Бөхчүүд допинг хэрэглэсэн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Бөхчүүд допинг хэрэглэсэн байж болзошгүй

Энэ жилийн Үндэсний их баяр наадам урь жилүүдийнхээс өргөн дэлгэр, сонин хачин ихтэй болж өнгөрсөн. Наадмын дараа Монголын Үндэсний олимпийн хороо бөхчүүдийн допингийн шинжилгээг БНСУ-ын гэрээт лабораторид хийлгэхээр явуулдаг бөгөөд энэ жилийн баяр наадмын бөхчүүд болон харваачдын сэргээшийн шинжилгээний хариу албан ёсоор иржээ. Энэ жил зодоглосон 1024 бөхөөс шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ руу явуулсан байна. Харин шинжилгээний хариу тус улсаас ирээд арав гаруй хонож байгаа ч  олон нийтэд  мэдээлэхгүй байгаа талаар “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт нийтэлсэн байна. “Өнөөдөр” сонинд мэдээлэхдээ “Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын цол хүртсэн найман бөх допинг хэрэглэсэн болох нь нэгэнт тодорхой болсон аж. Шинжилгээний хариу ирээд арав гаруй хонож байгаа ч олон нийтэд зарлахгүй байгаа нь дүрэм зөрчсөн бөхчүүдийн нэрийг нуун дарагдуулах “хор найруулж” байгаатай холбоотой гэж сэжиглэхэд хүргэж байна” гэжээ. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан сэтгүүлчийн асуултад “Шинжилгээний хариу ирэх нь ирсэн. Гэхдээ одоохондоо олон нийтэд зарлах болоогүй. Баяр наадмын тухай хуулийн дагуу шинжилгээний хариуг наадам зохион байгуулах комисс хэлэлцээд дараа нь мэдээлэл хийдэг. Хэрвээ наадмын комисс арга хэмжээ авахгүй бол бид хуулийнхаа дагуу арга хэмжээ авах учиртай. Хуульд заасан хугацаа дуусахад долоо хоног дутуу байна” гэж хариулжээ.  “Өнөөдөр” сонинд нийтэлснээр найман бөх допинг хэрэглэсэн  болох нь баттай эх сурвалжийн мэдээлэл ажээ.

С.Отгон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж