Төвийн станцууд татааснаас салж, татвар төлж эхэллээ | News.MN

Төвийн станцууд татааснаас салж, татвар төлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Төвийн станцууд татааснаас салж, татвар төлж эхэллээ

Төвийн станцууд татааснаас салж, татвар төлж эхэллээ

Алдагдлыг бууруулснаар тэрбум төгрөг хэмнэв

Улсын төсвийн татаасаар тэжээгддэг байсан эрчим хүчний салбар олон тэрбум төгрөгийн алдагдал, санхүүгийн дарамтаас өндийж байна. 2010 оны үед эрчим хүч үйлдвэрлэгчид төсвөөс жилд дунджаар 100 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг байв. Харин 2012 оноос хэмжээ нь аажим буурч, 2014 оноос хойш төвийн бүсийнхэн татаасаа тэглээд буй. 2015 онд салбарын ашиг, алдагдлын баланс тэнцвэржсэн бол 2016 онд 11.2 тэрбум, 2017 онд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Цахилгаан станцууд ашиггүй ажилладаг байсан гол шалтгаан нь эрчим хүч айл өрх, албан байгууллагад хүрэх замдаа алдагддаг явдал байв. Энэ алдагдлыг багасгахын тулд зохион байгуулалтаа сайжруулж, техник, технологийн дэвшил ашиглажээ. Тухайлбал, алдагдал ихтэй шугамуудыг шинэчилж, хуучирч муудсан дэд станцуудын сүлжээнд өөрчлөлт хийсэн гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ. 2016 онд түгээх шатанд эрчим хүчний 12.1 хувийг алддаг байсан бол 2017 онд 11.8 хувь болгож, бууруулжээ.

Ингэснээр тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн аж. 2012 онд эрчим хүчний салбар төсвөөс 25.7 тэрбум төгрөгийн татаас авч байсан нь өнгөрсөн онд 16.3 тэрбум төгрөг болж буурчээ. Үүний зэрэгцээ улсын төсөвт оруулж буй татварын хэмжээ өссөн. Компаниудын нийт орлого 2017 онд 738.7 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь таван жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн тоо. Үйлдвэрлэгчид, компаниудын ашиг өсөхийн хэрээр улсын төсөвт оруулах хувь нэмэр нь ахисан байна. Энэ салбарынхан таван жилийн өмнө татварт 90.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2017 онд энэ хэмжээ долоо дахин үржиж, 230.3 тэрбум төгрөг болжээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар хамгийн их хувь эзэлж байгаа юм. Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчээ дотоодоос 100 хувь хангаж, экспортлогч орон болох зорилт тавьсан.

Өнөөдрийн байдлаар хэрэглээнийхээ 80 хувийг дотоодоос хангаж, 20 хувийг БНХАУ болон ОХУ-аас импортолж байгаа. Хэрэв өндөр үнэтэй импортын цахилгааныг тэглэж чадвал салбарын зардал багагүй буурах юм. Өнгөрсөн онд дотоодын цахилгаан станцууд 100.4 тэрбум цахилгаан илүү үйлдвэрлэснээр ОХУ-ын импортын цахилгааны зардлыг 2.7 тэрбум төгрөгөөр багасгасан аж. Мөн дотоодын цахилгаан станцууд үйл ажиллагаандаа хэмнэлт хийснээр 1.8 тэрбум төгрөгийн зардал танасан нь сайн жишээ болжээ. Гэхдээ эрчим хүч үйлдвэрлэгчдийн ашиг хасахаас нэмэх рүү шилжсэн ч өр төлбөрийн хэмжээ буурсангүй. Жил ирэх тусам цахилгаан, дулааны хэрэглээ нэмэгдэж байгаагаас салбарын ажилчид болон барилга, байгууламжийн тоо ч дагаад өсөж буй. Өнгөрсөн онд салбарын зардал 55.9 хувиар тэлжээ. Тиймээс эрчим хүчний түүхий эд буюу нүүрсээр хангадаг уурхайнуудад өгөх өр төлбөр дамжсаар байгаа юм.

Цахилгаан, дулааны станцуудын өр 2013 онтой харьцуулахад буурсан ч, 2016 оныхоос 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 2016 онд өр, төлбөр 41.6 тэрбум төгрөг байсан нь өнгөрсөн онд 60.3 тэрбум болж өссөн. Үүний тал хувийг бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх төлбөр эзэлж байгаа бол төслийн зээл, зээлийн хүү 26.9 хувийг бүрдүүлж буй. Харин нүүрсний уурхайнуудад 6.2 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Манай улсын цахилгаан эрчим хүч хямд байдаг нь нүүрсний арвин нөөцтэй холбоотой. Гэвч эрчим хүчний салбарыг хангадаг гол уурхайнуудын нөхцөл байдал сайнгүй байна.

“Уурхайнуудаас худалдаж авах нүүрсний үнийг хуулиар тогтоосон байдаг учраас үнэ нь өөрчлөгддөггүй. Түүнчлэн Багануур, Шивээ- Овоо зэрэг уурхай Дэлхийн банк, Япон улсын Засгийн газраас авсан зээл, төлбөрийн асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг үйл ажиллагааныхаа ашгаар төлж, барагдуулах боломжгүй болсон. Тиймд урт хугацаат зээлийн хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдэх санал гаргаж байгаа” гэж Б.Болор-Эрдэнэ хэллээ. Эрчим хүч хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдсээр. 2016 онтой харьцуулбал өнгөрсөн онд цахилгааны хэрэглээ 6.6 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 0.9 хувиар өссөн. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглээ оргил үедээ 2012 онд 863 МВт хүрдэг байсан нь 2017 онд 1016 МВт болж нэмэгдсэн. Цаашид ч энэ хэмжээ өснө.

Эрчим хүчний алдагдлыг орон нутагт бууруулах боломж алга

Тиймээс алдагдлаа ахин бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтаа оновчтой зарцуулах, сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна. Гэхдээ ойрын жилүүдэд эрчим хүчний салбар улсын төсвөөс татаас авдаг байдал нэг мөсөн арилахгүй нь. Төвийн сүлжээ өөрсдийгөө авч явах хэмжээнд ашигтай ажиллаж байгаа ч орон нутагт энэ байдал өөр. Тухайлбал, баруун болон Алтай, Улиастайн бүсийн эрчим хүч төвийнхөөс хоёр дахин бага үнэтэй. Хэрэв татаас авахаа больё гэвэл үнээ хоёр дахин өсгөх шаардлагатай болох юм. Эдгээр сүлжээ төвийн сүлжээтэй холбогдсон тохиолдолд л энэ алдагдал буурна гэдгийг салбарынхан онцоллоо.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Erchim huchnii zohitsuulah horoonii shine Kazak darga z**l 2018-04-02 122.201.20.90

Telehan ovgon ooriin gar hol bolson nohduudtei niilej ene salbariig samarj bna, hariutslaga tootsoochee

Avatar

зочин 2018-04-02 202.131.225.150

Сам отгонбаярын хийсэн зоригтой алхмын үр дүнд аажмаар алдагдал буурч ашигтай ажиллаж эхэлж байсан боловч 2017 онд ашиг буурсан нь харагдаж байна. энэ нь нямдорж тэргүүтэй коммунист хувалзнууд шахаа хийж ашигийг нь сорж эхэлсний шинж. энэ оноос алдагдалтай ажиллаж эхэлнэ

Avatar

Зочин 2018-04-02 202.4.248.67

Шинэ станц барих мөнгөө бага багаар ч болтугай хуримтлуулах хэрэгтэй.

Avatar

Энэ бол С.Отгонбаярын хийсэн зохицуулалтын үр дүн 2018-04-02 122.201.20.90

Энэ бол С.Отгонбаярын хийсэн зохицуулалтын үр дүн, Өнгөрсөн жилүүдэд дандаа татаас авч алдагдалтай ажиллаж ирсэн энэ салбарын зоригтой алхамж хийж маш сайн зохицуулалт хийж чадсан. өөр хэн ч хийж чадаагүй ажлыг С.Отгонбаяр дарга л хийсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж