Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.
-Банк бус санхүүгийн салбарт нөхцөл байдал ямар байна вэ. Энэ онд хийх гол ажил юу вэ?
-Банк бус санхүүгийн байгууллагын хувьд 2017 онд нийт хөрөнгө 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгө сүүлийн 10 жилд хамгийн өндөр буюу 35 хувиар, даатгалын салбар 20 орчим хувиар, үнэт цаасны зах зээл дээр үнэлгээ гэж байдаг, сүүлийн 26 жилийн түүхэн дэх хамгийн дээд төвшин буюу өмнөх оныхоос 66 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Энэ бүгдээс үзэхэд банк бус санхүүгийн салбарт тодорхой сэргэлт гарч байна.
Сэргэлтэд тулгуурлаад 2018 онд санхүүгийн зах зээлд гарч байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ард иргэдэд хүртээмжтэй болгох, оролцогч санхүүгийн байгууллагынхаа үйл ажиллагааг чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хадгаламжийн хувьд даатгалд хамруулах үйл ажиллагаануудаа цэгцэлнэ.
Санхүүгийн салбар нэг тулгууртай банк гэсэн давамгай бүтэцтэй байсан бол гурван тулгууртай болгох тулгуур бодлогоо гаргаж байна. Өөрөөр хэлбэл, даатгалын салбар, үнэт цаасны зах зээл, банк гэсэн гурван тулгууртай явахад тэнцвэртэй зохистой хөгжлийг хангана. Эдийн засагт өсөлт ажиглагдаж байгаа үед санхүүгийн салбараа олон тулгууртай болгох нь энэ хэмжээгээр нөөцийн үр ашигтай хуваарилалт хийх, ард иргэдэд санхүүгийн үйлчилгээгээ бүрэн дүүрэн хүртэх боломжийг нэмэгдүүлдэг.
Мөн төрийн томоохон аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, хөрөнгийн зах зээл дээр актив гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа. Төрийн өмчит хувьцаат компанийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах жишиг дэлхий нийтэд түгээмэл байдаг. Манайд дөрвөн гол давалгаа явж ирлээ. Үечилбэл 1990-1995 он, 1990-ээд оны дунд үе, 2000 оны эхэн үе, өнөөдөр эргээд төрийн өмчит компанийг хувьчлахад анхаарал хандуулж байна. Ингэхдээ хувьчлалыг хэрхэн үе шаттай, иргэдэд хүртээмжтэй байлгах вэ гэдэг асуудлыг ярилцаж байна.
-Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо юу хийж байна вэ. Өнгөрсөн хугацаанд гарсан зарим нэг алдаа бол иргэд хөрөнгийн зах зээлд оролцлоо ч ашиг хүртэж чадаагүй нь эргээд банкны салбарт хөрөнгөө байршуулахад хүргэв үү гэдэг дүгнэлт хийхэд хүргэдэг?
–Өнөөдөр иргэдийн 98 хувь нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй байна. Гэвч хоёр хувь нь л хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцдог. Хөрөнгийн зах зээл дээр оролцох иргэдийн итгэлийг сэргээх шаардлага бий. Итгэлийг нь сэргээхийн тулд хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд найдвартай байх ёстой юм. Тэгж байж хөрөнгийн зах зээлийн талаар зөв мэдээллийг иргэд авна. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцох нь бусад үйл ажиллагаанаас илүү ашигтай, хадгаламжид мөнгөө хадгалснаас илүү ашигтай байна гэдгийг ойлгуулах нь чухал болсон. Нийлүүлэлт талаасаа компаниуд хөрөнгийн зах зээлийг сонирхоод, олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болохоор хэрэглэгчид түүнийг авах, хувьцаа, бонд болгон буцаан арилжих боломжтой.
Өнгөрсөн 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд хоёр IPO, нэг бондын зөвшөөрөл олгосон. Үүнээс хамгийн амжилттай болсон IPO нь “ITOOLS” компанийн IPO-гийн захиалга 200-300-гаар давж биелсэн. Мөн “Сүү” ХК-ийн бонд амжилттай арилжаалагдсан. Энэ нь хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээний сэргэлт бий болж байгаагийн тодорхой жишээ юм.
Он гарсаар “Лэнд МН” банк бус санхүүгийн байгууллага IPO гаргалаа. Зах зээлд захиалга нь 6-7 дахин давж биелсэн. Тиймээс хөрөнгийн зах зээлд эрэлт байна. Энэ хэмжээгээр нийлүүлэгч компаниуд ч эрэлтийн тэнцвэрийг нь зөв хангаж, зах зээлд шингээх тал дээр Санхүүгийн зохицуулах хороо бодлогоо чиглүүлж ажиллах ёстой юм байна гэдэг нь харагдаж байгаа.
-Мөнгө хүүлэлт банк бус санхүүгийн байгууллагад хамгийн их гарч байна гэдэг шүүмжлэл олонтаа гардаг. Хүүг бууруулах механизм судалж байна уу. Банкны салбарынхан бол зээлийн хүүг бууруулахаар ямар ч байсан хууль эрх зүйн орчноо өөрчлөхөөс эхлээд зарим арга хэмжээг авч эхэлсэн?
-Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагаас тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эрхэлж байгаа 530 гаруй байгууллага байна. Бид тогтмол газар дээр нь болон зайны хяналт хийдэг. Энэ үйл явцаас харахад хэвлэлээр бичээд байгаа шиг ч юм уу мөнгө хүүлэлтэд банк бус санхүүгийн байгууллагууд оролцож байгаа зөрчил илрээгүй.
Зээлийн хүүг 2016 онтой харьцуулахад 2017 онд дундаж хүүгийн түвшин 0.6 хувиар буурсан.
Энэ нь дүрмийн санг өсгөх шийдвэр гарсантай холбогдож гарч байгаа үр дүн. Үндсэндээ зээлийн нийлүүлэлтийн хэмжээ өсөж, хүүгийн хэмжээ буурсан байгаа.
-Дүрмийн санг хэдээр тогтоосон билээ. Өнгөрсөн онд гаргасан шийдвэр бил үү?
-Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн онд банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Дээрх шийдвэрийн хүрээнд 2016 оноос өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан банк бус санхүүгийн байгууллага ирэх дөрвөн жилийн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлнэ. Шинээр байгуулагдаж байгаа банк бус санхүүгийн байгууллага Улаанбаатар хотод 2.5 тэрбум төгрөгөөр, хөдөө, орон нутагт 600 сая төгрөгөөр дүрмийн сангаа эхлүүлэх үүрэг хүлээсэн.
Г.ДАРЬ