Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.04.02/ УИХ-ыг тараахыг шаардсан албан шаардлагыг Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд болон Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэх гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийн эхэнд төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн 60 тэрбумын асуудал оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүд болон Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсан хууль бус асуудлыг шийдвэрлэж чадахгүй тэднийг хаацайлан дэмжиж байгаа УИХ-ыг тараахыг тулган шаардаж байна гэв.
ЗАЛУУЧУУД ОДОО ГАРЧ ИР. ТӨР ЗАСГАА АВ
Энэ үеэр улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар ийн ярьлаа.
Тэрбээр “Оффшор данстай, гэмт хэрэгтнүүд сайн дураараа тарна гэж хэзээ ч байхгүй. 76 гишүүнд бид нар ямар ч өргөдөл гомдол шаардлага өгөөд аливаа асуудал шийдэгдэхгүй гэдэг нь маш тодорхой байна. Одоогийн их хурал эрхзүйн чадамжгүй гэдэг нь олон зүйлээр нотлогдож байгаа. Жишээлбэл, хүчингийн хэрэг үйлдээд гэмт хэрэг нь нотлогдсон байхад, тэр аюултай гэмт хэрэгтэн төрийн ордонд явж байна. Энэ нь нийгэмд өнөөдөр хүчингийн хэрэг хийхийг бодитоор уриалж байна гэсэн үг. Хууль эрхзүйн орчныг яагаад яриад байна гэхээр зөрчлийн тухай хууль нь мөнгөтэй нь шоронд ордоггүй, мөнгөгүй ард иргэд нь шоронд ордог гаж тогтолцоотой болгочихлоо.
Нийслэлийн Засаг даргыг нисэх онгоцны буудал дээр ирэх үед нь өөрийнхөө ажиллаж амьдрах эрхээ хамгаалж лоозон барьж зогссон иргэнийг зөрчлийн тухай хуулиар 150 мянган төгрөгөөр торгосон. Гэтэл М.Энхболд тэргүүтэй уяачдын гэмт бүлэглэл олон хүүхдийг гэмтэж бэртээчхээд 100 мянган төгрөгөөр торгуулж байгаа нь хуулийн гажуудлын том жишээ юм.
Тийм учраас энэ завхралыг арилгахын тулд Монгол Улсад дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох УИХ-ын хаврын чуулган эхлүүлэхгүй. Албан ёсоор хувьсгал хийнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлаж ,ард түмнийхээ хүсэлт шаардлагыг хүлээн авч Монгол Улсад түр Засгийн газар байгуулна гэж найдаж байна. Монгол Улсын гурван сая иргэн дунд 76 гишүүдээс боловсролтой, монголоо гэх сэтгэлтэй залуучууд байгаа. Тэр залуучууд одоо гарч ир. Төр засгаа ав. Энд байгаа бид нар төр засгийн ямар ч эрх мэдэлд оролцохгүй.Тиймээс дөрөвдүгээр сарын 5-ны өглөө 8:00 цагт төрийн ордны бүх хаалгыг бүсэлж, УИХ-ын гишүүдийг оруулахгүй. Аминдаа хайртай бол 76 гишүүд төрийн ордон руу битгий зүглээрэй гэж хэлмээр байна. Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг онц байдал зарлах тушаал гаргана гэж найдаад ордон руу оруулна.
Манай хөдөлгөөн ганцаараа биш. Ардын нам, Ардчилсан нам доторх оффшор дансгүй олон сайд дарга нар, УИХ-ын гишүүд бид нарыг дэмжиж байгаа. Өнөөдөр Монгол Улсыг аврах цорын ганц найдвар нь монголын ард түмэн өөрсдөө. Тэрнээс биш аль нэгэн нам бүлэглэл биш’ гэв.
Э.Бурам