Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр Бөхийн өргөөнд болж, холбооны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөн шинэ тэргүүнийг сонгосон юм. Тус холбоог 1990 оноос хойш удирдсан Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар ажлаа өгсөн билээ. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл бүрэн шинэчлэгдэж, 67 гишүүний хурал маргааш Бөхийн өргөөнд болохоор болжээ.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ШИНЭ ТЭРГҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ САНАЛ БОЛГОНО
“Их Эе” хуралд нийт 200 гишүүн оролцохоос 153 нь мандатаа баталгаажуулж, хуралд суусан юм. Холбооны дүрмэнд шинээр сонгогдох тэргүүн нь орон тооны бус байна гэж өөрчилсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийн 98 хувийн саналаар сонгогдсон. Тэрбээр хурлын маргаааш өглөө БНСУ руу парламентын гишүүд хуралд явсан учраас шинээр сонгогдсон цэцдийн зөвлөлийн гишүүдийн хурал 10 хоногоор хойшлогдсон юм.
Цэцдийн зөвлөлийн хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч 13 гишүүнийг сонгоно. Харин гүйцэтгэх захирлыг холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ сонгож, Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах юм байна.
Бөхийн холбооны Цэцдийн зөвлөл нь Их Эеийн чөлөөт цагт МҮБХ-ны эрх барих, төлөөлөх, байгууллага гэдгийг дүрмэндээ заажээ. Хурлаар нийт 67 гишүүнтэй байсныг хэвээр үлдээсэн юм. Харин эдгээр гишүүдийн 39 нь бөхчүүд учир ард түмний хүсээд байгаа өөрчлөлтийг оруулна гэж хэдхэн хоногийн өмнө болсон хэвлэлийн хурлын үеэр цэцдийн зөвлөлд сонгогдсон бөхчүүд мэдэгдэж байсан.
НӨГӨӨ ТАЛ ГЭЭД БАЙГАА БӨХЧҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
“Их Эе”-д нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 нь албан ёсоор мандатаа авч сонгуулийн үйл ажиллагаанд 143 нь оролцсон билээ. Хөдөө орон нутгаас Увс болон Дундговь аймгийн төлөөлөл мандатаа аваагүй байна. Хуралд ирээгүй бөхчүүд дунд дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хүчтэнүүд багтсан. Мөн улсын гарьд Ц:Цэрэнпунцаг, Б.Гантогтох, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Д.Долгорсүрэн нарын өндөр цолтой бөхчүүд “Их Эе”-ийн хуралд ирээгүй юм.
Шинээр сонгогдсон цэцдийн зөвлөлийн бөхчүүд хэлэхдээ “Их Эе”-д бөхчүүдийнхээ төлөөллийг олноор нь оролцуулж, хэдэн жил шийдэж чадахгүй явсан олон асуудалд зоримог шийдэл гаргалаа гэдгээ хэлж байсан юм. Мөн нөгөө тал гээд байгаа бөхчүүд болох улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн зэрэг бөхчүүдийн байр суурийг сонсож, хамтарч ажиллахаа хэлж байв.
‘Их Эе’ болохын өмнө хурлыг хийлгэхгүй байх шүүхийн шийдвэр гарсан бичгийг хуулийн байгууллагынхан авчирч багагүй үймээн дэгдээсэн билээ. Энэ маргааныг таслан зогсоохын тулд бөхчүүд өөрсдөө хуралдаа идэвхтэй оролцож, холбооныхоо бүтэц зохион байгуулалтад чухал нөлөө үзүүлнэ гэж шийдсэн учраас хуралд идэвхтэй оролцсоноос бөхчүүд тайлбарласан.
БАРИЛДААНЫ ШҮҮЛТЭД КАМЕРЫН БИЧЛЭГ АШИГЛАХ УУ?
Цэцдийн зөвлөлийн хурлаар ярилцах нэг асуудал бол бөхийн барилдааны давааны асуудал юм. Барилдааны шүүлтэд камерын бичлэг ашиглах, хөлийн цэц засуулуудыг илүү хариуцлагатай ажиллуулах, өндөр цолтой бөхчүүдийн барилдааны идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Иргэдийн зүгээс шүүлттэй холбоотой асуудалд илүү их анхаарал хандуулж, олон бөхчүүд хохирч байгаа удаа дараа сануулсаар байгаа юм. Мөн бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар худалдаалах, барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэх зэрэг олон асуудлуудыг авч хэлэлцэх аж.
Талцал болоод шүүхээр олон жил явж байгаа Бөхийн холбооны “Их Эе”-ээс Цэцдийн зөвлөл бүрэн шинэчлэгдэж, маргааш анхны хурлаа хийх гэж байна. Мөн шинээр тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонголтууд ч анхаарал татаж байгаа юм.