Улаан асрын зүүд (98-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.02-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (98-р бүлэг)

Улаан асрын зүүд (98-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Ерэн наймдугаар бүлэг

ЭМГЭНЭЛТ СУВДЛИГ ӨВСНИЙ СҮНС ХАГАЦАЛТ ТЭНГЭРТ БУЦАЖ, ӨВЧИТ “ЭРДЭНИЙН ХАШ” НУЛИМСАА МӨРӨӨДЛИЙН ШОРООНД АСГАВ

Өгүүлэх нь: эцэгтэйгээ уулзаад харихдаа Бао Юйгийн толгой түрүү нь эргэж хоол ч идэлгүй, мансууран унтав. Угийн ёсоор эмч залан үзүүлж, эм уулгавч тус болсонгүй. Сүүлдээ хүн танихгүй болов. Түүнийг түшин суулгавал эрүүл хүн шиг байна. Ийм маягаар хэдэн өдөр сандаргатал “Үүдээ өргөж харих өдөр”1 болсон тул очихгүй бол Шюэ Имагийн нэр хүндэд эвгүй, очвол Бао Юйгийн өвчин Дай Юйгийн учраас болсон нь тодорхой бөгөөд тодруулан хэлбэл цухалдсаар юм болохоос айна. Бао Чай бол шинэ бэр тул мөн аргадан ятгахад хэцүү. Тэгэхээр ганцхан Шюэ Има л ирвэл болно гэж үзэв. Үүд өргүүлэхгүй бол Шюэ Има уурлах тул, Ван Фүрэнь, Фөн Же хоёртой: “Бао Юйгийн сүнс биедээ үгүй мэт боловч хөдөлж барихдаа харшгүй тул хоёр бяцхан сүйхэнд суулган хүнээр түшүүлж очуулаад үүд өргөхийн бэлэг ёсыг гүйцэтгэсэн хойно Имаг залан авчирч, Бао Чайг ятгуулан саатуулаад, тэд Бао Юйг сайтар эмнүүлбэл, хэн алинд сайн биш үү” хэмээн зөвлөсөнд Ван Фүрэнь хүлээн авч даруй түргэн бэлтгүүлэв. Бао Чай бол шинэ бэр, Бао Юй бол солиотой хүн тул дур мэдэн авч явжээ. Бао Чай энэ явдлыг тодорхой мэдээд, эхийгээ тэнэг хэрэг үйлдлээ гэж дотроо гомдох боловч хэрэг нэгэнт ийм болсон тул олон үг дуугарч чадсангүй. Шюэ Има охиныхоо энэ байдлыг хараад дотроо гэмшивч хааш яаш дуусгав.

Бао Юйгийн өвчин дордож хэвтэрт оров. Өдрөөс өдөрт муудаж ус ч оочихгүй болов. Шюэ Има нар балаг алдан сандарч энд тэндээс нэртэй эмч нарыг залж ирээд өвчнийг нь үндсийг тодруулж чадсангүй. Харин хотын ойролцоох эвдэрхий сүмд суугч Би Хиань гэгч нэг ядуу эмч үзээд “өвчний үндсийг баяр зовлон харшиж, халуун хүйтэн хямраад, идэш ууш цагийг алдаж, уур хилэн хурж, төв уур бөглөрснөөр энэхүү уяран гашуудах өвчнийг олжээ” гэж бичиж өгөв. Орой эм уусан хойноо хоёр жин өнгөрөөд мэдрэл орж ус ууя гэжээ. Жя Мү, Ван Фүрэнь нар сая л санаа нь амарч байтал Шюэ Имаг залж, Бао Чайтай хамт хүрч ирж баахан сууцгаав.

Бао Юй агшин зуур мэдээ орж, тэнхрэхэд амаргүй болсноо мэдээд хүмүүс явсны дараа Ши Рэнийг дуудан гарыг нь бариад уйлан:

-Би чамаас юм асууя. Бао эгч яагаад ирсэн юм бэ. Лао е надад Линь дүүг буулгаж авчирсан байтал яагаад тэр эгчид хөөгдөөд гарсан юм бэ? Тэр яагаад энд эзэрхэн суув? Би хэлбэл түүнийг уурлуулахад хүрнэ. Линь охин уйлсаар байгаад ямар болсныг та нар сонсов уу гэсэнд Ши Рэнь шууд хэлж чадсангүй. Зөвхөн “Линь авхай өвчтэй байгаа” гэв. Бао Юй: “Би очиж үзнээ” гээд босох гэтэл хэдэн өдөр аяганы амсар зуугаагүй тул яаж хөдөлж чадах вэ, Тэгээд уйлж:

-Би үхнэ. Над нэг сэтгэлийн үг байна. Чи Лао тайтайд хэлж өгөхийг гуйя. Линь дүү ч бас нэг цагт үхнэ. Одоо би амьдарч чадахгүй. Хоёр газарт хоёулаа үхнэ. Үхсэн хойно улам яршигтай болох тул нэг хоосон гэр суллаж Линь дүү бид хоёрыг эртхэн тэнд оруулбал, амьд байхдаа хамт эмнүүлж, үхэхэд мөн хамт тавихад зүгээр юм. Чи миний энэ үгийг сонсвол хэдэн жилийн найрсаг сэтгэлийг газар хаяхгүй болой гэж хэлэв. Ши Рэнь цухалдахын хамт бас инээд ч хүрэх шиг болоод өрөвдөнө.

Энэ үед Бао Чай, Ин Эрийн хамт хүрч ирэх таараад, түүний үгийг сонсчээ. Бао Чай:

-Чи өвчтэй байтлаа биеэ эмнүүлэхгүй, юунд ийм өлзий бусын үг хэлж байгаа юм бэ. Лао тайтай сая л нэг тайтгартал чи бас яршиг удаж яаж байгаа юм бэ? Лао тайтай насан туршдаа чамайг хайрласаар одоо ная гарлаа. Хэдий чамаар ачлуулахыг хүсэхгүй боловч хожим чамайг хүний зэрэгт хүрсэнийг үзээд Лао тайтай нэг өдөр баярлавч настаны санасан сэтгэлийг хөсөрдүүлэхгүй болой. Дайдааг бас хэлэх юү байна. Энэ насныхаа аливааг шавхаж, хөвүүн чамайг өсгөтөл хэрэв зуурдаар үхвэл дайдаа хожим ямар болох вэ. Би хэдий торгон заяатай боловч үүнд хүрэхгүй. Энэ гурван зүйлээс үзвэл, чи үхсүгэй гэвч тэр цагт чамайг үхүүлэхгүй. Чи ч үхэж чадахгүй болно. Дөрөв таван өдөр нам гүм байж сайхан сувилуулж гажуу амьсгалаа арилгавал, төв уур чинь бүрэлдээд энэ гажуу өвчин чинь аяндаа үгүй болно гэв.

Бао Юй хэлэх үггүй гүлбэгнэн байснаа хадганан хөхөрч:

-Чи өдий удаан хугацаанд надтай юм яриагүй байж одоо энэ их олон ёсны үгийг хэнд сонсгох гэж хэлж байгаа юм бэ? гэж асуув. Бао Чай:

-Чамд үнэнийг хэлж байна. Тэр хэдэн өдөр чамайг мэдээ сэхээгүй байхад Линь дүү нэгэнт бие баржээ… гэсэнд Бао Юй босож суугаад чанга дуугаар:

-Нээрэн үхэж үү гэж гайхан асуув. Бао Чай:

-Үнэхээр үхжээ. Гэгээн тэнгэр, гэрэлт нарны дор хүнийг үхлээ гэж зүхэх хүн байх уу? Лао тайтай, их дайдаа нар чинь, эгч дүү нар эе найртайг мэдэх учир түүний үхсэнийг сонсвол чи мөн үхье гэхээс болгоомжлон чамд хэлсэнгүй ээ гэв.

Бао Юй энэ үгийг сонсоод тэсгэлгүй дуу тавин уйлж, орон дээрээ саваад унатал агшин зуур нүд нь харанхуйлж зүг чигээ олохгүй тэвдэж байтал гэнэт дэргэд нь нэг хүн ирэх шиг болов. Бао Юй сандран “Энэ ямар газар гэгч вэ” гэж асуусанд өнөөх хүн:

-Энэ бол есөн булагт хүрэх зам юмаа. Чиний насны хэмжээ болоогүй байтал яагаад ирэв гэж асуув. Бао Юй:

-Нэг хуучин найзаа үхлээ гэж сонсоод эрж явсаар энд ирээд төөрчихлөө… гэсэнд цаад хүн:

-Чиний хуучин найзыг хэн гэдэг юм бэ гэж асуув. Бао Юй:

-Гү Сү газрын Линь Дай Юй гэдэг юм… гэтэл өнөөх хүн, хүйтнээр инээж:

-Линь Дай Юй амьддаа хүний дансанд үгүй ээ. Үхсэн хойноо чөтгөрийн тоонд ч үгүй. Сүг сүнсгүй тул түүнийг хаанаас эрнэ вэ. Сүг сүнс гэгч цугларвал дүр бүтэж, арилбал уур болно. Амьддаа цуглараад, үхвэл арилна. Эгэл хүнийг ч эрж олохгүй байтал Линь Дай Юйг яаж олно вэ. Чи хурдан харигтун гэв. Бао Юй түүний ярианд удтал бэгтэрч:

-Үхвэл арилна гэх мөртөө юунд бас “Эрлэгийн орон” байна гэдэг юм бэ гэсэнд тэр хүн, хүйтнээр инээж:

-Эрлэгийн орон гэгчийг бий гэвэл байна. Байхгүй гэвэл бас байхгүй юм. Тэр цөм ертөнцийн өтөл ард үхэх төрөхийн тухай өгүүлэл номлол зохиож орчлонгийн хүнд цээрлүүлсэн нь болой. Хэвээ сахиж, ёсыг дагахгүй, насны тоо гүйцэхийн урьд зуурдаар үхэх, өнгөнд тачаан түрэмгийлэн явж, биеэ бүрэлгэх мэтийн өтөл мунхаг үйлийг дээд тэнгэр ихэд жигших тул тусгайлан энэхүү эрлэг тамын орныг зохиож, сүг сүнсийг нь аваачиж хориод зовлонгийн далайг гэтэлгэж амьдын нүглийг нь наманчлуулна. Чи Дай Юйг эрвэл өөрөө дэмий л тамд унана. Дай Юй нэгэнт их сансрын арилсан оронд очсон тул нэг сэтгэлээр сүсэглэн залбирвал уулзах цаг аяндаа хүрч ирнэ. Амар жимэр амьдрахгүй, зуурдаар үхэх нүгэл үйлдэж, тамын ёроолд унавал эцэг эхээс гадна Дай Юйтэй нэг уулзсугай гэх нь эгнэгт үл болох хүсэл болой гэж хэлээд ханцуйнаасаа нэг чулуу гаргаж, Бао Юйн аюулхай руу цохин явуулав. Бао Юй түүний хэлэхийг сонсоод бас тэр чулуунд зүрхээ цохиулан их л айж харья гээд явсан нь бас төөрчээ. Тэгээд тээнэгэлзэн гайхаж байтал хэн нэгэн хүн түүнийг дуудах дуулдав. Эргээд харвал өөр хэн нэгэн биш, Жя Мү, Ван Фүрэнь, Бао Чай, Ши Рэнь нар тойрч зогсоод уйлан дуудаж байх бөгөөд өөрөө ч орон дээр хэвтэж байв. Харвал, ширээн дээр улаан зул асааж, цонхны гаднаас гэгээн саран мэлтийгээд торго магнаг мяралзсан өнгөт ертөнц хэвээрээ байв. Эргэцүүлэн бодвол, нэгэн цагийн аюумшигт зүүд байсан бөгөөд бүх биеэс нь хүйтэн хөлс асгарч, дотор нь саруулхан болжээ. Нарийвчлан бодож үзвэл, үнэхээр аргагүй тул нэгэн зэрэг урт сүүс алджээ.

Дай Юй өнгөрөхөд, Жя Мү нар Бао Юйгийн өвчин хүндэрч засалгүй болохоос айгаад түүнд огт хэлж болохгүй гэж олонд захисныг Бао Чай хэдийн мэдэх боловч Бао Юйгийн өвчний шалтгаан нь Дай Юйд байх бөгөөд хаш гээсэн нь дараах шалтгаан болохыг ойлгоод, сэтгэлийг нь нэгмөсөн цөхрүүлээд, сүг сүнсийг нь эргүүлж авчирвал эмнэж засаж болно гэж бодоод эв зүйг далимдуулан хэлжээ. Жя Мү, Ван Фүрэнь нар Бао Чайн санааг мэдэхгүй, түүнийг цүлс аашлав хэмээн зэмлэсэн боловч Бао Юйгийн сэргэснийг үзээд сая л санаа нь амарч гадаах бичгийн өрөөнөөс Би хэмээх эмчийг залж үзүүлэв. Би эмч судсыг бариад:

-Сонин болжээ. Одоо судас нь тогтуун болоод, тайван тавиу болжээ. Маргааш засварын эм уулгавал сайн болно гээд явав. Бүгд санаа амарч тайвшрав. Ши Рэнь Бао Чайгийн хэлснийг дотроо ихэд буруушаасан боловч ил хэлэхэд эвгүй болжээ. Ин Эрч Бао Чайд далдуур: “Авхай хэтэрхий яарчээ” гэсэнд цаадах нь: “Чи юу мэдэх вэ. Сайн муу ямар болсон ч би байна” гээд хүмүүс зэмлэхийг тоолгүй Бао Юйгийн сэтгэлийн өвчнийг хянаж далдуур ажиглах арга хэрэглэжээ.

Бао Юй хэдийгээр Дай Юйг бодоод дотор нь будангуйрдаг боловч санаа сэтгэл нь амархан тогтворжиж эхлэв. Ши Рэнь аажмаар: “Лао егийн сонгон тогтоосон Бао авхай хүнд эе эвтэй. Харин Линь авхайн зан ааль этгээд зөрүү тул наслахгүйгээс айж байжээ. Лао тайтай чинь, сайн мууг ялгахгүй, өвчтэй бие ундууцан цухалдахаас болгоомжилж Шюэ Янийг дуудан “Чамайг хуурсан юм” гэх мэтээр үргэлж ятган ойлгуулах гэвч Бао Юй ямагт нулимс унагана. Үхье гэж бодохоор зүүдэлсэнээ санагалзаж бас Лао тайтай, дайдаагийн цухалдахаас зовж, орхиж төвдөхгүй шанална. Бас Дай Юй нэгэнт үхээд, Бао Чай болбол мөн тэргүүн зэргийн хүн тул: “Алт, хашийн барилдлагыг” сая баахан итгэж сэтгэл нь нилээд уужрав. Бао Чай түүнийг нилээд засарсныг үзээд санаа амарч Жя Мү, Ван Фүрэнь нарын өмнө гэрийн ёсыг гүйцэтгэж Бао Юйгийн уйтгарыг тайлах гэж оролдоно. Бао Юй хэдийгээр үргэлж сууж чадахгүй боловч, Бао Чайг үргэлж орныхоо дэргэд суугаад байхаар, тэсгэлгүй төрөлх авъяас нь хөдлөхөд цаадах нь: “Биеэ сувилах нь чухал. Бид хоёр нэгэнт эр эм болсон тул яарах хэрэггүй” гэх мэтээр чигч үгээр ятгана. Бао Юй хэдий дотроо дурамжхан байвч өдөр бүр Жя Мү, Ван Фүрэнь, Шюэ Има нар ээлжлэн сахиж, шөнө бол Бао Чай ганцаар явж унтаад их эмээ нь бас хүн явуулж харуулах тул арга буюу томоотой сайхан сувилуулна. Бао Чайгийн ааш зан зөөлөн найрамдуу тул Дай Юйг санах сэтгэл нь алгуураар түүнд шилжив. Энэ тухай дараа өгүүлнэ.

***

Бао Юйд гэргий авч өгөх тэр өдөр, Дай Юй гэгээн өдрөөр нэгэнт харангадан унасан боловч утсан чинээ улаан гол нь тасрахгүй байсанд Ли Вань, Зы Жюань хоёр унан тусан уйлжээ. Орой болоход Дай Юй сэхэсхийж ус, шөл оочих байдалтай нүдээ нээв. Энэ хэр Шюэ Янь яваад Ли Вань, Зы Жюань хоёр л хажууд нь байсан тул нэг цөгц гавирын шөл хольсон алимын шүүс авчирч жижиг мөнгөн халбагаар хоёр гурав цутган өгөв. Дай Юй нүдээ аниад жаахан амьсгалтал, дотор нь хэсэг цэлмэж, хэсэг харанхуйлна. Ли Вань түүний жаахан сэхсэнийг хараад үхлийн чөлөөний засрал болохыг мэдэж, барагцаалбал бас хагас өдрийн зай байна гэж бодоод, ар гэрийн явдлыг янзлахаар Дао Шиян Цүньд харив.

Энэ үед Дай Юй нүдээ нээж харвал Зы Жюань, хөхүүл эх хэдэн охидын хамт байв. Нэг гараараа Зи Жюаний гарыг атгаж, чадал мэдэн хүчилж,

-Би одоо тусгүй болжээ. Чи намайг хэдэн жил асарсан тул хоёул хэзээд хамт байна гэж хүссээр ирсэн билээ. Одоо би… гэсээр хэсэг зуур амьсгаадаж, нүдээ анин амсхийв. Дай Юй түүний гарыг атгаад байхаар Зы Жюань хөдөлгөхгүй байв. Байдал нь үдийн өмнөхөөс бүр гайгүй болсон тул тэнхэрч болох юм гэж бодож байсан боловч саяын энэ үгийг сонсоод бүрмөсөн цөхөрчээ. Нилээд удсанаа Дай Юй,

-За дүү минь, энд миний төрлийн хүн нэг ч үгүй. Миний бие хараахан цэвэр байсаар… Чи ямар ч байсан тэднээр намайг нутагт хүргүүлэгтүн гээд нүдээ аниад дуугүй болов. Гар нь улам чангарч, амьсгал нь давхцан, тавих амьсгал нь их, татах амьсгал нь бага болоод ихэд давчдав. Зы Жюань сандарч Ли Ванийг залуултал Тань Чүнь хүрч ирэв. Түүнд сэмхнээ “Авхайг хараач” гээд уйлав. Цаадах нь очоод гарыг нь барьвал нэгэнт хөрөөд, нүд нь хөдлөхгүй болжээ. Тэр хоёр уйлалдан, ус авчирч Дай Юйг угаах гэж байтал Ли Вань санд мэнд ирэв. Гурвуул хэлэлцээд угааж эхэлтэл Дай Юй гэнэт төв шулуун дуугаар “Бао Юй! Бао Юй, чи үнэхээр…” гээд бархирч, үнэхээр гэх үгэнд хүртэл бүх биеэс нь хүйтэн хөлс дааварлаад дуугүй болов. Зы Жюань нар түшин автал хөлс нь гарах тусам бие нь алгуурхан хөрч эхлэв. Ли Вань, Тань Чүнь хоёр хүн дуудаж, гэзгийг нь самнаж хувцсыг нь өмсгөтөл Дай Юй гэнэт зогисоод шил нь татав.

Гоо сүнсний нэгэн зурвас салхины аяар замхарч

Гомдолт сэтгэл гурван жинд зүүдний ертөнцөд оров!

Дай Юйгийн амьсгал хураасан цаг нь, Бао Юй, Бао Чай хоёрын тэнгэрт мөргөсөн цаг байсан бөгөөд энэ үед Зы Жюань нар ихэд уйлан гашуудаж байлаа. Ли Вань, Тань Чүнь хоёр түүний урьдын хөөрхийлэлтэй учралыг санаж, өнөөдөр бүр ч өрөвдөн уярч их л уйлцгаав. Шяо Шян Гуань, шинэ гэрээс нилээд хол тул тэртээ этгээдэд олж сонссонгүй. Бүгдээр зэрэг зэрэг уйлалдаж байтал гэнэт тэртээд хөгжмийн дуу гартал чих тавин чагнавал төдөлгүй сонсдохоо болив. Тань Чүнь, Ли Вань хоёр хүрээнээс гарч чагнавал хулсны мөчир салхинд ганхаж, сарны туяа хэрэмд шилжээд үнэхээр маш уяралтай, жихүүн санагджээ.

Төдөлгүй Линь Хэшиюагийн эхнэр хүрч ирээд Дай Юйг авсалж хүнээр мануулаад, маргааш өглөө нь Фөн Жед очиж мэдүүлэв. Жя Мү, Ван Фүрэнь нар ч сандран, Жя Жөн холын албанд мордох гээд, Бао Юйгийн өвчин улам хүндэрч юм юм давхцаж байсан тул, ийм үед нь Дай Юйгийн бие мууг мэдүүлбэл, настай ахайтнуудын зовнил гунил давхцан цухалдаж бие нь өвдөхөөс болгоомжилж Фөн Же өөрөө л хүрээлэнд очив. Тэнд очоод бас л уйлж, Ли Вань Тань Чүнь хоёр бүх юмыг жин тан бэлтгэснийг үзээд “Маш сайн. Та нар сая дуугарахгүй намайг сандаргав” гэсэнд Тань Чүнь: “Сая Лао ег мордуулсан тул яаж хэлэх юм бэ” гэв. Фөн Же: “Энэ мөн та хоёрын түүнийг өрөвдсөн санаа болой. Би одоо тэнд очиж, тэр чивэлт агийг харгалзсугай. Гэвч энэ хэрэг үнэхээр төвөгтэй. Өнөөдөр мэдүүлэхгүй бол болохгүй. Мэдүүлбэл бас Лао тайтай тэсэхгүй байж мэднээ” гэсэнд Ли Вань:

-Чи очоод байдлыг очиж мэдтүгэй! Эв зохисыг нь олж мэдүүлээрэй гэв. Фөн Же толгой дохиод яаран явав.

Тэрбээр явсаар Бао Юйгийн тэнд очвол эмч гайгүй гэж хэлээд Жя Мү, Ван Фүрэнь хоёр жаахан тайвшираад байсан тул Бао Юйгээс нууж, Дай Юйгийн тухай хэлбэл тэд ихэд айжээ. Жя Мү нулимас унаган:

-Түүнийг би л алж байгаа юм. Хөөрхий минь тэр бас даанч мунхаг юм даа… гэсээр хүрээлэнд очъё гэтэл Бао Юйд татагдаад, аль алинд нь завдахгүй самгардав. Ван Фүрэнь нар уяран зовсоор: “Та очих хэрэггүй. Таны бие чухал” гэж ятгасанд Жя Мү: “Чи л очиж үз” гэж хэлээд:

-Чи намайг орлон түүний сүнсэнд “Би чамайг очиж үдэх дургүй дээ бишээ. Ганцхан хол ойрын ялгал байна. Чи бол миний зээ ач. Их ойр боловч Бао Юйтэй адилтгавал цаадах чинь надад чамаас ойр байна. Бао Юй хэрэв ийм тийм болбол би эцэгтэй нь яаж уулзах вэ гэж хэлэгтүн гээд уйлав. Ван Фүрэнь:

-Лао тайтай, Линь авхайд их хайртай байлаа. Тийм боловч тоолж тавьсан нас тул одоо нэгэнт сэтгэлээ гүйцээж чадахгүй болжээ. Тиймийн тул хойчийн явдлыг нь сайтар хүндэтгэн гүйцэтгэвэл нэгд миний сэтгэлийг баахан хангаж, хоёрт, дүү хатан, зээ охин хоёрын сүнсийг бас баахан амгуулж чадна гэсэнд Жя Мүулам ихээр уйлан гашуудав. Фөн Же, буурай эмээгээ хэтэрхий уяран зовуузай гэж санаад Бао Юйгийн ухаан будангуй байгаа далимд сэмхэн ирүүлж түүгээр: “Бао Юй, Лао тайтайг эрж байна” гэж худал хэлүүлээд хуурав. Жя Мү энэ үгийг сонсуут уйлахаа болиод “Яасан юм бол” гэж асуусанд Фөн Же инээмсэглэн:

-Гойдын учиргүй, зүгээр л таныг санаж байх шиг байна гэв. Жя Мү сандран Бао Юй дээр оров. Тэрбээр:

-Чи намайг санаад байна уу гэж асуусанд Бао Юй:

-Би урьд шөнө Линь дүүтэй уулзлаа. Тэр урагшаа харина гэх тул түүнийг Лао тайтайгаас өөр хориглож чадах хүн байхгүй. Та надад хориглож өгөх болов уу гэв. Жя Мү: “Болноо. Чи санаа амар бай’ гэсэнд Ши Рэнь, Бао Юйг түшин хэвтүүлэв. Жя Мү тэндээс гараад Бао Чайгийн тэнд очив. Энэ хэр Бао Чай үүдээ өргөж хариагүй байсан тул хүнтэй уулзах бүрдээ үнэхээр баахан ширвээднэ. Энэ өдөр ихэд уйлсан царайтай байхыг нь хараад цай аягалж өгсөнд, Жя Мү түүнийг суу гэв. Бао Чай дэргэд нь мөчидхөн сандайлж суугаад,

-Линь дүү өвчлөв гэж дуулсаан. Зүгээр болоо болов уу гэж асуусанд Жя Мү нулимас унаган:

-Охин минь ээ, би чамд хэлье. Чи харин Бао Юйд хэлж болохгүй. Линь дүүгийн чинь уршгаар чамайг багагүй гасалгалаа. Одоо чи бэр болсон тул би чамд хэлж байна. Линь дүү чинь үгүй болоод хэд хонолоо. Яг чамайг буулгах тэр цагт үгүй болжээ. Энэ Бао Юйгийн өвчин бас түүнээс шалтгаантай. Та нар цөм хүрээлэнд байсан болохоор цөмөөр мэднээ гэв. Бао Чайгийн царай час улайж Дай Юйгийн үгүй болсныг бодоод нулимс унагав. Жя Мү тэгсгээд явав.

Үүнээс хойш Бао Чай эргүүлж тойруулж бодоод нэг арга олсон боловч хичээгээд хэрэглэхгүй байжээ. Одоо үүдээ өргөж, харьж ирээд энэ аргыг хэрэглэвэл үнэхээр байхын тус болж хүмүүс юм ярихад урьдын адил болгоомжлохгүй болов. Гагцхүү Бао Юйгийн өвчний байдал өдрөөс өдөрт дээрдэвч, түүний мунхаг бодол ер алдрахгүй, үе үе уйлсаар ажээ. Жя Мү нар түүний өвчний үндэс арилаагүйг мэдээд, элдвийн юм битгий бод гэвч бухимдан уйтгарлахыг нь хориглож чадахгүй ажээ. Өвчин нь үе үе дахина. Эмч, түүний сэтгэлийн өвчнийг үзэж мэдээд нэг мөсөн задалж тавьсны дараа дахин эмээр засвал эдгэрэх нь түргэн гэж хэлсэнд Бао Юй сонсоод даруй Шяо Шян Гуаньд очно гэнэ. Жя Мү нар арга буюу хулсан исэр авчруулж Бао Юйг суулгаад явав. Жя Мү, Ван Фүрэнь нар түрүүлээд явав. Шяо Шян Гуаньд ороод Дай Юйгийн авсыг хармагц Жя Мү уйлаад бөглөрч тагларах шахсан тул Фөн Же нар аргадаж арай гэж зогсоов. Ван Фүрэнь ч түүнээс дутсангүй. Ли Вань бэргэн Жя Мү, Ван Фүрэнь хоёрыг дотор гэрт залж оруулаад даган уйлав. Бао Юй хүрч ирмэгцээ саяхан энд эрүүл саруул ирж байснаа санаад одоо гэр нь байвч хүн нь үгүй болсныг хараад дуу тавин уйлав. Урьд нь хичнээн янаг дотно байгаад, одоо үхэж хагацсан тул яагаад уяран гашуудахгүй байж чадах вэ. Түүнийг өвчтэй учир хэтэрхий уяруузай гэж болгоомжлон цөм аргадан хэлэв. Тэрбээр нэгэнт манарч муужирталаа уйлсан тул түүнийг түшин аваачиж амсхийлгэв. Бао Чай зэрэг дагалдаж ирэгсэд цөм л уйлалдав. Бао Юй Зы Жюаньтай уулзаж: – авхай үхэхдээ юү захьсныг асууя гэсэнд цаадах нь түүнийг занан хорсож байсан боловч өнөөгийн энэ байдлыг нь хараад урьдын бодол нь эргэж, Жя Мү, Ван Фүрэний дэргэд царай өгөөгүй ч гэсэн Линь авхайн өвчин хэрхэн дахисан, яагаад алчуурыг нь түлж, шүлгүүдээ шатаасан хийгээд үхэхдээ хэлсэн үгийг нь нэгд нэгэнгүйгээр хэлж өгөв. Бао Юй хахан цацан уйлав. Тань Чүнь энэ дашрамаар: – Дай Юйгийн үхэх үед шарилыг өмнө нутагт хүргэ гэж захьсныг бас хэлсэнд Жя Мү, Ван Фүрэнь хоёр дахиад л уйлав. Фөн Же уран сайхан үгээр хориглон зогсоогоод тэднийг буц гэж ятгав. Бао Юй салж төвдөхгүй байсанд, Жя Мү шахамдуулсаар арга буюу албаар авч явав.

Жя Мү нас агширсаны дээр Бао Юй өвдсөнөөс хойш өдөр шөнөгүй яарч одоо бас баахан уйлсан тул нүд нь эрээлжлэн бие нь халуурч, хэдий агид их санаа тавивч сүүлдээ тэсэхээ болиод гэртээ харив. Ван Фүрэний элэг зүрх бас шимширч, харимагцаа Цай Юнийг явуулж Ши Рэньд хань болгоод: “Бао Юй бас эмгэнэн зовбол хурдан ирж хэлээрэй” гэв. Бао Чай, Бао Юйгийн мартаж чадахгүй байгааг мэдэж байгаа тул хориглохгүй гашуун үг хэлнэ. Харин Бао Юй, Бао Чайд сэжиг төрүүлүүзэй гэж нулимсаа хурааж сэтгэлээ дарав. Тэрбээр шөнө унтаад гайгүй болов. Маргааш өглөө нь ирж үзвэл, тамир сүлд муутай ч сэтгэлийн өвчин нь бузгай хөнгөрчээ. Ингээд сэтгэл тавин засаад байвал яваандаа эдгэх шинжтэй ажээ.

Золоор Жя Мү өвдсөнгүй. Харин Ван Фүрэний зүрх өвдсөн хэвээр ажээ. Шюэ Има ч ирж үзэв. Бао Юйгийн царай овоо засарсаныг хараад санаа нь амарч тэндээ хонов.

Нэг өдөр Жя Мү, Шюэ Имаг залж авчраад:

-Бао Юйгийн амийг И дайдаа л аварлаа. Харин ганц охиныг чинь их гасалгалаа. Одоо Бао Юйг зуун хоног сувилаад бие нь эрүүл болбол… энэ үед бас хатны бэлэвсрэл ч дуусна. Тэр үед дэр нэгтгэж болно. И дайдаа л мэдэж нэг тэргүүн сайн өдөр сонгохыг хүснэ гэсэнд Шюэ Има:

-Лао тайтайгийн үг зөв өө. Харин надаас асуух нь юү билээ. Бао охин хэдий төрөлхийн болхи боловч дотроо ухаантай шүү. Түүний занг Лао тайтай сайн мэднэ дээ. Тэр хоёр эе эвтэй байвал Лао тайтайгийн сэтгэлийн дараас нилээд хөнгөрөх юм. Бас эгчийн санаа ч амарлаа. Миний дотор ч онгойлоо. Лао тайтай нэг өдөр сонгож тогтоо гэж байна. Бас төрөл садныг зална гэлээ гэв. Жя Мү:

-Бао Юй, таны охин хоёрын нэг насны явдал болохоос гадна бас хичнээн их ярвиг яршигийг туулж одоо сая баахан амар болсон тул бүгдээр хэд хоног наргиж наадвал зохино. Төрөл садныг цөмийг залж нэгд ах дүүгийн сэтгэлийг хангаж, хоёрт, бид нэг хундага баярын архи уувал хөгшин миний санасан сэтгэл талаар болохгүй юм гэв.

Шюэ Има баярлаж, даруй заслын юм бэлтгэх санаагаа хэлсэнд Жя Мү: “Бид ургийн дээр ураг давхарласан тул би бодвол бэлтгэх хэрэггүй. Хэрэглэх юм гэвэл түүний гэрт дүүрэн байх тул Бао охины авчирна гэх хайртай юмнаас И дайдаа хэдийг авчирна биз. Бао охин, тийм сэжиг ихтэй хүн биш. Миний тэр зээ ач охины зантай таарахгүй. Тиймээс ч тэр насан хутгийг олсонгүй ээ” гэсэнд Шюэ Има нулимс унагав. Гэнэт Фөн Же орж ирээд инээж:

-Лао тайтай, авга эгч хоёр юу бодов? гэсэнд Шюэ Има,

-Бид хоёр Линь дүүгийн чинь тухай яриад сэтгэл уярлаа гэв. Фөн Же инээж:

-Лао тайтай, авга эгч хоёр санаа зовох хэрэггүй. Би сая нэг инээдэмтэй үг сонслоо. Та хоёрт сонсгож болох уу гэсэнд Жя Мү нулимсаа арчин инээж:

-Чи бас хэнийг элэг барих нь вэ? За яахав, бид хоёр сонсоё л доо. Инээлгэж чадахгүй бол хүлээхгүй шүү гэв. Фөн Же үгээ хэлж чадахгүй гараараа дохиж зангаад, хөхрөөд байв. Тэр юү хэлснийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Үүдээ өргөж харих-Харьд мордсон бүсгүй хүн, анх удаа төрхөмчилж харихыг хэлнэ.
 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж