Модон жорлон Монголын гамшиг болжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Модон жорлон Монголын гамшиг болжээ

Модон жорлон Монголын гамшиг болжээ

Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг ирлээ. Утааны асуудал намжиж, ханиад томуу багасах сайн талтай ч хөрсний бохирдол, халдварт өвчний эхлэл тавигдаж байгаа нь муу талтай. Учир нь өвөлжин асгаж, дов шиг болсон элдэв хөлдүүс, угаадас гэсэж гэр хорооллын гудамж замуудаар үерийн ус шиг урсаж, үнэр танар нь амьсгалахад хүртэл хэцүү болдог цаг.

Өвөл нь амтай болгон утааны тухай ярих боловч утаанаас ч илүү хортой бидний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нүхэн жорлонгийн талаар ярих хүн цөөн. Хүмүүсийн байнгын хэрэглээ болдог нүхэн жорлон аюул заналхийлж байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу?

Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. Өндөр хөгжилтэй  орнуудад айлууд нь бүгд  төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байхаас гадна байгальдаа хаягдаж байгаа бохир усыг ундны усны стандартын шаардлагыг хангахуйц өндөр түвшинд хүртэл цэвэршүүлж байна гээд боддоо. Нийслэлд 19 мянган айлын 900 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг. Үүнээс үзэхэд нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь бохир хөрсөнд шингэж байна гэсэн үг. Модон жорлон хөрсийг бохирдуулж 36 төрлийн халдварт өвчний нянг агаар болон хөрсөөр дэгдээдэг аж.

Хөрсний бохирдлыг мэргэжлийн байгууллагууд юу гэж тогтоов?

Өнөөдөр нийслэлийн хөрсөнд байх ёстой найман төрлийн химийн бодис хэвийн хэмжээнээс 3-4 дахин их агуулгатай байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоов. Цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдээс гарах хатуу, шингэн хог хаягдал, ил задгай бие засах, стандартын бус жорлон байгуулах зэрэг нь хөрсний бохирдлын хамгийн том аюул юм. Нянгийн бохирдол нь тухайн нүхэн жорлонгоос доош 5-6 метр хүртэлх гүнд байдаг байна. Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай.

Гэтэл Монгол улсын хөрсний нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин  их байгаа учир  эргээд цэвэршинэ гэдэг эргэлзээтэй. Бохирдсон хөрс эргээд үржил шимтэй хөрс бүрэлдэн тогтохын тулд 150-300 жил шаардагддаг. Гэтэл хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 20-25 метрийн гүнд явагддаг байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нийт хөрсний 85 хувь нь онцгой бохирдолтой болсныг Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ талаар эмч мэргэжилтнүүд юу гэж хэлэв?

2016 онд Засаг даргын тамгын газрын санхүүжилтээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаанд есөн дүүргийн 110 цэгээс авсан хөрсний дээжийн 80 хувиас дээш хувь нь нянгийн бохирдолтой байна гэх дүн гарсан байна. Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа аж. Гэр хорооллын хороодын хүн амын болон 0-5 насны хүүхдийн дундах суулгалт халдвар өвчин дулааны улиралд хамгийн их тохиолддог. 

Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг байна. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог гэнэ. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг. Ингэснээр ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг аж.

Тиймээс хөрсний бохирдол эхэлж байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвд хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний халдварт өвчлөл ямар байгааг сонирхсон юм. Тус төвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ тасгийн дарга Н.Сувдмаа “Дулааны улирал эхлэхээр газар гэсэж, шар усны үер исэж гэдэсний халдварт өвчин эрс нэмэгддэг. Гэр хорооллын айлуудын ихэнх нь стандартын бус бохир цооногтой нь гэдэсний халдварын шалтгаан болж байна. Энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 90 хувь нь зөвлөгөө, мэдээлэл аваад гэрээр эмчлүүлдэг учраас одоохондоо хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэлээ.

Нийслэлд агаарын бохирдлоос болж эрүүл уушгитай хүн ховордож, нас баралтын гол шалтгаан болсон хавдар, халдварт өвчин өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр байгааг тоон мэдээлэл харуулж байгаа гэх. Гэтэл өвчлөлийн гол шалтгаан нь хөрсний бохирдол гэдэгтэй олон хүн санал нэгдэж байна. Хүн амын нягтаршил дээд цэгтээ хүрсэн нийслэлийн аль ч гудамж, байшингийн өнцөг тойроод л ялгадас, муу ус, үнс, хог новшиндоо дарагдсан байдал харагдана. Агаар, усны бохирдлын гол эх үүсвэр хөрсний бохирдолтой өнөөдрөөс эхлэн өөрсдөө тэмцье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж