Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр /2018.04.02/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “ 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа хууль бусаар урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж баривчлах ажиллагаа явуулсан.
Дээрх асуудалд Авлигатай тэмцэх газраас цаашид яллагдагчаар татах шаардлагатай хэмээн үзэж, прокурорт санал ирүүлсэн. Үүнээс гадна Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр баривчилсан. Нийслэлийн прокурорын газар одоогоор хэргийн материалтай танилцаж байна” гэв.
Э.Ариун