Хуурамч барааны худалдаа аюулын харанга дэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.03-нд нийтлэгдсэн

Хуурамч барааны худалдаа аюулын харанга дэлдэж байна

Хуурамч барааны худалдаа аюулын харанга дэлдэж байна

Зүүн өмнөд Ази дахь хуурамч барааны худалдаа эрхлэлт эдийн засагт асар их хохирол учруулж, аюултай хэмжээнд хүрсэн талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжил олон улсын байгууллагын /the OECD/ ахлах эдийн засагч Пиотр Стризовский ярьж байна.

Тэрбээр хуурамч бараа бүтээгдэхүүний худалдааг сүүлийн арав гаруй жил судалж байгаа бөгөөд ялангуяа зүүн өмнөд Азийн бүс нутагт энэ асуудал тун ноцтой түвшинд хүрснийг олж харжээ. Эдийн засагчийн үзэж буйгаар хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувь хэмжээ нь өсөөд зогсохгүй тархац нь асар том хүрээг хамарчээ.

Хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн сонирхлыг дэлхийд тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнүүд татдаг байсан бол одоо тэд дурын лого, шошгыг дуурайлган хийдэг болсон гэнэ.

Бараа бүтээгдэхүүн хуурамчаар үйлдвэрлэгчид нэртэй брэндийн бүтээгдэхүүнээс авахуулаад тоног төхөөрөмж, сэлбэг, зай хураагуур, шүдний оо, гоо сайхны бараа, хоол хүнс зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүртэл дуурайлган хийдэг болжээ.

Пиотр Стризовскийн хэлэхдээ “Хэрэглэгч тухайн брэндийн бараанд нэр төр эсвэл чанарынх нь төлөө илүү үнэ төлөхөд бэлэн байдаг тийм бараа бүтээгдэхүүн хуурамч бараа үйлдвэрлэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг” гэжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжил олон улсын байгууллагаас 2013 онд явуулсан судалгааны дүнгээр олон улсын худалдааны 2.5 хувь буюу 461 тэрбум ам.долларыг хуурамч бараа бүтээгдэхүүн эзэлж байжээ.

“Энэ бол “Apple” корпорацийн нэг жилийн ашгийг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө. Гэхдээ энэ тоо улам нэмэгдэж байна. Хамгийн их санаа зовоож буй зүйл бол хуурамч бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ, тархац хүрээ улам нэмэгдэж байгаа нь юм” хэмээн Стризовский хэлж байна. “Apple” корпораци 2017 онд нийт 229.2 тэрбум ам.долларын ашиг олсон.

Энэ судалгаа хуурамч бараа бүтээгдэхүүн дэлхийн эдийн засаг, инновацид эдийн засгийн маш ноцтой аюул заналхийлж буйг анхааруулсан юм.

“Бараа бүтээгдэхүүн хуурамчаар үйлдвэрлэх нь хууль бус үйл ажиллагаа. Улсад татварын алдагдал бий болно. Хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олсон мөнгө зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн халаасанд ордог” хэмээн Стризовский ярьж байна.

Хуурамч бараа бүтээгдэхүүн зөвхөн эдийн засгийн өсөлтөд аюул учруулаад зогсохгүй ямар ч стандарт, чанар, баталгаагүй үйлдвэрлэгддэг учраас хэрэглэгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байдаг. Хуурамч бараа бүтээгдэхүүний хууль бус үйлдвэрлэл, худалдаагаар Ази ямагт дээгүүр бичигдэж ирсэн юм.

Шалтгаан нь энэ бүс нутагт аж үйлдвэрлэлийн түвшин өндөр байдагтай холбоотой ажээ. Дээр нь Азид худалдааны маш олон том боомтууд бий. Тэдгээр боомтуудын зарим нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг нууцаар хил гаргадаг ажээ.

Хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа Хятадын компаниудын хувьд ч тулгамдсан асуудал болоод байгаа ажээ.

Бараа бүтээгдэхүүн хуурамчаар үйлдвэрлэгчдийн хохирогч болсон компаниудын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Хятадын “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хуурамчаар үйлдвэрлэдэг гэнэ.

Хүмүүсийн дунд Хятад улс бол хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төв гэх ойлголт түгээмэл байдаг. Гэвч конторбандуудын хувьд хамгийн чухал нь мөнгө. Тэдэнд Ази, эсвэл Африк байна уу хамаагүй. Яагаад гэвэл тэдний энэ хууль бус үйл ажиллагаанд хил хязгаар гэж байхгүй” хэмээн Стризовский ярьж байна.

Хөгжиж буй улс орнуудын хувьд хуурамч бараа бүтээгдэхүүн бол гамшгаас ялгаагүй гэж эдийн засагчид хэлдэг.

“Конторбанд хийнэ гэдэг бол бусдын бодож олсон шинэ санаа санаачилга, арга технологи, үйлдвэрлэлийг хулгайлж буй хэрэг.

Энэ шалтгаанаар хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл хөгжсөн оронд бизнес хөгждөггүй. Харамсалтай нь хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл улам хүрээгээ тэлж, олон оронд тархаж байгаа ажээ.

Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хаанаас мөнгө олж болох мөн ямар оронд хууль дүрэм сул гэдгийг сайн мэддэг. Тиймээс хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа гэмт хэрэгтнүүдийн хамгийн анхаарал татсан салбар болоод байгаа билээ.

Дэлхийн улс орнуудад хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг зохицуулах хууль байдаг ч хэрэгждэг нь тун цөөн гэнэ. “Сайн хууль байлаа ч хэрэгжүүлэхгүй бол ямар ч хэрэггүй. Халбагагүй бол хүн хоолоо идэж чадахгүйтэй адил хууль дүрэм байлаа ч хэрэгждэггүй, мөрддөггүй бол хууль бус зүйлийг таслан зогсоож чадахгүй” хэмээн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжил олон улсын байгууллагын /the OECD/ ахлах эдийн засагч Пиотр Стризовский ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж