Цаазын ялыг сэргээх “даалгаврыг” УИХ-д шилжүүлэх үү

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Цаазын ялыг сэргээх “даалгаврыг” УИХ-д шилжүүлэх үү

Цаазын ялыг сэргээх “даалгаврыг” УИХ-д шилжүүлэх үү

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилга гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт юм. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноох, энэхүү ялыг сэргээх талаар ХЗДХЯ-нд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг учраас ийнхүү хуулийн төсөл санаачлахаар болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж “Цаазын ял сэргээх саналыг Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд оруулахаар болж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр энэ үеэр ‘Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох, эсвэл хөнгөлөх зэрэг өөр арга хэмжээг авч, судлах үүрэг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-наас цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлээс олж мэдлээ. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна. Тиймээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна. Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна. Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халж, харамсалтай нь буцааж хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байсан юм билээ. Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Бага насны хүүхдийг хүчирхийлнэ, амь насыг нь хорооно гэдэг тодорхой, тодруулж болдог хэрэг. Тийм учраас улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй. Ямар ч хэлмэгдэх боломжгүй нөхцөлөөр энэ ялыг оруулж байгаа юм. Энэ асуудлыг батлах эсэх нь парламентын асуудал’ гэв.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтэд ямар хариу өгснийг харцгаая. Хэдийгээр энэ хариултыг албан ёсоор яамныхаа вэб сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй ч дэд сайд Б.Энхбаяр 2018 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрыг түр хамаарагч Макро Ферриг хүлээн авч уулзах үеэрээ “Ажлын хэсэгт орж ажилласан бүх байгууллагын төлөөлөл 100 хувь санал нэгтэйгээр цаазаар авах ялыг Монгол Улсын тухайд нэмэлт протоколоос гаргах боломжгүй буюу дахин сэргээх хууль зүйн үндэслэл байхгүй” гэсэн дүгнэлт гаргасныг дурджээ. Уг ажлын хэсэгт Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Хуульчдын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад харилцааны яам, МУИС-ийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл орж ажилласан бөгөөд “дээрх дүгнэлт нь ажлын хэсэгт орж ажилласан байгууллагуудын нэгдсэн байр суурь гэж ойлгож болно” гэсэн байна. Тэгэхээр ажлын хэсгийн энэ дүгнэлт Ерөнхийлөгчийн саналын хариу болон ирэх бололтой.

Өнгөрсөн хугацаанд иргэдийн дунд явуулсан судалгаа, санал асуулга гэх мэт барьцгүй жишээнүүдээр “зэвсэглэх” гэж удаа дараагийн оролдлого гарч байсан ч монголчууд нийтээрээ  “Цаазын ялыг эгүүлэн авчрахаар” дуу хоолойгоо нэгтгэхэд хүрээгүй байна.

Монгол Улсын хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 14-нд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлж байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл Ази тивд ч томоохон дэвшил авчирсан гэдгийг НҮБ-аас үнэлээд буй. Монгол Улс сүүлийн хоёр жилд цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ тивдээ дээгүүр үнэлгээ аваад байна. Үүнийг баталгаажуулах мэт дөрөв хоногийн өмнө Хууль зүйн Дэд сайдтай уулзсан дахь Европын холбооны төлөөлөгчийн газрыг түр хамаарагч Макро Ферри “Европын холбоо өөрийн гишүүн 28 орны өмнөөс танай Засгийн газарт цаазын ялыг сэргээх асуудлаар байр сууриа мэдэгдсэн. Уг мэдэгдэлд “цаазын ялыг сэргээх нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тодорхой тогтоолууд болон Европын холбоотой байгуулсан хөтөлбөртэй зөрчилдсөн арга хэмжээ болохыг дурдсан” гэжээ. Ингээд Засгийн газраас хариу авсан нь “Цаазын ялыг сэргээх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн байтал Ерөнхийлөгч нь дахиад л цаазын ял нэхсэн хуулийн төслөө зүтгүүлж эхэлж байна.

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн саналд байр сууриа илэрхийлэхдээ “НҮБ-ын хүний эрхийн конвецид манай улс 2012 онд цаазын ялгүй байна гээд нэгдсэн. Тэр үед би цаг нь болоогүй байна гэж дуугарч байсан. Шинэ Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халсан нь буруу байна гээд ажлын хэсэг байгуулчихлаа. 2002 оны Эрүүгийн хуулийг хэдий би бичсэн ч Монголын төр баталсан хууль юм. Аливаа улсын Эрүүгийн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтносон байдлыг хамгаалдаг сүүлчийн галт тэрэг байдаг. Тиймдээ ч өнгөрсөн болоод одоо, ирээдүйг тооцсон байх ёстой. Гурван цагийн хэлхээг холбож хууль бичдэг юм. Хүчингийн хэрэг гэхэд л энэ хуулиар хатуу ялтай байлаа. Гэтэл одоо болохоо байлаа гээд л шуугиад эхэлж байгаа биз дээ. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийг хэрэг­жүүлээд үзье. Болохгүй бол засъя гэсэн байр суурьтай байна” гэжээ. Мөн олон улсын эрх зүйч Б.Гүнбилэг “2012 онд Монгол Улс Иргэний болон Улс төрийн пактын II протоколд нэгдэж орсноор цаазын ялыг халсан. Энэ пакт нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Тухайн улс нэгдэн орсон л бол бандан тас гэсэн үг. Орохоосоо өмнө сайн судал гэсэн утгатай хатуу гэрээ” гэжээ.

Одоо дахин санал асуулга, судалгаа эхлүүлэх нь. “Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласнаар хүний эрхэм эрхийн дээд нь амьд явах эрх тул цаазаар авах ялыг цуцлах нь зүйтэй байсан уу”. “Төрийн нэрийн өмнөөс иргэнийхээ амийг егүүтгэхгүй байх боломж Монгол Улсад бий юү”. “Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон дэлхийд байдаг гэж үү” гэхчлэн олон асуулт хариу нэхэж байна.

Гэвч цаазын ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг тухайн оронд өссөн, эсвэл буурсан гэх үзэгдэл нэг ч судалгаагаар нотлогдоогүй байна. Жишээ болгож хамгийн сүүлийн нэг үзүүлэлтийг эш татахад Монгол Улс цаазаар авах ялыг 2012 оноос халсан. Цаазын ял хэрэгжиж байх үед буюу 2007-2011 оны хооронд жилд дунджаар 350 хүчингийн хэрэг гарч байсан байна. Харин цаазын ялгүй болсон үе буюу  2012-2016 онуудад жилд дунджаар 287.4  хүчингийн хэрэг гарсан нь буурсан үзүүлэлт аж. Хүнийг санаатай алах гэмт хэрэг 2007-2011 оны хооронд жилд дунджаар 245.6 байсан бол 2012-2016 онд 204.8 болжээ.

Ерөнхийлөгчид бүх насаар нь хорих ялыг уучлах л эрх байдаг болохоос цаазаар авах ял бий болгох эрхгүй нь ойлгомжтой. Тиймээс ч Ерөнхийлөгчийн санаачилга энэ удаад Засгийн газраар дэмжигдээгүй тул УИХ, эсвэл өөрөө санаачлан УИХ-аар хуулийн төсөл батлуулахаас өөр гарц үлдсэнгүй. Ажлын хэсэгт дүгнэлт гаргасан байгууллагууд хоёр үзүүртэй шийдвэр гаргах боломжгүй учраас УИХ эцсийн шийдвэрийг гаргах, үүний өмнө аймшигт хэргүүд гарах бүрт УИХ-д “сануулах”, буруутгах, бухимдлыг УИХ руу чиглүүлэх “махинац” өрнөж мэдэхээр байна. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн популист санаачлагыг дэмжвэл юуны өмнө “Үндсэн хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд очно. Монгол Улс олон улсын протоколд нэгдэж ороод үүрэг хүлээсэн. Мөн  Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзсан хэрэг болно. Цаашлаад Үндсэн хуульд заасан хүний амьд явах, эрхэм чанар /нэр төр, алдар хүнд/-ыг хүндэтгэх, эрүүдэн шүүхийн эсрэг суурь зарчмуудыг зөрчсөн хэрэг болно. Энэ бол тун хүнд бас эмзэг сэдэв.

Тиймээс ч улс төрийн санаачилгаар халах нь ховор байдаг аж. Учир нь, хууль зүйн бүх үндэслэлийг иргэн бүр ухаарах нь ховор учраас аймшигтай хэргүүдийн тухай сонсоод амь насыг нь хөнөөсөн бол цаазаар авхуулах ёстой гэж шууд бодох нь олонтаа.

Гэтэл цаазын ялаас болж золиослогдсон амь хэчнээн билээ. Засч болохгүй алдаа гэж тэр. Нөгөөтэйгүүр ял бол өс авах хэрэгсэл биш. Өнөөдөр иргэд төрөөс шударга ёсыг нэхэж байна уу, цаазын ялыг нэхээд байна уу гэдгээ төдийлөн зааглаж чадахгүй л байна.

Төгсгөлд нь хэлэхэд нийгмийн аливаа эмгэг, олон нийтийг цочроосон ноцтой гэмт хэргүүд, авлига зэргийн үүр уурхай нь ядуурлаас эхтэй гэдгийг Ерөнхийлөгч хэлж байсан. Нийгмийн өвчнөө ийнхүү зөв оношилчихоод буруугаар эмчлэх гээд байгаа нь харамсалтай. “Хэрэв Монгол Улс цаазын ялыг сэргээвэл…” гэдэг талаас нь төсөөлөөд үзэхэд л ямар том ухралт, хэр бачим, ухамсар мөчид алхам болох нь илүү тод харагдах биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж