Прокурорын газраас Ч.Сайханбилэгт дуудах хуудас илгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

Прокурорын газраас Ч.Сайханбилэгт дуудах хуудас илгээжээ

Прокурорын газраас Ч.Сайханбилэгт дуудах хуудас илгээжээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2018.04.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв. 

-АТГ-аас өчигдөр Оюутолгойн төсөлтэй холбоотой нэр бүхий дөрвөн хүнийг баривчилсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг нэмж холбогдуулан шалгаж эхэлсэн. Сая дурдсан нэр бүхий хүмүүсийг өчигдөр /2018.04.01/ сэжигтнээр баривчилсан. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн “Стандарт” банкнаас “Жаст “ХХК зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгтэй холбогдуулж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг /2018.04.01/ сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-АТГ-аас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн энэ үнэн үү? 

-АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад цаашид С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн. Мөн яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ. Тэгэхээр шүүх шийдсэн тохиолдолд яллагдагчаар татан хорих болно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гадаадад байгаа. Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн. Түүнийг Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй  холбогдуулан байцаалт авна. 

 

Э.АРИУН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж