Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр /2018.04.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус зөвлөл АТГ-ын 2017 оны ажлыг үнэлээд чанаргүй муу хийсэн гэж дүгнэжээ. Тодруулбал, өндөр дээд төвшний авлига илрэхгүй байгаа нь ажлаа ямар төвшинд хийж буйн тод нотолгоо төдийгүй “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалтай таван жил ноцолдож байна гэлээ.
Мөн ашигт малтмалын лиценз, 60 тэрбумтай холбоотой илрүүлэх шаардлагатай маш олон ажил байгаа. Гэтэл түүнийгээ хийдэггүй, зөвхөн УИХ-д байгаа 76 гишүүнийг хамгаалаад сууж байдаг газар болж хувирсан гэж АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэллээ. Мөн тэрбээр “УИХ АТГ-ыг хараа хяналтаасаа гадуур ажиллуулж чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой” гэсэн юм.
АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Гэтэл АТГ-ын даргаар ажиллаж байсан Н.Ганболд нь эрүүл мэндийн асуудалтай байна гэж үзэн, хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн. Харамсалтай нь эрүүл мэндийн асуудалтай хүн нь цолоо нэмүүлээд өөр албан тушаалд очсон. Энэ бүхнийг өөгшүүлдэг газар нь УИХ болж хувирлаа гэсэн юм.
Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн эрх барьсан намын ивээл хүртсэн бизнесүүд гэрлийн хурдаар хөлжиж, төрийн өмчөөр өсөн бойжиж байгааг мэдэхгүй хүн алга. Ийм байдалд оруулахгүйн тулд 11 жилийн өмнө Авлигатай тэмцэх газрыг байгуулсан. Өнөөдөр нийгмийн бүхий л салбар авлигад идэгдчихлээ. Энэ бүхний хариуцлагыг УИХ, АТГ хүлээх ёстой. АТГ нь УИХ-ын байгууллага. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр ухарсан. Үүнд хариуцлага тооцох АТГ болон хуулийн байгууллагууд хараат болсон гэдгийг дэлхий дахинаа мэдэгдчихлээ. Бусад орнууд оффшор дахь хөрөнгөө татаж, хариуцлагаа тооцчихлоо. Манай улс бас юу ч хийгээгүй байна. Авлигачдыг хашрааж чадахгүй АТГ-д олон нийт итгэхгүй байна. Иймд УИХ хариуцлага тооцох хэрэгтэй. Хэрэв хариуцлага тооцож чадахгүй бол УИХ-ыг тараахаас өөр гарцгүй” гэж мэдээллээ.
Мөн тэд АТГ-ыг бүрэн эрх нь дууссан хүнээр удирдуулж байна. Тус газрын дарга Н.Ганболд 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-аас томилогдсон. Түүний бүрэн эрхийг хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-нд дуусах байсан боловч хугацаанаасаа өмнө чөлөөалөгдөх хүсэлтээ өгч 2016 оны долдугаар сарын 8-нд чөлөөлөгдөж, Х.Энхжаргал нөхөн томилогдсон. Хуульд зааснаар нөхөн томилогдсон Х.Энхжаргалын хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр дууссан. Цагаан дээр хараар бичсэн УИХ-ын баталсан хуулийг зөрчих эрх хэнд ч байхгүй юм гэж хэллээ.
Г.ХОРОЛ