Газын зурваст Израилийн цэргүүд Палестины босогчид руу гал нээж, 17 хүнийг хөнөөсөн хэрэг явдлын дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг “алан хядагч улсын тэргүүн” хэмээн мэдэгдсэн байна.
Эрдоган өөрийн намын их хурал дээр хэлсэн үгэндээ ийн мэдэгджээ. Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Туркийн армийн үйлдлийг Нетаньяху шүүмжилсэн билээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэлдээ “Израилийн армийн цэргүүд ямар харгислал үйлдэж буйг би дэлхий дахин тунхаглах шаардлагагүй. Алан хядагч энэ улс Газын зурвас, Иерусалимд юу хийж буйг бид тэртээ тэргүй харж, сонсч байна. Израил Газын зурваст аллага үйлдсээр ирсэн. Нетаньяху бол алан хядагч. Бид Израилийн хийж буй зүйлийн талаар цаашид ч хэлэх болно” гэжээ.
Өнгөрсөн баасан гаригт Газын зурваст Израилийн цэргүүд Палестины босогчид руу гал нээсний улмаас 17 хүн амиа алдаж, 1400 гаруй хүн шархадсан.
Харин Нетаньяху твиттертээ Израилийн арми бол дэлхий дээрх хамгийн өндөр ёс суртахуун, сахилга баттай арми” хэмээн өмөөрч, Туркийн цэргүүдийг энгийн номхон иргэд, оршин суугчдыг бөмбөгдсөн гэж буруутгасан байна.
Эх сурвалж: Russia Today