Хятадын Төрийн зөвлөлийн гаалийн татварын комисс өнөөдрөөс эхлэн АНУ-аас импортолж буй 128 төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн татварыг 15-25 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнд, жимсний төрлийн импортын 120 нэрийн бүтээгдэхүүний татварыг 15 хувиар, гахайн махны төрлийн найман бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн татварыг 25 хувиар нэмэхээр болжээ.
Энэ шийдвэртэй холбогдуулан Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ
“Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн үйл ажиллагаагаа даруй зогсоож, Хятад, Америкийн хамтын ажиллагаанд томоохон хохирол учруулахаас зайлсхийхийг хүсч байна гэжээ.
Хятад улс 2018 оны гуравдугаар сарын 26-нд ‘Баталгаат арга хэмжээ гэрээ’-г үндэслэн ДХБ-аар дамжин АНУ-тай худалдааны нөхөн олговрын талаар зөвшилцөл хийх хүсэлт гаргасанд АНУ татгалзсан. Хоёр тал нийтлэг ойлголтод хүрч чадаагүй болохоор энэ оны гуравдугаар сарын 29-нд Хятад улс татварыг багасгах жагсаалтаа цуцлахыг Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, АНУ-аас Хятад улсад импортолж буй зарим бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмэгдүүлж, Америкийн 232 тоот заалтын арга хэмжээнээс Хятадын талд учруулах хохирлыг тэнцвэржүүлэх шийдвэр гаргасан билээ.
Хятадын талаас өнөөдөр тус улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэхдээ “Хятад, Америк улс дэлхийн хоёр том эдийн засгийн цогцын хувьд хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт юм. Хоёр тал хэлцэл зөвшилцлөөр маргаанаа шийдвэрлэх, хамтран хөгжих хэрэгтэй” хэмээн уламжилжээ.
Түүнчлэн Синьхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын Сангийн яамны Гаалийн татварын хэлтсээс өчигдөр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан “Энэ удаа гаалийн татварын бодлогод тохируулалт хийсэн нь Хятадын ашиг сонирхлыг хамгаалж, АНУ-аас импортлох ган, хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварыг нэмснээр БНХАУ-д үүүлсэн хохирлыг тэнцвэртэй байлгах зорилготой” гэжээ. Мөн одоо хэрэгжүүлж буй гаалийн татварыг баталгаажуулах, татварыг хөнгөлөх, татваргүй байлгах бодлого өөрчлөгдөхгүй гэж БНХАУ-ын Сангийн яамны Гаалийн татварын хэлтсээс гаргасан мэдэгдэлд дурджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэрт гарын үсэг зурсан бөгөөд энэ шийдвэрийн дагуу 60 тэрбум ам.доллараар хэмжигдэх бараа, бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулахаар болжээ. АНУ-ын талаас БНХАУ-ыг зах зээлээ нээлттэй байлгах, “нэг тал барьсан” шийдвэр гаргавал хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр “худалдааны дайн дэгдэх эрсдлээс үл хамааран БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар сэргэж, экспорт өсөж” байгааг статистикийн мэдээллүүд харуулж эхэлсэн байна.
Г.Ойдов