"Судалгааны ажлыг төлөвлөгөөтэй хийх боломж бүрдлээ"

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

"Судалгааны ажлыг төлөвлөгөөтэй хийх боломж бүрдлээ"

"Судалгааны ажлыг төлөвлөгөөтэй хийх боломж бүрдлээ"

Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны хөгжлийг харуулах нэг үзүүлэлт нь тухайн улсын эрдэмтдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл олон улсын томоохон сэтгүүлд хэр нийтлэгдсэн эсэх. Сүүлийн үед монгол эрдэмтэд олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхийг зорих болсон ч хэрхэн хэвлүүлэх талаар ойлголт багатай байдаг гэж хэлж болно.  Эрдэмтдийн энэ ажилд томоохон түлхэц болох үйл явдал өнөөдөр /2018.04.02/ болж байна. Учир нь, Монголын эрдэмтдэд зориулан “Clarivate Analytics”  компани хоёр өдөр /2018.4.2-3/ сургалт зохион байгуулж байна. Сургалтаар судлаач, эрдэмтэд хийсэн судалгаагаа хэрхэн дэлхийн өндөр чансаатай сэтгүүлд хэвлүүлэх , шинжлэх ухааны өгөгдлийн сантай хэрхэн ажиллах, патентаа зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэргийг заах юм. 

Сургалтын үеэр МУИС-ийн Эрдэм шинжилгээ, иноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуягаас сургалтын ач холбогдлыг  лавлахад “Clarivate Analytics”  компани нь 2016 онд “Thomson Reuters” компаниас шинжлэх ухааны сэтгүүлүүдийг эрэмбэлэх, патентын өгөгдлийн санг бүрдүүлэх бүх ажил хийх эрхийг авсан. Өнөөдөр эрдэмтийн судлаачдын ярьдаг гол зүйл нь “Web of science” буюу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг нөлөөллөөр нь ангилах байдал. Бидэнд тулгардаг гол бэрхшээл нь судлаачдыг чадавхжуулах, хийсэн судалгаагаа дэлхийн өндөр чансаатай шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх, шинжлэх ухааны өгөгдлийн сантай хэрхэн ажиллах вэ гэдэг асуулт. Сургалтаа энэ бүх зүйлийг заана. Мөн бүтээлээ хэрхэн патентжуулахыг заана.

МУИС “Clarivate Analytics”-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэснээр Монгол Улсын их сургуулиудад томоохон үйл явдал болж байгаа юм. Хятадын урдаа барьдаг таван их сургуульд зөвлөгөө өгдөг. Мөн Хятадын болон дэлхийн урдаа барьдаг их сургуулиудад зөвлөгөө өгдөг компани юм. Хамтын ажиллагааны хүрээнд бусад орны эрдэмтэд ямар бүтээл хийж байна, ямар хүн Монголын эрдэмтдийн бүтээлийг сонирхдог, манай судлаачдын бүтээл ямар төвшинд байгаа зэргийг харах, ямар судалгаа хийвэл зүгээр зэргийг уг компанийн мэдээллийн сангаас нь авах боломжтой. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөтэй судалгааны ажил хийх боломжтой болж байгаа юм” гэлээ.

Санамж бичигт гарын үсэг зурснаар монгол эрдэмтдийн бүтээлийн чанар, тоо нэмэгдэх, олон улсад өрсөлдөхүйц судлаачдыг бэлтгэхэд хамтран ажиллах төдийгүй “Clarivate Analytics”  компанийн бүтээл “Web of science” судалгааны платформыг хоёр жил үнэ төлбөргүй ашиглах эрхтэй болж байгаа юм байна. Түүнчлэн тус компани нь 40 гаруй оронд 100 гаруй салбартай, 32 хэлээр хандалт хийх боломжтой компани аж.

Сургалтад ШУА болон ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУБИС, МУИС зэрэг төрийн өмчийн таван сургууль, судалгааны байгууллагын 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж