Дөрөвдүгээр сарын өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын өрнийн зурхай

Дөрөвдүгээр сарын өрнийн зурхай

Хонь

Хайр дурлал, гэр бүл: Сарын эхний арав хоногт Нар Хонинуудыг ивээснээр тэд урьд өмнөхөөсөө халуухан, романтик, сэтгэл догдлом зүйлст татагдаж, өөрсдөө ч дур булаам байж, эсрэг хүйстнээ өөртөө хүчтэй татна. Дарж дийлэхийн аргагүй дур тачаал ч төрөх болно. Товчоор хэлбэл дур тачаал эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааг удирдах бололтой. Харин хосуудын дунд эдгээр өдрүүдэд асуудлууд улам томорч, зөрчил үүсч магадгүй. Гэхдээ эдгээрийг харилцаагаа улам бат бөх болгох сорилт хэмээн хүлээн авахыг од эрхэс зөвлөж байна.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил албаны тал дээр амаргүй өнгөрөх бололтой. Гэхдээ зорилго руугаа тэмүүлж ажилласан, үнэ цэнэтэй цаг хугацаа болох нь. Тооцоолоогүй байсан саад бэрхшээлүүд ар араасаа ундарч, сэтгэлээр унаж, стрестэхэд хүрч болзошгүй. Гэхдээ эцэст нь ялалтаар төгсөх учиртай гэдгийг батлаасай хэмээн од эрхэс хүсэж байна. Нийгмийн байр суурь өндөр, нэр хүндтэй байх хэдий ч саад байна. Тиймээс өрсөлдөөн, тэмцэлд бэлэн байж, сарын турш бодолтой, тооцоотой байгаарай. Санхүүгийн хувьд сарын турш санаа зовохооргүй байх бөгөөд бүтээлч байдлыг чинь үнэлэх бололтой. Хамгийн гол нь аз чиний талд байгаа гэдэгт итгээрэй.

Эрүүл мэнд: Стресс энэ сарын турш их байх бололтой. Сарын эхний хагаст халдварт өвчин тусах, ядаргаанд орох, эрч хүчгүй байх магадлал өндөр байна. Харин сарын хоёрдугаар хагасаас эхлэн асуудлууд шийдэгдэж, бие ч эрүүлжинэ хэмээн од эрхэс зөгнөжээ. Энэ үед бие, сэтгэл санаандаа анхаарал тавьж, өөрийгөө амраах бололтой. Эцэст нь үр бүтээлгүй, амралтгүй ажиллахаас зайлсхийгээрэй. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өөрт хохиролтой шийдвэр гаргахаас болгоомжилж тайван, төлөвлөгөөтэй, бодолтой байхыг хичээгээрэй.

Үхэр

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал бүхий л чадлаараа ивээх бололтой. Тиймээс сээтэн хаях, шинэхэн романс эхлүүлэх, хуучин харилцаагаа сэргээх, тогтвортой харилцаа үүсгэх, хуримлах, сүй тавих гээд бүх талаар боломж дүүрэн байх нь. Бүгд чамд илүү гүн мэдрэмж төрүүлж, амьдралынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлэх гүүр болно.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байх бололтой. Өрсөлдөөнч, амбицтай чанар чинь сэргэж, саад бэрхшээлийг хүндээр хүлээж авахгүй. Эцэстээ энэ нь ч цаашдын замд чинь эерэг нөлөө үзүүлэх болно. Түүнээс гадна эрч хүчтэй, бүтээлч байж, хамтын ажиллагаа амжилтад хүрч, азтай бас мөнгөтэй байх нь. Санхүүгийн хувьд бодож, найдаж байсан зүйлс чинь биелж сэтгэлийг чинь сэргээнэ. Ялангуяа сарын эхний хагаст бүх зүйл чамд байгаа мэт бардам, хүчирхэг, азтай, өөдрөг, гэгээлэг мэдрэмжээр дүүрэн байна. Сарын турш өөдрөг, гэгээлэг сэтгэлгээгээр бялхаж, нийгмийн идэвхтэй, хөгжилтэй байна.

Эрүүл мэнд: Сарын эхний хорь хоногт биеийн дархлаа дээд түвшинд байх хэдий ч энэ байдлаа хадгалахын тулд сайтар амарч, өөртөө анхаарал тавиарай. Мөн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх, өвчний уг үнсдийг үгүй хийхэд ээлтэй. Эцэст нь гоё ганган ч хэрэгцээгүй зүйлс болон эрүүл бус хоол, амттанд мөнгөө дэмий бүү үрээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Хамтатгах

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын амьдралыг ивээгч Ангараг гарагийн байрлал ч таатай бус байгаа болохоор саад бэрхшээл, асуудал, зөрчлүүдтэй нүүр тулна гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай. Гэхдээ дээрх асуудлууд тийм ч том биш бөгөөд түр зуурынх байна гэдгийг од эрхэс амлаж байна. Мөн ирэх сарын төлөв сайхан байгаа учраас тэвчээртэй, ухаалгаар асуудлуудад хандаж, тайван байгаарай хэмээн од эрхэс зөвлөж байна.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхний хагаст зарим нэг саад бэрхшээлүүд тохиох ч сарын ерөнхий төлөв ажил албаны хувьд сайн байх нь. Өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүнээс тусламж дэмжлэг хүртэнэ. Бас найз нөхөд, гэр бүл, эргэн тойрны чинь хүмүүс ч байж магадгүй. Энэ сарын турш олны анхаарлын төвд байх агаад ялангуяа сарын сүүлээр энэ хандлага илүү хүчтэй мэдрэгдэнэ. Ажилдаа дурлаж, бүтээлч байх бөгөөд үүний үр дүнд бизнес сэтгэлгээ сайжирна. Гэсэн ч хажуугаар нь багагүй хэмжээний мөнгөний алдагдалд орох магадлал харагдаж байгааг анхааруулъя. Тиймээс мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах банк, даатгал, хөрөнгө оруулалт гэх мэттэй болгоомжтой, бодолтой хандаарай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд гарз хохиролтой зүйлс энэ сард тохиохгүй бөгөөд осол гэмтлээс ч хамгаалагдах бололтой. Ядрах, сэтгэлээр унах, халдварт болон бусад өвчний шинж тэмдэг илрэх үед цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Эцэст нь бусдаас тусламж гуйхаасаа бүү нэрлэхээрэй.

Мэлхий

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын амьдралын хувьд тийм ч сэтгэл хөдлөм байхгүй бололтой. Хувийн амьдралд сонирхолтой учрал, романс тохиохгүй бөгөөд эсрэг хүйстнээс эхтэй баяр хөөр төдийлөн харагдахгүй байна. Харин амьдралын томоохон сорилтуудыг давж туулах бололтой. Хайртай хүн, ханийн чинь эрүүл мэнд, ажил нь асуудалд орох гэх мэт хэцүүхэн цаг хугацаа өнгөрч магадгүй. Үүнийг давж гарах хамгийн сайн арга нь өөдрөг байж, нөхцөл байдлыг харилцаандаа болоод өөртөө ашигтайгаар ашиглах юм.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын талбар дээр маш идэвхтэй байх бололтой. Санаачлагатай, өрсөлдөөнч, амбицтай байж, амжилтад хүрэхийг маш ихээр хүсэж тэмүүлнэ. Мөн нийгмийн идэвхтэй байж, өөдрөг үзэл, эрч хүч дотроос чинь ундарна. Эргэн тойрондоо сайхан мэдрэмж төрүүлж, нэр хүнд чинь өсөж, хамтын ажиллагаа амжилттай өрнөнө. Ажлын байран дээр томоохон өрсөлдөөн, зөрчил үүсч магадгүй учраас байгууллагын санхүүтэй холбоотой шийдвэр гаргахдаа бодолтой байгаарай.

Эрүүл мэнд: Стресс бас дахин стресс. Хайр дурлалын харилцаа, ажлын байран дээрх уур амьсгал, өрсөлдөөн сэтгэл санаанд чинь ихээр нөлөөлнө. Тиймээс маш сайн амарч, алжаал стресээ тайлж байх хэрэгтэй. Зөрчил, тэмцэл, маргаантай нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Эцэст нь сарын эхний хагаст ажил албаны томоохон шийдвэрт болгоомжтой хандаарай.

Арслан

Хайр дурлал, гэр бүл: Хосын амьдрал анхаарлын төвд байх бололтой. Өөрөөсөө нийгмийн байр суурь өндөртэй, нэр хүндтэй нэгэнд татагдах магадлал өндөр байна. Хосын харилцаа чинь нийгмийн байр суурь, карьертай чинь холбогдож, хувийн амьдрал чинь бусдын сонирхлыг татна. Од эрхсийн байрлалаас харвал хосууд хариуцлагаа ухамсарлаж, илүү хичээл зүтгэлтэй байх бололтой. Хүссэн бүхнээ хийх эрх чөлөө бага байх ч илүү чухал зүйлийн төлөө тэмүүлж байгаагаа зүрх сэтгэлээрээ мэдрэх болно.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн талбар дээр хичээж хөдөлмөрлөх сар ирж байна. Өөрөөс нь шалтгаалах олон ажлууд байхаас гадна хэцүү нөхцөл байдалд шийдвэр гаргах хэрэг гарна. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тэвчээртэй байснаар эдгээрийг амжилттай даван туулж чадна. Хариуцлагатай нэгэн байхыг хүсвэл эхлээд өөрийнхөө хариуцаж чадах хэр хэмжээг зөв тогтоох хэрэгтэй гэдгийг санаарай. Аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт амжилттай байж, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Санхүүгийн хувьд сарын дундаас сайхан мэдээ дуулна. Үгүй бол өвчин ороох, жижиг сажиг асуудлууд гарч амар тайван байхгүй байж магадгүй.

Эрүүл мэнд: Өөрийгөө завгүй байлгаснаар бие махбодийн хувьд өвдөх, бэртэж гэмтэхээс хол байж чадна. Гэхдээ хэт ядарч, стрестэхээс сэргийлээрэй. Эцэст нь бусадтай нээлттэй зөвшилцөж, тэднийг ойлгож хүлээн авахыг хичээгээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Охин

Хайр дурлал, гэр бүл: Эе эвтэй харилцаа зонхилно. Хэрвээ хосууд хоорондоо сайн ойлголцдог бол бүр ч илүү амар тайван, зөрчилгүй байх болно. Тухтай бүсээсээ гарч, сурч мэдэх, сонирхолтой, адал явдалтай зүйлсэд дурлах бөгөөд үүгээр дамжуулан ганц биечүүд хайр дурлалын шинэхэн романс эхлүүлж магадгүй. Эротик дур хүсэл хүчтэй төрж, үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүйгээсээ болж стрестэж, бухимдах бололтой.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхний 20 хоногт мөнгөтэй холбоотой томоохон асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. Бизнесийн ашиг орлого өсч, хөрөнгө оруулалт, зээл бүтнэ. Эсвэл хөрөнгө өвлөх, бэлэг авах гэх мэт ч байж болно. Эцэст нь утга учиртай судалгаа, шинжилгээ хийж асуудлыг шийдэхээр ажиллахад энэ сар ээлтэй байх болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ энэ сард санаа тавихгүй бол болохгүй нь. Сэтгэл санаа чинь өөдрөг, эрч хүчтэй байгаагаас биеэ хайрлалгүй ажиллаж мэдэх нь. Хэтэрхий эрсдэлтэй, хөдөлгөөнтэй спортуудаар хичээллэх хэрэггүй. Харин биеийн тэнцвэрийг хадгалах, дотроос чинь амрааж, идэвхжүүлэх спортоор хичээллэх нь ээлтэй. Үүн шиг сексээс илүү унших, алхах, бусадтай ярилцах зэрэг нь оюун санаагаа амраахад чинь тусална гэдгийг санаарай.

Жинлүүр

Хайр дурлал, гэр бүл: Хосууд харилцаандаа ач холбогдол илүү их өгөх болно. Хайр, гэрлэлт, гэр бүлийн амьдралдаа анхаарлаа хандуулж бүх нөөц боломж, хүчээ түүндээ зориулна. Гэр бүл зохиох, сүй тавих, гэрлэх санал авах гэх мэтээр хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргана. Энэ сард гэр бүлтэй холбоотой асуудлууд, эсвэл үл хөдлөх хөрөнгийн сэдэвтэй зарим яриа хэлэлцээрүүд гарч ирж болзошгүй. Бие мах бодийн хувьд эрч хүчтэй, романтик, хүсэл тэмүүллээр дүүрэн байх тул бодит байдалтай нүүр тулж, харилцаа холбоондоо анхаарах хэрэгтэй.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ мөнгөтэй холбоотой ашиг сонирхол бага байх бөгөөд мөнгө, харилцаа холбоо, өмч хөрөнгөд төдийлөн анхаарал хандуулахгүй аж. Харин үл хөдлөх хөрөнгө, газар тариалан, байгалийн нөөцийг судлахтай холбоотой асуудлууд дээр анхаарч дааж авсан ажил, төслүүд дээрээ илүүтэй анхаарна. Нэг талаасаа чи том зардал, төлбөр тооцоо, хаагдсан, эсвэл түр зогссон орлого, зарлагын асуудлуудтай тулгарч болзошгүй. Нөгөө талаас материаллаг зүйлс, нэмэлт нөөц болон зарим ашигтай худалдан авалт хийх боломж бүрдэнэ.

Эрүүл мэнд: Энэ сард амралт, зугаа цэнгэл хэрэгтэй аж. Амин дэм ууж, дархлаагаа дэмжээрэй. Дасгал хөдөлгөөн эрч хүчийг сэргээнэ.

Хилэнцэт

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард хайр дурлалын тал дээр хамгийн азтай одтой байх нь ээ. Ганц бие хүмүүс шинээр харилцаа үүсгэж, романтик байхад тохиромжтой бөгөөд сэтгэл хөдөлгөсөн өдрүүд олон байх нь. Мөн харилцаа, хүсэл тачаал, бэлгийн амьдралыг Бархасбадь гараг ивээж байна. Ингэснээр чамайг аз жаргалтай байлгах бүх зүйл нэг дор цуглажээ гэж хэлж болох юм.

Ажил хэрэг, мөнгө сахүү: Ажил мэргэжил их зүйлийг чамаас шаардах боловч энэ нь ирээдүйд хэрэг болохуйц өндөр ач холбогдолтой байх юм. Шаргуу хөдөлмөрлөж чадвал амжилт ойрхон байна. Зарим нөхцөл байдал төлөвлөснөөс өөр байж болно. Гэхдээ зарим нэг нарийн ширийн зүйлийг шалгаж, мэргэжлийн зарим асуудлыг шийдэхэд сайхан цаг. Сарыг дуустал хамтын ажиллагаа амжилттай байж, тодорхой хэмжээний мөнгө санхүүтэй байх болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд эрчим хүч ба эрч хүчийг анхаарч үзвэл дөрөвдүгээр сар өмнөх саруудаас илүү жаргалтай байх боломжтой сар юм. Гэхдээ ажил амралтаа сайн зохицуулж, өөртөө санаа тавиарай.

Нум

Хайр дурлал, гэр бүл: Сарын эхний өдрүүд тийм ч таатай байхгүй. Энэ сард хайр дурлалын амьдралд чинь эрч хүч өгдөг зүйлсээсээ чи залхаж, арга барилаа өөрчлөх талаар бодно. Өмнөх сард хосын амьдралд чинь болсон зүйлсийг эргэцүүлэн бодож, асуудлыг нягтлан үзэх ёстойг анхааруулж байна.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард санхүүгийн байрлалд маш их мөнгөний орлого эсвэл хохирлыг авчирч болзошгүй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд мөнгө, орлого өсөх нь элбэг байдаг. Мөн чиний хүчин чармайлт ч үүнд чухал нөлөөтэй. Ажлын талбар дээр бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, шинэ санаачлагатайгаар ажиллах болно.

Эрүүл мэнд: Сарын дундуур биеийн тамир, спортоор хичээллэхийг илүүд үзнэ. Мөн эрүүл мэндээс илүү гадаад төрх, гоо сайхандаа анхаарч, массаж хийлгэн, дэглэм барьж өөртөө анхаарах нь.

Матар

Хайр дурлал, гэр бүл: Амралт, чөлөөт цаг, романтик өдрүүдээр дүүрэн өнгөрүүлэх нь байна. Хамгийн сайхан амралт, аз жаргал хайраас үүдэлтэй байх тул хайр дурлалын харилцаандаа анхаарлаа хандуулах нь тийм ч буруу сонголт байхгүй. Хэрвээ чи гэр бүлтэй бол энэ сард гэр бүлдээ илүү их анхаарал халамж тавиарай. Хүүхэд аз жаргалын чинь эх үүсвэр байх болно.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн хувьд нэг шийдвэртээ үнэнч байж эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг од эрхэс сануулж байна. Удирдах, санаачлалыг гартаа авах, шийдэмгий байх шинж чанарууд чамд бүрдэнэ. Сарын туршид чиний төвлөрөх гол асуудлууд бол үл хөдлөхтэй холбоотой орон сууц, оффисын холбоотой асуудлууд юм. Мөнгөний хувьд сарын дунд хэсгээс сэтгэл хангалуун байх болно.

Эрүүл мэнд: Заримдаа аюултай, осол, гэмтлээс өөрийгөө хамгаалах шаардлага тулгарна. Тиймээс анхааралтай байж, өөртөө амрах цаг гаргаарай. Бүтээлч санаагаар дүүрэн өөрийн гэсэн хоббитой байх нь эрүүл мэндэд чинь эерэг нөлөө үзүүлнэ. Ажлаас илүү гэр бүлээ нэгт тавих ёстойг сануулж байна.

Хумх

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын амьдралын гол хэсэг нь харилцаа болон оюун санаанд үндэслэсэн байх юм. Тиймээс сэтгэлээ нээж, чөлөөтэй байх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийг сонирхолтой учрал хүлээж байна. Хуучин харилцаагаа сэргээх гэж хичээсний хэрэггүй. Хэлэлцүүлэг, бусадтай үзэл бодлоо солилцох, оюуны ашиг сонирхлоо хуваалцах зэрэг нь шинэ хайр руу хөтөлж магадгүй. Энэ нь бүрэн биелэх боломжтой бөгөөд хэн нэгэнтэй зүрх сэтгэлээ нээн ярилцах хэрэгтэйг од эрхэс зөвлөжээ.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард зарим нэг төлөвлөсөн ажлаа хийх боломжгүй байж магадгүй. Хүссэнээр чинь сонголт хийх эрх чөлөө олдохгүй, эсвэл хязгаарлагдмал, хаалттай санагдаж болох юм. Харилцаа холбоо, аялал жуулчлал, худалдаа, оюуны ажлууд чиний анхаарлын төвд байх болно. Энэ сард мөнгө асуудал биш юм.

Эрүүл мэнд: Эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй зүйл байж магадгүй ч энэ нь чиний амьдралд удаан сааталгүйгээр арилж ч болох юм. Гэхдээ аюул ослоос сэрэмжлээрэй. Тэр тусмаа сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, аялал зугаалгад явахдаа болгоомжлох хэрэгтэйг од эрхэс анхаарууллаа. Энэ сард тайван, өөдрөг сэтгэлгээтэй байж, урам зоригоо байнга хадгалах хэрэгтэй шүү.

Загас

Хайр дурлал, гэр бүл: Сарын эхэн хагаст мөнгө бүхий л анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотой сэтгэл санааны асуудлууд тулгарч энэ нь хосын харилцаанд дарамт болж нөлөөлнө. Зөрчил маргаан үүсч, даамжрах магадлал өндөр байна. Дээрх асуудлууд хэлэлцээр, ойлголцол, чин сэтгэлийн яриагаар шийдэгдэх боломжтой байх болно.

Ажил хэрэг, мөнгө санхүү: Гол асуудал бол мөнгө юм. Орлогоо нэмэгдүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, худалдан авах, зарах, эсвэл тогтмол орлогоосоо илүү шинэ орлогын эс үүсвэртэй болно. Магадгүй энэ бүгд хамтын ажиллагаа, байгууллага, найз нөхдийн уулзалт, нөхөрлөлөөр дамжин хэрэгжинэ. Аливаа зүйлийг ярихын өмнө хоёр удаа бодох нь зүйтэйг од эрхэс санууллаа. Энэ сард мөн аялах, шийдвэр гаргахад таатай байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Сарын дундаас эхлэн гадаад төрхөндөө анхаарал тавихад буруудахгүй шүү. Эцэст нь өөрийн ур чадвараа ашиглан гайхамшгийг бүтээгээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж