Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Нэрийн номч

“Өөрт бүрдсэн ид эрдмээ дагагч шавь нартаа хүртээгч нэрийн номч багшаас хичээн суралцууштай” 

Соён гэгээрүүлэгч Зая бандида Лувсанпэрэнлэйн ‘Дээдийн номыг хүртсэний тэмдэглэл тодорхой толь’ сургаалиас

Дэндэвдорж багш зааж сургасан мэдлэгээ шавь нарынхаа ухаанд бат суулгадаг олон аргатай. Тэдгээрийн нэг нь нэрэмжит олимпиад. Шавь нар нь сэдэж өөрөө “Чулуу” болгожээ. Их дээд сургуулийн оюутнуудын дунд доктор, профессор Чогзовын Дэндэвдоржийн нэрэмжит “Барилгын материалын улсын олимпиад” жил бүр уламжлал болон зохион байгуулагдаад найм дахь удаагийнх нь одоо болж байна. Хичээл заалгаж бүтээлээ удирдуулж байгаа Шинжлэх ухаан, техникийн Их сургуулийн “Дархан” технологийн сургуулийн гарын шавь нараас нь гадна ШУТИС-БАС, ҮТИС, ТТДС, ИЗОУИС-аас байнга ирж оролцдог. Тэд 8 баг бүрдүүлэн хоёр төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Олимпиадын өрсөлдөөн тун сонирхолтой, бас үр өгөөжтэй. Энэ удаа гэрийн даалгавар, онолын шалгалт, лабораторийн туршилт, илтгэлийн хэлэлцүүлэг, мэдлэг сорих асуулт хариултын тэмцээн зохиогдлоо.

Оюутнууд багштайгаа уулзсан завшааныг ашиглан мэргэжлийн нарийн ширийн бүхнийг асууж лавлана. Багшаас урьд нь олж авсан мэдлэгээрээ дахин уралдана. Шинэ санаа дэвшүүлнэ. Өөр сонин арга чадвар олж авна. Бүтээл гаргаж багшдаа харуулна. Багш үнэлж дүгнэнэ, засаж сайжруулах даалгавар өгнө. Жил бүрийн нэрэмжит олимпиад шинэ сэргэг уриа дэвшүүлдэг. Одоо болж байгаа 8-р олимпиад нь “Өндөр үзүүлэлттэй бетон” уриан доор болж байгаа. Өнгөрсөн жилийнх нь “Шинэ үе Кнауфыг сонгож байна” уриатай байсан. Байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн “Кнауф” фирмийн орчин үеийн барилгын даацын бүтээгдэхүүн нь бөх бат чанараараа гайхагдаж  байгааг танилцуулжээ. Олимпиадыг ”Барилгын материал судлалын төв”-тэй хамтран зохион байгуулж, жил бүр үйлдвэрлэгч нэг компани ивээн тэтгэгчээр оролцож бүтээгдэхүүнийхээ ололт дэвшлийг нь хэлэлцүүлдэг. Сүүлийн жилүүдэд “Кнауф Гипс” компани, “Алтан хүнс” групп бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Олимпиадын түгээж байгаа эрдэм мэдлэг ийнхүү Дэндэвдорж багшийн нэрийн ном боллоо.  

ОРД ХАРШ ШҮНШИГЛЭГЧ 

Дэндэвдорж багш нь барилга байшин, орд харшийг амилуулан шүншиглэгч юм. Учир нь, тэрбээр барилгыг дээд зэргийн бөх бат босгох үйлсэд амьдралынхаа хагас зуун жилийг зориулжээ.Сэдэж санаачилсан эрдэм шинжилгээний найман том дорвитой бүтээлийг нь ашиглан барилгыг эрс тэс халуун хүйтэн цаг агаарт, газрын доргио чичиргээнд тэсвэртэй удаан жилийн настай барих үндсэн нөхцөл нь болсон даацын хана, дээвэр, шалыг сайн чанарын бэлдцээр үйлдвэрлэн гаргаж үр ашгаа өгсөөр байна. Нийслэл хотын Зайсан толгой дээрх Зөвлөлтийн дайчдын хөшөөний талбайт цогцолбор өнөөг хүртэл хагарч цуураагүй нь нууц юу вэ? Хөшөөт байгууламжийг 1970 оны дүн өвлөөр босгоход тэсгим хүйтэнд тэсвэртэй “Өвлийн бетон” сэдэвт эрдмийн ажлыг гардан удирдаж багш Бат-Очиртой нийлж газар дээр нь хэрэгжүүлсэн нь энэ. Мөн хаягдал үнсээр хөнгөн бетон үйлдвэрлэсэн. Дулааны цахилгаан станцын хэрэгцээгүй үнсийг ашигласнаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд элсний тавин хувийг нь нөхөж чадсан ач тустай технологийг 1975 онд үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тариалангийн талбайд хөглөрсөн сүрлийг хамаж аваад бетон болгосон. “Сүрлэн бетон” сэдэвт эрдмийн ажлыг 2000 онд доктор Амгалангийн оролцоотойгоор гүйцэтгэсэн нь өнөөдөр амины орон сууцны бүхэл бүтэн хороолол босох үндсийг тавилаа. Шинэ бүтээлийн хажуугаар “Барилгын материал”, “Бетоны чанарт нөлөөлөх хүчин зүйлүүд”, “Бетоны технологи”, “Шатаагүй үнсэн хайрга” сэдвээр ном сурах бичиг туурвиад байна. 

ХҮРМЭН ЧУЛУУГ “ГАНТИГ” БОЛГОСОН УРЛАГ

Говь нутаг галт уулын хүрмэн чулуулгаар элбэг. Дэндэвдорж багшийн төрж өссөн Онгийн голын хөвөөгөөр ч бий. Хүрмэн сум ийм чулуугаараа бүүр алдартай. Бариад үзэхэд  дундуураа нүх сүв ихтэй хөнгөн хатуу энэ чулууны хэргийг хийх гэсэн хүсэл Дэндэвдорж багшид их эрт төржээ. Тэгтэл эндээс хажууханд нь байх Номгон сумын Хуцын булгийн шохойн чулуу анхаарлыг нь татав. Хүрмэн чулуу, шохой хоёрын эрдсийн найрлагыг нь судалж, хими дулаан механикийн хосолсон аргаар идэвхжүүлэн цоо шинэ “Шаарган цемент” гаргаж авчээ. Хөвсгөр хүрэн чулууг хаш цагаан гантиг болгосон нь энэ. Байгалийн хямд үнэтэй баялгаар барьцалдах чадвар сайтай бат бөх бетон үйлдвэрлэн докторын зэргээ ингэж хамгаалжээ. Эрдэмтэн хүний судалгаа шинжилгээ нь шууд үр ашгаа өгдгийн тод жишээ энэ болов. Цолноос цаашгүйчүүд нэгийг бодсон биз ээ. Дэндэвдорж багш ийнхүү тавин жил шавар шохойтой зууралдаж хатааж шатаалаа. Хойч үеэ ч адилхан элс шороон дунд өсгөж өндийлгөсөөр явна. Дэндэвдорж багшийг Монголын барилгын материалын номер нэг мэргэжилтэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Барилгын материалын салбарт 1970 оноос хойш төрж гарсан эрдэмтдийн 80 гаруй хувь нь түүний шавь нар. Тэрбээр өөрийн мэргэжлээрээ мянга хол давсан технологич инженерүүдийг бэлтгэн гаргалаа. Нэг хүнд гэхэд мөн ч жинтэй тодорхойлолт шүү.

Таны цогцлоосон орд өргөө бүхэн бат орштугай.

Ө.Рагчаасүрэн

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

2018 он. Бурхантын хөндийн Найрамдлын хотоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж