Нүхэн гарцыг 4 сая ам.доллароор хийх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцыг 4 сая ам.доллароор хийх боломжгүй

Нүхэн гарцыг 4 сая ам.доллароор хийх боломжгүй

Нийслэлд дөрөвдүгээр сараас эхлэн хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар өнөөдөр /2018.4.2/ мэдээлэл хийлээ. Хуралд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж. Дагвасүрэн, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний орлогч дарга Ц.Тулга  нар оролцов.

Яармагийн зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “2018 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 24 ажил хийнэ. Мөн гаднын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн том гүүр барихаар бэлтгэл ажлаа хангаад байна. Автозамын ажил дөрөвдүгээр сарын 5-15-ны хооронд эхэлнэ. Үүнд

  • Орон сууцны хороолол дунд дөрвөн холбоос зам барина.
  • Гэр хороололд 11 хурдасгасан зам барина. 
  • Зам засвар, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээ зэрэг жил бүр хийдэг ажлыг хийнэ. Гаднах тойргийн 3 км замын ажил хийнэ.
  • Яармагийн зам 50 хувьтай байгаа. Энэ замыг гүйцээж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна.
  • Сонсголонгийн гүүр, Туулын гүүрний ажил дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ.
  • Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман байршилд түр зам гаргаж байгаа.
  • Дулааны болон цэвэр, бохирын дэд бүтцийн 100 гаруй ажил энэ зун хийнэ. Энэ хүрээнд 30-50 жил солиогүй цэвэр, бохирын шугам, дулааны төв шугамыг шинэчилнэ. Эдгээр шинэчлэлтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтад иргэдээс санал авч байгаа” гэлээ.

Иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалъя

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл иргэдээс санал асуулга авч дууссаны дараа дугаар хязгаарлалт хийх, хийхгүйг харж байгаад ажлыг эхлүүлэх юм. Барилгын ажилтай холбоотойгоор найман байрлал шинэ замын чиглэл гаргасан.

  • Хүүхдийн паркаар явах замын ажил эхэлсэн. Бусад холбоос замын хувьд байгууллагуудтайгаа зөвшилцсөн, барилгын ажилдаа орсон.
  • Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох чиглэлд иргэд их төөрөлдөөд байх шиг байна. Үндсэндээ Махатма Гандигийн гудамжийн уулзвар дээр байгаа соёмботой хөшөөний уулзварыг Нарны замтай холбох ажил эхэлсэн. Дунд гол дээгүүрх түр гүүрний ажлаа эхлүүлсэн байгаа. Одоо хучилтын ажлаа хийхэд бэлэн болсон байна.
  • Дараа нь Махатма Гандигийн уулзварыг Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу Хүннү хорооллын арын замтай холбох ажил хийгдэнэ.
  • Саруул хотхоныг Соёолжтой холбосон зам дээр маргааш тэмдэг, тэмдэглэгээ хийх юм.

Иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалъя. Дугаарын хязгаарлалт нь байнга хийгдэхгүй. Түр хугацаанд, долоо хоногт нэг өдөр машин унадаггүй байсныгаа хоёр өдөр л унахгүй байх санал асуулга явуулж байгаа юм. Нийслэлд бүтээн байгуулж буй ажил нь иргэдийн дэмжлэгээр явах тул хотод хийж буй ажлыг дэмжиж ажиллахыг хүсэж байна. Эдгээр ажил хийгдсэнээр бидэнд үр өгөөжөө маш сайн өгнө. Тодруулбал,

  • Зүүн дөрвөн замын бүтээн байгуулалт, Замын цагдаагийн гүүрний ажил хийгдэхэд замын түгжрэл 20-30 хувь буурна.
  • Нүхэн гарцын 42 сая ам.долларын ажлыг дөрвөн сая ам.доллароор хийх боломжтой байсан гэх худал мэдээлэл хэвлэлээр яваад байна. 4 сая ам.доллароор нүхэн гарц хийх ТЭЗҮ нийслэлийн Автозамын газар байхгүй, боломж байхгүй, тийм боломж ч байхгүй.
  • Мөн Нарын замын гүүр огт хаагдахгүй, Энхтайваны гүүр, Нарантуул худалдааны төвийн уулзвар, Баянзүрх дүүргийн “Натур” худалдааны төвийн уулзвар нээлттэй байх юм.

2.5 жил хийх байсан ажлыг бид гүйцэтгэгч компанитай тохиролцон 1.6 жилд хийж дуусгахаар төлөвлөсөн. Тиймээс иргэдийг дэмжиж ажиллахыг хүсье ”  гэв.

100 айлаас Тасганы уулзвар хүртэлх автозамыг есдүгээр сар хүртэл хаана

Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж. Дагвасүрэн “УСУГ нь энэ жил 13 төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Энэ нь автозамын хөдөлгөөнтэй холбоотой байгаа. Үүнээс онцгойлон урт хугацаанд хийгдэх, нийтэд хүрээлтэй ажлаас дурдъя. 3.5 км урт цэвэр усны шугам доторлогооны ажил тавдугаар сараас эхэлнэ. Энэ ажлын хүрээнд дараах замыг 17-20 хоног зам хаана. Үүнд,

  • Баянгол дүүргийн XIX хороо Чингүүнжавын гудамж
  • Сүхбаатар дүүргийн I, IV, V хороо Сөүлийн гудамж
  • Чингэлтэй дүүргийн  III хороо буюу баруун Сэлбийн гудамж
  • Баянзүрх дүүргийн IV, XV  хороо

Ингэхдээ худгаас худгийн хооронд хэсэгчилж хаана.  Үүний үр дүнд усны чанар өндөр төвшинд очно. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Цэвэр, бохир усны шинэ шугам тавина. Өөрөөр хэлбэл цэвэр усны дамжуулах, түгээх шугамыг салгаж,  усан сангуудыг дамжуулах шугамаар холбоно. Энэ хүрээнд 100 айлын уулзварыг Тасганы уулзвар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ түр хаагдана. Ажил тавдугаар сард эхэлж, есдүгээр сард дуусна”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж