Өмнөговь аймаг 2018 оны төсөвтөө байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд зарцуулахаар 12 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 6 тэрбумыг нь агаарын бохирдлыг бууруулахад, 700 саяыг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, 2 тэрбумыг хог хаягдлын менежмент, ландшафт бий болгоход, үлдсэн санхүүжилтийг нөхөн сэргээлт, ус дахин ашиглалтын чиглэлээр зарцуулах юм байна. Улсын хэмжээнд анх удаа байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр ийм хэмжээний мөнгө зарцуулах гэж байгаа Өмнөговь аймгийн ЗДТГ, БОАЖЯ-тай хамтран энэхүү төсвийг улсаас баримталж буй бодлоготой хэрхэн уялдуулахыг тодорхой болгохоор ‘Унаган байгаль-ухаалаг хэрэглээ’ зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүд, БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар, олон улсын байгууллагын төлөөллүүд, тус аймагт уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөл оролцож байна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ ‘Хариуцлагатай уул уурхайг дэмжиж, саарал ус ашиглах боломжоор хангахын тулд ААН-үүдэд шаардлага тавьж ажиллана. Уул уурхайн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн мэдээллийг цахимжуулан, олон нийтэд ил болгосноор зөвшөөрлийг нь сунгах уу, цуцлах уу гэдэг нь маргаангүй шийдэгддэг болно. БОАЖЯ-наас олгож буй бүх тусгай зөвшөөрлийг ил тодоор олгодог болохоор ажиллаж байна. Аялал жуулчлал, байгаль хамгааллын салбарт техник, технологийн дэвшлийг ашиглаж, аппликейшн бий болгон хөдөлмөр хөнгөвчлөхөөр ажиллаж байна. Хамгийн гол нь ААН-үүд, нутгийн иргэд, орон нутгийн Засаг захиргаа маань төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ-наас гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна. Байгаль хамгаалал бол иргэн бүрийн үндсэн үүргийн нэг. Тиймээс хамтдаа хандлагаа өөрчилж, байгаль дэлхийгээ ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь хүлээлгэж өгцгөөе’ хэмээлээ.
Зөвлөгөөн бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд БОАЖЯ-наас хүрэлцэн ирсэн холбогдох мэргэжлийн хүмүүс зөвлөгөөнд оролцогчдод бодлогоо танилцуулж, илтгэл тавих бөгөөд тус аймагт байгаль, орчин аялал жуулчлалын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид хэрхэн шийдэх талаар санал солилцох юм.