авто болон төмөр замын хөдөлгөөнийг хааж, машин шатаан, цагдаа нар руу чулуу нүүлгэжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас зарим хот, сууринд зах, сургуулиуд хаагдсан байна. Нийслэл Дели хотод олон мянган иргэн эсэргүүцлийн лоозон барьж жагсчээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр амиа алдсан найман хүний дийлэнх нь төв Мадяпрадеш мужид гарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр амь үрэгдсэн гэнэ. Зарим хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэврээхгүйн тулд интернет сүлжээг тасалсан байна. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Гужарат мужийн нэгэн тосгонд нийгмийн доод давхаргын нэгэн эрийг морь унаж явсны төлөө дээд давхаргын гэгдэх оршин суугчид зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан ажээ. Энэхүү хэрцгий балмад хэргийг Энэтхэгийн ангийн давхаргаас үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын нэг жишээ гэж иргэд үзэж байгаа юм. Энэтхэгийн 1.2 тэрбум хүн амын 200 сая орчим нь нийгмийн доод давхаргад багтдаг ажээ.
Сүүлийн хорь гаруй жилд бий болсон нийгмийн өөрчлөлтийн дүнд доод давхаргынханд дундаж давхаргад дэвшиж, амьдралаа өөрчлөх боломжууд нээгдсэн. Гэвч Энэтхэгт олон зуун жилийн өмнө тогтсон ангийн тогтолцооны улмаас доод давхаргынхан жорлон цэвэрлэх, хог түүх ажил эрхэлж ирсэн бөгөөд тэдэнд дээд давхаргынхны гэрт орох бүү хэл тэдний жорлонд орох эрх байдаггүй ажээ.
Эх сурвалж: voanews