Жараад оны Монголын ардчилагчид

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Жараад оны Монголын ардчилагчид

Жараад оны Монголын ардчилагчид

1959 онд хэлмэгдүүлчихээд 2009 онд буюу 50 жилийн дараа цагаатгасан

МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтээс 1970 онд хэвлэсэн МАХН-ын товч түүх номоос дараах мөрүүдийг олж уншина. “МАХН-ын Их хурал, Төв хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр, III хэсэг” (1963 oн) номоос ч бас уншиж болно.

  • Бүгд хурал намын өмнө үнэнч бус, зарчимч биш бөгөөд үзэл суртал, улс төрийн талаар хоцорч, ажлын дутагдал гажуудалтай бөөрөнхийлөн эвлэрсэн Д.Дамба болон мөн үзэл суртал, улс төрийн хэмжээ, ажил хэрэг ба хувийнхаа чанараар тохирохгүй болсон Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан нарыг намын удирдлагаас гаргав.
  • МАХН-аас нэг хүнийг тахин шүтэх явдлын хор уршгийг арилгахын төлөө явуулсан зарчимч тэмцлийг намын эсрэг хорт зорилгоор ашиглах гэж эрмэлзсэн өчүүхэн бүлэг этгээдийн дайралтаас нам өөрийн улс төрийн шугам, үзэл суртлын цэвэр ариун байдал, эв нэгдлээ туйлбартай хамгаалсан юм гэхчлэн. Эдүгээ домог болон яригддаг Д.Төмөр-Очир гуайн тухай бүр ч томхон шүүмж бий. Жишээ нь “Д.Төмөр-Очироос марксизмд харш үндсэрхэг үзлийг баримтлан, нам ард түмний түүхэн ололт амжилтыг үгүйсгэн дайрч, улс төрийн талаар эрүүл бус үзэл санаа дэлгэрүүлэх намын эсрэг үйлдсэн ажил явуулгыг намын Төв хорооны III бүгд хурал уудлан илрүүлэхийн хамт намын эгнээний нэгдлийг сулруулах гэсэн аливаа оролдлогыг тас цохихын тулд сонор сэрэмжээ байнга дээшлүүлэхийг намын бүх байгууллагуудад үүрэг болгов” гэжээ.

Энд надад хэлэх үгс, үзүүлэх баримт байгаа учраас би гарчгаа тэгж сонгосон, хэвлэлд анх удаа ил тавих гэж байна. Марксизмд харш үндсэрхэг үзэл гэдэг нь юу юм гэх зэрэг Чингис хааны 800 жилийг тэмдэглэн өнгөрүүлсэн явдал гэдэг. Гэтэл тийм ой тэмдэглэх тогтоол шийдвэр дээр нь намын нэгдүгээр дарга Ю.Цэдэнбалын гарын үсэг байж таардаг. Буруутгах юм өөр юу байх вэ гэхээр намын эгнээний эв нэгдэл гэгч л болж таарна. Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын гэргий рүү халдсан шударга алхам нь намын эгнээний эв нэгдлийн эсрэг юм гэнэ. Асуудал юунаас эхтэй вэ гэхээр гайтай хятад бэлэгнээс болжээ. Хятадын Засгийн газраас бэлэг хэмээн олон ноосон цамц тэр үеийн нам-засгийн удирдагч, сайд дарга нарт иржээ. Тэдгээрийг гэр гэрт нь хуваарилах гэтэл Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатова хамж аваад Москва руу илгээж, тэнд өөрийн талын хүмүүсээр 100 хятад ноосон цамц заруулжээ. Нам-засгийн удирдагчийн орос гэргий панз үсэргэж дамын наймаа хийлээ гэсэн матаас Москва дахь манай Элчин сайдын яамнаас Улаанбаатарт МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд иржээ.

Хорооны дарга Т.Гэндэн уг матаасыг албажуулаад Төв хорооны Улс төрийн товчоонд мэдүүлжээ. Гэтэл Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир түргэдэх нь тэр. Анастасия Ивановнаг албан тасалгаандаа дуудаж бангаджээ. “Нам-засгийн удирдагч Ю.Цэдэнбалын цалин хангамж нь багадаад чи дамын наймаа хийх дээрээ тулаа юу”, “Мөнгө цаас чинь хүрэхгүй өлсөж цангаа юу”, “Чи Монголын удирдагчийн нэр хүндийг Москвад унагаж байдаг, яасан ичдэггүй юм” гэж ирээд л авч өгч дээ. Тэр уулзалт тун эвгүй өрнөж, Филатова хатагтай ч уйлж унжин буруугаа хүлээж, уучлал гуйж бөөн юм болжээ. Нөхрийнхөө намын талын нэгдүгээр орлогчийн өрөөнөөс нус нулимстайгаа холилдон гарсан А.И.Филатова бараг маргааш нь Москва руу ниссэн байгаа юм. Элчин сайдын яамныхан угтаж бариад сүйд болоо биз. Москвад очоод ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд бараалхахаар цаг хүсэж, Хрущёвын нам талын үзэл суртал эрхэлсэн орлогч, Төв хорооны нарийн бичгийн дарга М.А.Суслов дээр оржээ. Элчин сайдын яамнаас дагалдаж очсон зөвлөхийг оруулсангүй. Ганцаараа орж удаж удаж гарч ирээд нутагтаа буцахад МАХН-ын Төв хороо тэр дор нь хуралдаад Д.Төмөр-Очирыг авч хэлэлцэн шившиглэв ээ. М.А.Суслов нь 1961 онд МАХН- ын XIV Их хуралд зочноор ирж, улс хувьсгалын 40 жилийн ойн хүндэт зочин байсан, Ю.Цэдэнбалтай хамт автын осолд орж зовлон жаргалаа хуваалцсан, Филатовагийн хариу өчил-матаасаар Д.Төмөр- Очирыг буруутгуулахаар Москвагаас шифр ирүүлээд Д.Төмөр-Очир гэх тэр эрхэм улс төрөөс үүрд явсан эмгэнэлт түүх өрнөжээ.

• 1984 онд Ю.Цэдэнбалыг авч хаяхдаа л Д.Төмөр- Очир, Ц.Лоохууз нарыг цагаатгасан бол 1990 оны үймээн самуунт үйл явдал тохиолдох байсан уу.

• Монголын түүхнээ 1960- аад он гэж тусдаа нэгэн өвөрмөц үе байсан гэж үзжээ.

• Баахан эсэргүү дайсныг нам-засаг дарсан юм байна хэмээн бид ойлгосоор 1990 оныг хүрсэн.

Ерөөсөө тэд Д.Төмөр-Очироор тоглож дууссан байгаа юм. 1959 оны гуравдугаар сард МАХН- ын Төв хорооны бүгд хурлаар түүнийг Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр жинхлүүлж жил ажиллуулаад 1960 оны долдугаар сард намын Төв хорооны V бүгд хурлаар Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас эхний удаа чөлөөлжээ. Тэгснээ 1962 оны нэгдүгээр сард Төв хорооны II бүгд хурлаар түүнийг Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргаар сонгоод, намар нь есдүгээр сард III бүгд хурлаараа тогтоол гарган дуулиантайгаар бүрмөсөн авч хаясан байгаа юм.

Үндсэн сэдэвтээ эргэж оръё. “МАХН-ын Төв хорооны 1963 оны V бүгд хурал эрх тушаал хөөцөлдөн, удирдах ажилтны хооронд хутган үймүүлж, боловсон хүчнийг хяхан хавчсан Л.Цэндийн нам биш ажил явуулгыг намын Төв хорооны гишүүд, төв орон нутгийн намын байгууллагын удирдах ажилтны тавьсан өргөн шүүмжлэлийн үндсэн дээр илчлэн буруушаав”. “МАХН- ын Төв хорооны 1964 оны VI бүгд хурлын үеэр Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар урьд өмнө гаргаж байсан эрүүл бус үзэл, алдаатай бодлогоо улам гүнзгийрүүлж, МАХН түүний Төв хороо болон намын бодлогыг марксизм-ленинизмд харш үзлийн үүднээс ямар ч ул үндэсгүй гүтгэн дайрч, намын интернационалч чиг шугамыг хянан үзэх гэсэн үл бүтэх оролдлого хийснийг намын Төв хорооны гишүүд, орлогчид гүнээ жигшин, нэгэн дуугаар эрс буруушааж, намын жанжин шугамыг эсэргүүцэгч эдгээр этгээдээс намын дотор хагарал гаргах зорилготой зохион байгуулалт бүхий бүлэглэсэн явуулгыг илчлэн бут цохив” гээд өнөөгийн МАН-ын түүх жирийлгээд байх нь тэр. Дээр дурдсан онуудыг хар даа.

Эдгээр нь 1959, 1962, 1963, 1964 оны үйл явдлууд. Бидний үеийнхэн тэр үед бага балчир байсан ч энэ тухай мэдээ яагаад ч юм бидний тархи толгойд гүн орж суучихаад мэдэхгүй ойлгохгүй хэрнээ шүүн ярилцдаг байж билээ. 1964 оны эсэргүү бүлгийн нэг идэвхтэний хүү надтай нэгдүгээр дунд сургуульд нэг ангид сурч байснаа өвөл нь ч бил үү гэр бүлээрээ хөдөө явчихсан, бодвол цөллөгт явж хохирсон байх. Ийм нэг баахан эсэргүү дайсныг нам-засаг дарсан юм байна хэмээн бид ойлгосоор 1990 оныг хүрсэн дээ. Эхэнд бичсэн намын Төв хорооны бүгд хурлын тухай мэдээний үг хэллэг, жигшүүлэх үүднээс хэрэглэсэн этгээд үгс нь тэр үедээ л хосгүй оновчтой мэргэн үгс байжээ. Ийм мэдээ олж уншсан хэн ч жигшихгүй, зэвүүцэхгүй, эмээхгүй байна гэж баймгүй. Буудаж алаасай хэмээн ёстой олон хүн ерөөж байсан байх даа? Энд би ганц номоос эшлэж байгаа боловч МАХН-ын түүхийн удаа дараагийн сурах бичгүүдэд энэ тухай давтан бичсээр байсан билээ. Гэтэл хожим юу болж орхив оо? Түүх бичлэг маань юу болж төрөл арилжив аа? Монголын өөрчлөн байгуулалтын нэг удирдагч Ц.Намсрайн хэлсэн үг дор байна. Нөгөө Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог МАХН-ын Төв хорооны алдарт VIII бүгд хуралд хэлсэн цогтой үгс:

  • Монгол хүний оюун сэтгэлгээнээс Монголыг нь шахан хатангиртуулж, хоосон зай гаргаж, зарим талаар түүнийг нь харийн юмаар бөглөх гэж байсан нь ойлгогдлоо. Үүний учрыг Ю.Цэдэнбал, түүнийг тойрон хүрээлж, хамтран бодлого явуулж байсан хүмүүсээс асуух учиртай юм. Ер нь 60-аад он бол Монголын эдийн засаг, улс төр, зан суртахууныг өөр зүг хөтөлсөн зааг үе болсныг нарийвчлан тунгаан судалж тодруулах хэрэгтэй байна.
  • Ардчиллын улбаа байсныг энэ л үед нухчин дарсан юм. Зээл тусламжаар социализм байгуулах бодлого ч энэ л үед тодорсон. Үнэн хэрэг дээрээ захиргааны өмчийн хэлбэрийг энэ л үед өөр өнгөөр тодруулан тооцоцгоосон юм. Найрамдлыг хувийн эрх ашигт тохируулах, түүнээс ашиг хонжоо олохыг эрэлхийлэн мэрийгчдийг төрүүлэх, найрамдлаар бороохой хийгчдийг өсгөх системийг энэ л үед тод томруун тавьсан юм гэжээ. Монголын түүхнээ 1960-аад он гэж тусдаа нэгэн өвөрмөц үе байсан гэж үзжээ. Оросчлогдох эхлэл тэр үед тавигдаж, тэр үед Ю.Цэдэнбалын хаанчлал тогтож, эхнэр нь төрийн хэрэгт хутгалдан оролцож, түүний гайгаар ардчиллын анхны үр соёлохоо больжээ гэдгийг анх удаа намын (өнөөгийн МАН) удирдлагын түвшинд бодитойгоор гаргаж тавьсан нь энэ юм.

МАХН-ын түүхийн номуудад улиг болтол бичигдчихсэн 1962, 1964 оны намын эсэргүү явдлууд, түүний эзэд- “марксизмд харш үндсэрхэг үзэлтэн, нам ард түмний түүхэн ололт амжилтыг үгүйсгэн дайрагч, улс төрийн талаар эрүүл бус үзэл санаа дэлгэрүүлэгч” Д.Төмөр-Очир, “Эрүүл бус үзэлтэн, МАХН түүний Төв хороо болон намын бодлогыг марксизм-ленинизмд харш үзлийн үүднээс ямар ч ул үндэсгүй гүтгэн дайрагч, намын интернационалч чиг шугамыг хянан үзэгч, намын жанжин шугамыг эсэргүүцэгч” Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын бүлэглэсэн явуулгыг илчлэн бут цохисон нь өнөөгийн өнцгөөс бол шал буруу байжээ. Гэхдээ энд гаргаж тавих нэгэн асуулт нээлттэй үлдэж байна.

Учир нь үр хүүхэд, ач гуч нар нь амьд байна. Тэр Д.Дамба, Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан, Л.Цэнд нарыг буруугүй, нэр төрийг нь сэргээсүгэй хэмээн 1990 оны арваннэгдүгээр сард МАХН-ын Төв хорооны V бүгд хурал дүгнэснийг яг цагаатгал гэж ойлгох эсэх, хэлмэгдэж байх үеийн сэтгэл санааны хохирол, гэр орныг нь бужигнуулсыг нь юугаар төлөх вэ? Ардчилсан хувьсгал ялчихсан, олон намын систем тогтчихсон үед ардчиллын давалгаан дунд цагаатгасан нь дэндүү хожуу, албадлагаар хийсэн юм биш үү? Бас нэг асуудал байна. Д.Дамбыг хэлмэгдсэнд тооцуулахыг хүссэн хүүгийнх нь хүсэлтийг 2008 оны арванхоёрдугаар сард шүүх авч хэлэлцээд хэлмэгджээ хэмээн дүгнэжээ. 2009 он гараад цагаатгасан үнэмлэх гэрчилгээ нь ар гэрийнхэнд нь олгогдсон байх юм. 1959 онд хэлмэгдүүлчихээд 2009 онд буюу 50 жилийн дараа цагаатгасан шүү.

Ёстой гайхалтай. Хэрэв Ж.Батмөнх нар 1984 онд Ю.Цэдэнбалыг авч хаяхдаа л тэр дороо цагаатгалаа эхлүүлж, уучлалаа гуйж, юуны түрүүнд Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз нарыг шууд цагаатгачихсан бол 1990 оны хаврын үймээн самуунт үйл явдал тохиох байсан уу даа? Ингэж эргэж харуусан ярих хүн зөндөө байдаг юм билээ шүү. 1955-1958 онд Ерөнхий сайдын орлогч, 1957-1958 онд Гадаад хэргийн сайд асан Содномын Аварзэдийг бүрэн цагаатгуулахаар архивын ба тогтмол хэвлэлийн фонд руу миний бие орж ажиллаж байгаа. Цагаатгавал цагаатгасан шиг хөдлөөсэй хэмээн би үздэг, бичдэг. Яг энэ тухай би: “Намтар судлалын шинжлэх ухаанд С.Аварзэд гуай өөрийн гэсэн өвөрмөц орон зайг үлдээжээ. Хүний хувь заяа гэж яасан ч хэврэг, эмзэг, бас бул хар чулуу шиг юм бэ” хэмээн бичих, сэтгэх тусам бодмоор.

Энэ олон эрээн цоохор төмрөн энгэртэй, элдэв шагнал алдар цолны эздийн дэргэд Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хоёрхон медаль ёлтойж харагдана. Ганц ч одон төр нь өгчихөөгүйд эргэж харуусмаар. Гадаад хэргийн яам нь сайд, Элчин сайд асан энэ эрхэмдээ “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” гэх дээд хүндэт цолоо тодорхойлоод өгүүлчих санаа сэдэл гарч байгаагүй л юм байх даа хэмээн дипломат албаны нөхдөдөө харуусч сууна хэмээн бичсэнсэн.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж