“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Ерэн есдүгээр бүлэг
АЛБАНЫ ЦЭЭРИЙГ САХИН БАЛМАД БООЛ ЗУРШЛЫГ ЭВДЭЖ, АЛСЫН МЭДЭЭГ УНШИЖ ӨТӨЛ НАГАЦ ГАНЦААР ЭМЭЭВ
Өгүүлэх нь: их ахайтан Жя Мү, Има хоёр Дай Юйгийн төлөө зовж байхыг хараад Фөн Же: “Би Лао тайтай, авга эгч хоёрт нэг инээдэм сонсгоё” гээд тэднийг дуугарахаас урьтан “Хэний инээдэм гэж бодож байна вэ. Миний гэрийн шинэ хүргэн, шинэ бэр хоёрын тухай шүү” гэв. Жя Мү: “Яана гэнээ” гэсэнд цаадах нь Фөн Же гараар дохиж: “Нэг нь ийнхүү сууж, нэг нь ийнхүү зогсож, нэг нь ийнхүү буруу хандахад нэг нь ийнхүү эргэж харж нэг нь бас… гэтэл Жя Мү хөхөрч: “Чи сайхан хэлэлдээ. Тэр хоёр мөн гайгүй. Чи харин хүний дур булгиулна” гэв. Шюэ Има инээж: “Чи шууд залгаад хэл. Дууриан хөдлөх хэрэггүй” гэсэнд Фөн Же:
-Сая би Бао дүүгийн гэрт хүрвэл хэдэн хүн хөхрөлдөх сонсдов. Хэн юм бол гээд цонхоор шагайвал, Бао охин дүү ханзны ирмэгт сууж, Бао дүү дор зогсчээ. Тэрбээр Бао охин дүүгийн ханцуйнаас татаад: “Бао эгч чи юунд дуугарахгүй байна вэ. Чи нэг үг дуугарвал миний бие лавтай сайжирна” гэж дахин дахин хэлсэнд охин дүү буруу хараад дэмий л холдоно. Бао дүү бас нэгэнтээ ёслоод Бао охин дүүгийн дээлнээс татна. Цаадах нь цухалдан нэгэнтээ татсанд Бао дүү өвчний учир дэмий мөхөс тул охин дүүгийн бие дээр татагдан ойчив. Бао охин дүү бачимдан царай нь улайгаад: “Чи намайг ер нь хүндэтгэхгүй болжээ гэв” гэсэнд ахайтнууд хөхрөлдөв. Фөн Же цааш нь бас “Бао дүү босож зогсоод инээн: “Энэ нэг ойчсоны ачаар чамайг нэг дуугаргаж чадлаа гэв” гэсэнд Шюэ Има инээж:
-Энэ бол Бао охины этгээд зан. Нэгэнт нөхөр, гэргий болсон тул ярилцан инээлдэхэд ямар хамаа байхав. Тэрбээр Лянь Эл та хоёрыг олж харсангүй дээ гэв. Фөн Же царайгаа улайлган инээж:
-Энэ ер нь ямар үг болов оо? Би инээдэм гаргаж авга эгчийн уйтгарыг сэргээхүл авга эгч харин надаар элэг барьжээ гэсэнд Жя Мү бас инээж:
-Ийм бол сая сайн болно. Нөхөр гэргий эв эетэй байх нь сайн гэвч бас хэмжээ дамжаа байх хэрэгтэй. Би Бао охины энэ төв занг бахархаж, Бао Юйгийн тэнэг мунаг аашлахад зовинох юм. Саяын хэлснээс үзвэл анхнаас хол засарчээ. Өөр бас ямар инээдэм байна вэ. Чи хэлэгтүн гэв. Фөн Же: “Бао Юй дэр нэгтгэж, хожим худгуй дайдаа зээ тэвэрвэл тэр цагт нэн инээдэм болох биш үү” гэсэнд Жя Мү инээж:
-Самж бичээ, би энд И тайтайтай, Линь дүүгий чинь санаж байтал чи ирж төөрүүлэн инээлгэвэл барав. Бас яахин алиалах болов? Чи биднээр Линь дүүгээ бодуулахгүй гэж байна уу? Чи хэтэрхий баярлах хэрэггүй. Линь дүү чинь чамд хорсох тул хожим чи хүрээлэнд битгий ганцаар очигтүн. Тэр чамайг дагаж нэхэж мэднэ гэв. Фөн Жен инээж:
-Тэр надад гомдоогүй. Харин үхэхдээ, Бао Юйг шүд зуун занаж байсан… гэсэнд цаад хоёр нь тоглоомын үг гээд тоосонгүй. Тэгээд “Чи энд дэмий яриад яахав. Хурдан явж нэг сайн өдөр сонгуулаад Бао дүүгийнхээ дэрийг нийлүүлээд өг гэв. Фөн Же хүлээн аваад жаахан ярьж байгаад даруй явж өлзийт сайн өдрийг сонгуулан хурим бэлтгэж ший дуулуулан зочид залж дайлсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Бао Юйгийн бие хэдий сайжирсан боловч Бао Чай баярлах цагт бичиг сөхөн үзэж шүүмжлэн хэлэлцэхүл, цаадах нь түрүүнд үзсэнээ бага сага мэдэхээс биш, цэцэн сэргэлэнг нь хэлбэл урьдынхаасаа дордсоноо өөрөө бас мэдэхгүй гайхна. Бао Чай, билигт хашийг гээснээс хойш ийм болжээ гэж бодно. Ши Рэнь үргэлж түүнд:
-Чи яагаад анхны ой билгээ алдчихав аа? Хуучин гэмээ мартсан бол сайн шүү. Яагаад муу зан нь үлдэж ном эрдэмд мунхраад байна… гэж асуухад уурлахгүй зүгээр хадганан хөхөрнө. Бао Юй заримдаа сурсан зангаараа алиалавч Бао Чай ятган хориглох тул жаахан болгоомжилно. Тийнхүү Ши Рэнь гагцхүү хичээн харгалзаад олон дуугарахаа болив. Бусад охид ч Бао Чайгийн эелдэг тогтуун занг дотроо бишрэх тул нам тайван байв.
Харин Бао Юй бол алиалан наадахад дуртай, нам тайван суухад дургүй хүн тул үргэлж хүрээлэнгээр зугаалан явна. Жя Мү нар нэгд, түүнийг халуунд халж хүйтэнд хөрүүзэй гэж, хоёрт, гэр хашааг үзээд сэтгэл нь зовуузай гэж, хэдийгээр Дай Юйгийн шарилыг хотын гаднах сүмд тавиулсан боловч Шяо Шян Гуань уг хэвээр байх тул хуучин өвчнийг нь хөдөлгүүзэй гэж болгоомжлоод очуулахгүй байлаа. Төдий бас төрөл ургийн эгч дүү нарын дотроос Шюэ Бао Чинь, Шюэ Имагийн тэнд очоод, Ши Шиян Юнийг нийслэлд ирэх үед нь Ши Хэү гэртээ аваачаад өөрийг нь мордуулах өдөр ойртсон тул олон ирэхгүй. Гагцхан Бао Юйгийн хуримын өдөр, бас дэр нэгтгэх найрт нь ирсэн боловч мөн Жя Мүгийн тэнд хонож, өөрөө харьж мордох гэж байгаа болон Бао Юй гэрлэсэн тул мөн урьдын адил инээлдэн ярилцахгүй. Хааяа ирвэл ганцхан Бао Чайтай уулзаад Бао Юйтэй таарвал амар мэндийг асуух төдий болжээ. Шин Шю Янь бол Ин Чүнийг харьд мордсоноос хойш Шин Фүрэнийг даган очжээ. Ли овогт эгч дүү хоёр бол өөр газар суух тул хэдий Ли Жэньтэй хааяа ирж уулзавч дайдаа нар болон эгч дүүстэй уулзаад дараа нь Ли Ванийд хоёр хоноод явна. Тийнхүү хүрээлэнд ганц Ли Вань, Тань Чүнь, Ши Чүнь үлджээ. Жя Мү, Ли Ванийг нүүлгэн аваачъя гэвч хааны хатан хальснаас хойш элдэв явдал тасралтгүй үргэлжлээд завдаагүй бөгөөд одоо халуун дулаан болж байгаа болохоор тэнд нь байлгаж байгаад намар нүүлгэнэ гэж шийдсэн ажээ.
Нийслэлээс мордсоноос хойш Жя Жөн нөхдийн хамт эртэлж, оройтож явсаар нэгэн сайхан өдөр шинэ албаныхаа газарт очив. Дээд түшмэлтэй уулзаад, тушаалаа авч тамгандаа мөргөөд хэрэг шийтгэж эхлэв. Тэрбээр эхлээд Эл Жоу хошууны амуу будааны сан хөмрөгийг шалгаж данслав. Жя Жөн угаас нийслэлд түшмэлийн ажил хийж байсан болохоор засах, шийтгэх ажлыг төдий л хийсэнгүй бөгөөд гаднах муж, хошуу зэрэгт амуу будаа татварлан хурааж, тосгоны иргэдийг дайчлан шаардах зэрэг төвөгтэй ажлыг хэдий хүнээс сонссон боловч өөрийн биеэр хийж үзээгүй ажээ. Тиймээс зориг зүтгэлээрээ л ажилд хичээнэ. Доод түшмэлүүдтэйгээ зөвлөөд чандлан зарлаж, шалган гаргавал эрхбиш нарийвчлан хурааж, дээш илэрхийлэн мэдүүлнэ гэв. Очсон даруйд нь доод түшмэлүүд айж арга сүвэгчлэн дансан дээгүүр нарийн ажилласанд Жя Жөн огт нүүр тал харсангүй. Тэдгээр зарагдах хүмүүс нийслэлд байх цагт бол олз омоггүй тул завшаанаар энэ Лао ег дагаж гаднах тушаалд очих болсон учир тэнд очоод баяжна гэж бодоод, мөнгө зоос зээлж хувцас хийлгэж баярхан, ажилд ороод л мөнгөтэй болно гэж санасан ажээ. Гэтэл Лао егийн зөрүүд зан нь хөдөлж, Жоу хошуунаас хүргэснийг огт авахгүй, үнэн ёсоор нь шалган шийтгэжээ. Бичээч нар дотроо, бид дахиад хагас сар болбол хувцас хунараа барьцаалан зээлдэх газарт тавиад өрөө ч төлж чадахгүй бол яах вэ? Гялалзсан цагаан мөнгө гарт орж ирэхгүйг яах вэ гэж бодоцгооно. Тэдгээр шадар дагагсад ч бас: “Танай Лао е нар бол дэмий мөнгө зарсангүй ээ. Бид харин хилс болой. Энд ирэхдээ, өдий төдий мөнгө зарсан байтлаа энд ирээд сар болоход сохор зоосны ч бараа харсангүй. Энэ эзнийг ашиг олз олохгүй төлөвтэйг мэдлээ. Маргааш бүгдээр очиж чөлөө айлтгасугай” гэцгээнэ. Маргааш нь үнэхээр цугларан очиж чөлөө айлтгасанд Жя Жөн цаад учрыг нь мэдэлгүй:
-Даруй ирсүгэй гэх нь та нар. Бас явсугай гэх нь та нар. Энэ газрыг муу гэж голбол дураараа болтугай гэж хэлэв. Тэдгээр шадар дагагсад гомдол тоочсоор яваад хэдэн зарц үлдсэн нь бас “Явах нь нэгэнт явлаа. Явж чадахгүй бид ч бас нэг арга бодвол сайнсан” гэцгээв. Тэдний доторх нэг үүд сахигч Ли Шы Эр гэгч
-Та нар муусайн өөдгүй амьтад, юундаа яараад байгаа юм бэ. Энэ “Ноён” цолтон энд байхад түүний төлөө зовох явдалгүй. Одоо цөм өлсөөд дутаасан тул эзэн одоо Ши да е миний аяыг дагахаа мэднэ. Та нар сэтгэл нэгдэж хэдэн зоос олбол харивч нүүртэй болно. Намайг дагахгүй бол би бас хамаарахгүй. Хэрхэвч та нараас дээр явна гэсэнд бүгдээр “Сайн Ши Е минь, эзэн бас чамайг итгэж байна. Чи хайхрахгүй бол бид үнэхээр үхэхэд хүрнээ” гэцгээв. Ли Шы эр арга олж: “мөнгө зоос олсон хойно битгий бас намайг илүү авав гээрэй. Дотор зуураа эвдэрвэл муухай шүү” гэсэнд бүгдээр: “Хамаагүй ээ. Чи битгий зов. Зоос олохгүй ч өврөө малтсанаас дээр юмаа” гэцгээв.
Ийн хэлэлцэж байтал, будааны сангийн бичээч ирж Жөү Эр Ег эрсэнд Ли Шы эр сандалд хөлөө сольбуулан суугаад цээж түрж: “Түүнийг эрж яах нь вэ” гэсэнд бичээч гараа унжуулан инээмсэглэж: “Манай ноён шинэ тушаалд ороод сар илүү боллоо. Одоо Жөү хошууны да е нар манай ноёны зар тунхаг хэцүү чангыг үзээд хэлэлцэхэд хэцүү гэж мэдээд одоо болтол сан хөмрөгөө цөм нээгээгүй байна. Хэрэв онгоцны тээврийн өдрөөс хожидвол танай да е нар юү хийхээр ирсэн юм бэ” гэв. Ли Ши эл:
-За чи битгий дэмий ярь. Лао е түшигтэй, хэлсэндээ хүрч чаддаг хүн шүү. Хоёр өдрөөс бичиг өгч алба шаардсугай гэж байсныг нь би хэлээд хэдэн өдөр хойшлуулсан юм. Чи манай Жөү Эр Етэй уулзах ямар хэрэгтэй вэ гэж асуусанд бичээч:
-Шаардах бичгийн тухай асуух гэсэн юмаа гэв. Ли Шы эр:
-Сая намайг шаардах бичиг гэхээр чи үг дагуулдаг нь юү вэ. Битгий нууж хавчаад данс хар гээд бай. Би ноёндоо хэлээд чамайг хэд сайн занчуулаад хөөлгөж чадна шүү гэсэнд бичээч:
-Би бол энэ яаманд гурван үеэрээ байгаа хүн. Гадагш гарвал нэр нүүртэй, гэртээ ч болоод байдаг болохоор номхон шударгаар энэ ноёнд зүтгэсээр бас дэвшүүлчихэж чадна шүү. Харин тэр буруу идэгч, олз хүлээгчидтэй адилгүй хүн шүү би… гэснээ, за би явъя гэв. Ли Шы эр босож зогсоод инээн: “Тоглоом даахгүй энэ мэт хүмүүс хэдэн үгэнд л царай нь хувилах юмаа” гэсэнд бичээч:
-Би царайгаа хувилгасан юм байхгүй ээ. Дахиад энэ тэр гэвэл Эл да е гийн ариун нэрийг гутаах бишүү гэв. Ли Шы эр босож бичээчийн гарыг бариад “Эрхмийн алдар хэн билээ” гэж асуув. Бичээч:
-Мөхөс миний овог Жань, нэр Хуй Зы, багадаа нийслэлд хэдэн жил байсан гэв. Ли Шы
-Жань абугайн алдрыг сонсоод удлаа. Бид цөм нэг адил ах дүү болой. Ямар яриа байна ирж хэлж байсугай гэсэнд бичээч:
-Ли Да е гийн нэвтэрхий чадварыг хэн мэдэхгүй билээ. Намайг нэг хуурсанд би сүнсээ зайлтал айж билээ гээд инээв. Орой нь бичээч ирж шөнөжин хууч хөөрсөн ажээ.
Маргааш нь Жя Жөнг үгээр тэнсэж үзсэнд дургүйцэн хараав. Нөгөөдөр нь гадны зочидтой уулзах болсонд дотроос зарагдагтүн гэж захисанд гаднах хүмүүс хүлээн авав. Баахан удаад цагийн дохио гурвантаа цохисонд их танхимд хэнгэрэг дэлдэх хүн байдаггүй. Арай гэж нэг хүн олж дэлдүүлэв. Жя Жөн дулаан ордноос гарч ирвэл жасаанд зогсох ганц зарц байв. Шалгаж асуулгүйгээр индрээс бууж сүйхэнд суух гээд хүлээж хүлээж дамнах зарц нарыг ирэхээр дамнуулан яамны үүдээр гарвал ёслолын буу ганц удаа дуугарав. Хөгжмийн гэрийн үлээх, дэлдэх хүмүүсээс ганцхан нь байв. Бас нэг бишгүүрчин байлаа. Жя Жөн уурлаж: “Эртийд гайгүй байх шиг байсан, өнөөдөр яагаад хүн дутуу байна “гэсээр харвал, хэрэг мэдэгчид нь түлхэлдэж, таталдаж байв. Арай гэж зочинтой уулзаад буцаж ирээд, жасаанд суугаагүй хүмүүсийг занчина гэж хэлүүлсэнд зарим нь малгайгүй учир хождов, зарим нь албаны хувцсаа барьцаанд тавьсан учир саатав гэнэ. Бас зарим нь гурав хоног хоол олж идээгүй тул хэнгэргээ өргөж дийлэхгүй боллоо гэж хариулав. Жя Жөн уурлаж хоёрыг л занчаад орхив.
Нэг өдөр гал тогоо хариуцдаг хүн ирж зоос авна гэсэнд Жя Жөн авчирсан мөнгөнөөсөө өгч аргалав. Хойшид алив явдал цөм санаанд нийцэхгүй, нийслэлд байхтай огт таарахгүй болсон тул арга буюу Ли Шы эрийг дуудаж
-Намайг дагаж ирэгсэд яагаад цөмөөр хувирсан бэ? Чи мөн хамаарвал зохино. Одоо авчирсан мөнгөө нэгэнт зарж бараад мужийн сан хөмрөгөөс авах цалин мөнгө бас хол байх тул нийслэлд хүн явуулж авчруулж болно гэв. Ли Шы эр:
-Боол би тэдний тухай хэлж л байсан. Яасныг мэдэхгүй, цөмөөрөө л сүр сүлдгүй болчихсон. Боол би бас арга алдарч байсан. Лао е нийслэлээс хичнээн мөнгө авчир гэнэ вэ? Сонсвол, Же Дү түшмэлийн яаманд, насны баяр хийнэ гэж байна гэнэ. Бусад Лао е нар мянга түмэн лангийн бэлэг хүргэжээ. Бид чухам хэдийг өгөх юм бэ гэж асуув. Жя Жэн:
-Эрт хэлэхгүй яасан юм бэ гэв. Ли Шы эр:
-Лао е минь ээ, бид энд саяхан ирсэн. Бусад Лао е нартай танилцаж амжаагүй байхад, бидэнд хэн мэдээ чимээ хүргэх вэ дээ. Тэд таныг очихгүй байгаасай гэж байж ч мэднэ… гэсэнд Жя Жэн:
-Чи дэмий ярьж байна. Миний энэ түшмэлийг хаан эзэн тавьсан юм. Жэ Догийн насны баярт нийлүүлэхгүй бол намайг түшмэл гэж байлгахгүй юү гэсэнд Ли Шы эр инээж:
-Таны үг ташаагүй ээ. Нийслэл эндээс маш хол. Алив хэргийг цөмийг Же Дү түшмэл дээш айлтгадаг. Тэр сайн гэвэл сайн. Муу гэвэл тогтож чадахгүй болно. Олж мэдтэлээ нэгэнт оройтно. Лао тайтай, их дайдаа нарын хэн нь Лао ег бадарч явахыг хүсэхгүй гадаа орхих вэ гэв. Жя Жэн, бодолхийлээд:
-Чи яагаад эрт хэлээгүй юм бэ гэсэнд цаадах нь:
-Боол би айгаад хэлж чадаагүй юм. Харин Лао е одоо асуусан тул хэлэхгүй бол шударга биш хэрэг болно. Хэлбэл Лао е лав уурлах байхаа гэв.
-Хэлсэн нь ёсонд нийцвэл ямар хамаа байх вэ
-Тэдгээр бичгийн түшмэл, тэдний шадар хүмүүс бол цөмөөр зоос гарган тал засаж, амуу хүнсний яаманд ирсэн тул хэн нь баяжихыг хүсэхгүй вэ. Бүгдээр гэр орноо тэжээнэ. Лао е тушаалд ирснээс нааш улс гүрэнд хүчин зүтгэхийн урьд олон амьтны хэл аманд оржээ.
-Улс юү ярьж байна вэ?
-Ард олон тушаалд шинээр ирсэн Лао егийн зар тунхаг нь хэдий чанга болбоос мөнгөнд төдий дурлах нь болой. Жоу хошууны хүмүүс айгаад илүүхэн хүргэнэгэж байна. Амуу будаа хураах үед яамны газар даруй шинэ Лао егийн зарлиг гэнэ. Илээр мөнгө авч чадахгүй боловч ийнхүү гачиж гасалгавал тосгоны иргэд дуртайяа хэдэн зоос зараад явдлыг эртхэн дуусгахыг бодно. Тийнхүү тэдгээр хүмүүс Лао ег сайн хэлэхгүй мөртөө ардын сэтгэлийг мэдэхгүй гэнэ. Ли Дарэнь бол Лао етай хамгийн найртай хүн юм. Тэр бол цагийн өнгийг дагаж, дээр, доорхитойгоо эетэй найртай явж чадсанаар хэдхэн жилийн дотор дээд зэрэгт дэвшжээ.
-Чи бас дэмий яриад эхэллээ. Би цагийн өнгийг дагаж чадахгүй байна уу? Дээр, доорхитой эвтэй найртай явбал даруй би тэдэнтэй хуйвалдахад хүрэх бишүү?
-Боол би өчүүхэн бодлоо нууж чадахгүйдээ сая ийн хэлсэн юм. Лао е энэ мэтээр явсаар алдар гавьяа олж чадахгүйд хүрэхүл, намайг журамгүй, үгээ хэлсэнгүй гэнэ дээ.
-Чиний бодлоор яавал сайн юм бэ?
-Өөр арга гэж юү байна вэ? Лао егийн нас бие тэнхлүүн учир хаан эзний өршөөлийг хүртэж, Лао тайтайгийн лагшин тунгалаг байгаа үед завдаж, амь хувиа бодолхийлбэл зохино. Үгүй бол нэг жил болохгүйгээр гэрийн мөнгөө бараад бас дээр, дорын хүмүүст зэмлэгдэхэд хүрнэ шүү. Хүмүүс цөмөөр л, Лао ег гадаад тушаалд сууж олсон зоосоо нуун хадгалжээ гэнэ. Хэрэв нэг хоёр зүйлд гачигдвал хэн Лао ед тусална вэ? Тэр цагт хэрэг бүтээж чадахгүй мөртөө гэмшивч оройтно.
-Чиний үгээр бол намайг авлигач түшмэл болтугай гэх нь үү. Амь сүйдэхэд мөн гайгүй. Өвөг дээдсийн алдар гавьяаг бүрэлгэж яаж болох вэ?
-Лао е бол маш мэргэн гэгээн хүн юм. Тэр жил ялд унасан хэдэн Лао ег үзээгүй юү? Тэр хэд Лао етай найртай бөгөөд Лао е үргэлж ариун түшмэл гэж магтдаг байлаа. Одоо тэдний алдар яав? Одоогийн хэдэн ойр төрлийн Лао егаас хэдийн муу гэх мөртөө одоо цөм дэвших нь дэвшиж, улирах нь улирчээ. Алив явдлыг сайхан үйлдвэл болно. Лао е харин ардыг ч бодож ноёныг ч бодож явбал зохино. Лао егийн санаагаар Жөү хошууны түшмэдэд, сохор зоос ч олгохгүй бол гаднах алба ажлыг хэн хийнэ вэ? Лао е гадна мөн энэ мэтээр ариун түшмэлийн сайхан нэртэй явбал боллоо. Доторх ярвиг яршгийг боол би эрхлэн гүйцэтгэвэл лавтайяа Лао ед харш болохгүй. Боол би Лао ег өдий жил дагасан тул чухамхүү улаан зүрхээ уудлах нь энэ болой.
-Би бол амиа хамгаална. Та нар уршиг татвал надад хамаагүй шүү!
Нэгэнт яриа дууссан тул Ли Шы гарав. Энэ хүн бол гадуур гар хөл нийлүүлээд Жя Жөнг аргалж ажил эрхэлснээс хойш хамаг явдал нь урагштай, санасан дагуу болсон тул түүнийг сэжиглэсэн ч үгүй нэгмөсөн итгэсэн ажээ. Хэдэн газраас илчлэн айлтгасан боловч дээд түшмэд нь Жя Жөнгийн шударга хичээнгүйг үзээд шалгаж шийтгэсэн ч үгүй. Бичээч нарын доторх чих урттай нь тэр байдлыг олж мэдээд Жя Жөнг ятгасан боловч тэр итгэсэнгүй учир арга буюу зарим нь тушаалаасаа шилжиж яваад, бусад талтай найртай нь үлджээ. Төдий амуу хүнсний зөөврийн ажил учир явдал гаралгүй дуусчээ.
Нэг өдөр Жя Жөн онцын ажилгүй бичгийн өрөөндөө бичиг үзэн сууж байтал бичээч нь орж ирж нэг бичиг өргөн барив. Авч үзвэл, дээр нь, “Хай Мэн газар хамгаалан сахих ерөнхий түшмэлийн албан бичгийг Жянсийн амуу хүнсний түшмэлийн яаманд нисгэн хүргэгтүн” гэжээ. Задлан үзвэл:
Жинь Лингийн хуучин хэлхээ, нэг нутгийн зузаан найрыг бодож, урьд жил тушаал хүлээн нийслэлд хүрээд гэгээн нүүрт бараалхсандаа ямагт алсхин баярласаар бөлгөө. Өршөөл хайрыг хүртсэн нь, ураг садан мэт тул одоо болтол уушиг зүрхнээс ер гарахгүй байна. Хязгаарын газар тушаалд улирсны тулд аймшиггүй цүлсдэн айлтгаж чадсангүй. Гагцхүү хувь ерөөл мөхөсдсөндөө гомдох бөлгөө. Завшаанаар одоо эрхмийн хээрийн бараа ойртож нэг насны хүсэл даруй биелэх болоод шадар хөрш болоход баярлан, урьдаар бийр бэхсийн гэгээн сургаалыг хүлээн буйд хязгаарын хуарангаас цэргийн ёсыг дэвшүүлсүгэй. Хэдий мөрөн далай алславч уудам өршөөлд мөнхүү багтах болой. Ядуу доорд хэмээн голох үгүйгээр ургийн болзоо хүлээхийг хүснэ. Өчүүхэн би, нэгэнт баярын нүдээр хүсэн хүлээж, ариун охины гэгээмсэг дүрсийг бараалан сууна. Өршөөлд багтаан хүлээвэл, даруй зууч илгээсүгэй. Зам хэдий хол гэвч усан замаар амархан нэвтэрнэ. Зуун хөсгөөр угтана хэмээн хэлж эс чадавч хөнгөн завийг хичээнгүйлэн бэлтгэж хүлээнэ. Үүний тулд өчүүхэн хуудас бичиглэж улиран дэвших үлэмж буянд нийлүүлэн гэгээндээ толилохыг гуйна. Бичиглэн хичээнгүйлэх дашрамд эрхэм сургаал хайрлахыг тэсгэлгүй хүлээнэ.
Мөхөс дүү Жуо Чюн мөргөн барив гэжээ.
Жя Жөн үзээд дотроо, охид хөвгүүдийн барилдлага гэгч урьдын хувь ивгээлээр болно. Урьд жил, тэр нийслэлд тушаал хүлээгээд бас нэг нутгийн хүн бөгөөд угаас найртай явсны дээр төдий бас тэр хүүхдийн төрсөн нь сайхан тул найрын суудалд энэ хэргийг туурвин өнгөрсөн бөлгөө. Тийн хэмээвч хэлэлцэн тогтсонгүй тул тэдэнд дурдсангүй өнгөрчээ. Хожим нь тэр далайн хязгаарт улирснаар, бүгдээр мөн хэлэлцэхгүй орхисон байна. Би энд тушаалд дэвшин ирсэнд тэр одоо бичиг ирүүлэн асуужээ. Үүд өрхийг үзвэл, мөн бид лүгээ зэрэгцэх бөгөөд Тань Чүнь лүгээ мөн тэнцэнэ. Тийм боловч би гэр бүлийг дагуулаагүй тул тэдэнд бичиг илгээн зөвлөсүгэй хэмээн бодож, түдгэлзэн суутал үүдний хүн гэнэт бас нэг битүүмжилсэн бичиг авчирч өгөв. Үзвэл, мужийн яаманд хэрэг зөвлөнө гэх тул Жя Жөн арга буюу эмхлэн засаж мужид очин, Же Дү түшмэлийн захиаг хүлээв.
Нэг өдөр албаныхаа ордонд суугаад, Жя Жөн ширээн дээр овоолоотой мэдээг нэг нэгээр сөхөж үзвэл, эрүүгийн зурганы нэг хувь бичигт: “Илэрхийлэн мэдүүлэхийн учир. Жинь Лин газрын тойруул худалдаачин Шюэ Пань… гэж бичсэнийг үзээд хэрдхийн цочив. Тэгээд: “Хэрэг болжээ. Нэгэнт дээш мэдүүлжээ” гэж бодоод сэтгэл тавин цааш үзвэл, Шюэ Пань, Жан Санийг цохьж алаад гэрч лүгээ зөвлөж, ташааран алав хэмээн худал өчиг өгсөн хэрэг байжээ. Жя Жөн ширээ алгадаж цааш залган үзвэл:
Нийслэлийн Же Дү түшмэлийн мэдүүлсэн “Жинь Лин газрын Шюэ Паньтай Пин хошуугаар аялан өнгөрөхдөө Ли овогтны буудалд хоногложээ. Буудлын зарц Зан Саньтай ер танилцаагүй билээ. Аль жил, аль сарын аль өдөр. Шюэ Пань буудлын эзэнд захиж архи бэлтгүүлээд Тай Пин хошууны ард Ү Линтэй хамт уулзахад зарц Жан Саниар архи авчруулжээ. Архи нь амтгүй тул Шюэ Пань сайн архиар сольё гэж захисанд Жан Сань архийг нэгэнт өгсөн тул солиход хэцүү гэжээ. Шюэ Пань түүнийг татгалзахаар нүүр рүү нь архиа цацсанд хүчин ахдаж, бас яг Жан Саний доош бөхийж газраас савх авахтай таараад, гараас алдсан архины аяга нь Жан Саний гавал дээр туссан тул арьс нь язарч цус гараад агшин зуур амь нь гарчээ. Буудлын эзэн Ли овогт тэнхрүүлж чадсангүй. Тэгээд Жан Саний эхэд хэлжээ. Түүний эх Ван овогт хүрч ирээд, нэгэнт үхсэн тул лавтай мэдүүлнэ хэмээн хошуунд очиж илтгэн мэдүүлжээ. Хошууны мэдэгч байцаан шүүвээс яс нь нэгэн ямх, гурван фун хагараад, нуруунд нэг шарх бий тул дутуу мэдүүлснийг нөхвөрлөж нарийвчлан хянаад дээш мэдүүлжээ. Үзвэл: “Шюэ Пань үнэхээр архи цацахад аягаа алдаад Жан Санийг шархдуулан үхэхэд хүргүүлсэн тулд түүнийг ташааран алснаар таслан шийтгэж, тэмцэлдэн алсан ялыг солин хэлтрүүлнэ” хэмээн мэдүүлэн иржээ. Сайд нарийвчлан үзвэл, эл талын гэрчлэн хэлсэн ба өмнөх хойнох өчиг нь нийцэхгүй, жич бас тэмцэлдэн алсан хэргийг шийтгэх хуульд өгүүлсэн нь, харилцан булаалдахыг тэмцэнэ гэж, харилцан зодолдохыг занчина гэжээ. Тэмцэлдэн булаалдсан байдал үнэхээр үгүй тул эндэгдэл гарч алснаар тогтоож болно гэжээ. Тийнхүү тус Же Дү түшмэлд захиа буулган үнэн байдлыг байцаан тодорхойлж сэдэвлэн мэдүүлбэл зохино. Эдүгээ тэр Же Дү түшмэлийн гадуур хэлэх нь, Жан Сань архи сольж өгсөнгүй тул Шюэ Пань архины халуунаар Жан Саний баруун гараас барьж эхлээд нуруунд нэгэнт нударгалсанд цаадах нь зодуулсандаа хараатал Шюэ Пань аягаар гавлыг хүнд шархдуултал яс нь хэмхэрч толгой нь хагараад түргэн үхжээ. Жан Саний үхсэн нь үнэхээр Шюэ Паний архины аягаар цохиж хүнд шархдуулснаас болсон тул Шюэ Паниар амь төлүүлж, түүнийг тэмцэлдэн алсан ялаар тасалж, боомилон алах ялаар шийтгэн цаазаар аваачихыг хүлээнэ. Ү Лияныг нэвширтэл чавчрагадахаар шийтгэв. Шүүн тасалсан нь, голч биш тул Эр Жөү хошуунд мэдэгдэн… гээд дор нь тус нооргийг бичиж дуусаагүй гэж тодорхойлжээ.
Жя Жөн, Шюэ Имагийн найдсан ёсоор хошууны мэдэгчид итгэн өнгөрсөн байжээ. Хэрэв дээш мэдүүлж, дахин шүүвэл өөрийн биед холбогдох тул дотор нь эвгүй болов. Дараах дэвтрийг сөхөн үзвэл өөр юм байсанд, эргүүлэн хөрвүүлэн үзээд ч үргэлжлэх бичгийг олсонгүй. Дотор нь сэжиг төрөөд айжээ. Яг гайхан сууж байтал гэнэт Ли Шы эр орж ирээд: “Лао е танхимд гарч хүлээх болов уу. Ли Да рэний яаманд хэнгэрэг хоёронтаа дэлдэв” гэсэнд Жя Жөн бэгтрэн мэлэрсээр олж сонссонгүй. Ли Шы эр дахиад л хэлэв. Жя Жэн:
-Үүнийг яавал сайн бэ? гэсэнд цаадах нь:
-Лао е юунд зовоод байна вэ гэсэнд, албан мэдээ үзсэнээ тодорхой тоочин хэлэв. Ли Шы Эр:
-Өө Лао е санаа амар бай! Зурганаас энэ мэтээр шийтгэвэл үнэхээр Шюэ да ег өршөөсөнгүйд орно. Боол би нийслэлд байхдаа Шюэ да егийн буудалд олон эмс цуглуулж архидан согтоод нэг зарцыг нь цохьж алав гэж сонссон юм. Боол би сонсвол, хошууны мэдэгчид найдсанаар барахгүй Лянь Элийг гуйж очуулан баахан зоос зараад олон яаманд цөм хэлэлцэн тогтсон хойно сая таслан шийтгэв гэсэн бөлгөө. Яахин бас Зурганд хүрээд учрыг олсонгүйг мэдэхгүй. Одоо хэдий хэрэг задравч ноёд түшмэд бие биеэ өмгөөлөх тул таслан шийтгэсэн нь голч биш хэмээх нэр зүүлгэж тушаалаас огцруулах шийтгэл өгөх төдий байхаа. Юуны хээл идэж хэрэг буруу шүүсэнд хүрнэ вэ. Лао е бодох хэрэггүй. Боол би сураглаж үзье. Дээд түшмэлийн хэргийг битгий саатуулагтун гэв. Жя Жэн,
-Та нар юү мэдэх вэ. Тэр хошууны мэдэгч нэг удаа тал хараад заргаа алдсан нь хайран болой. Бас ялд унасан ба үгүйг мэдэхгүй гэсэнд, Ли Шы эр,
-Одоо түүнийг бодовч тусгүй. Гадна хүлээж уджээ. Лао е даруйхан очмуу гэв. Же Дү түшмэл Жя Жэнд ямар хэрэг уламжилсныг эс мэднэ. Түүнийг дараа бүлэгт үзэгтүн!
Холбоотой мэдээ