Өмнөх онтой харьцуулахад 2017 онд томуугийн өвчлөл бараг хоёр дахин буурсан хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам тайлагнасныг “Известия” сонин мэдээлжээ.
Эрүүл мэндийн сайд Вероника Скворцовагийн гарын үсэг бүхий тайланг сонин эш татсан бөгөөд тус яамны мэдээллийг Хэрэглэгчийн хяналтын газар мөн баталгаажуулсан байна. Тайланд дурдсанаар 2017 онд 100 мянган хүнд томуугийн 34,9 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо өмнөх 2016 онд 60,5 байжээ.
Томуугийн өвчлөл ийнхүү буурахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх тарилгын хамрах хүрээг нэн өргөтгөсөн явдал юм. Хоёрдугаарт, өвчлөлтэй холбоотой статистик бүртгэлийг өөрчилсөн явдал ажээ.
Шинжилгээгээр нотлогдсон тохиолдлыг л одоо томуу хэмээн бүртгэж байгаа юм. Сүүлийн 20 жилийн статистикийг авч үзвэл томуугийн өвчлөл тогтмол буурч байгаа юм. 20 жилийн өмнө 100 мянган хүнд 5173,8 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад одоо бараг 150 дахин буураад байна. Эрүүл мэндийн яамны мэдээгээр өнгөрсөн 2017 оны есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл томуугийн дэгдэлт бүртгэгдээгүй байна. Харин энэ 2018 он гарсаар 29 бүс нутагт дэгдэлт бүртгэгджээ. Эрүүлийг хамгаалах болон эрүүл мэндийн менежментийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн захирал Давид Мелик-Гусейновын хэлснээр улсыг хамарсан томуугийн дэгдэлт 2016 онд бүртгэгджээ. Түүний хэлснээр урвдчилан сэргийлэх тарилгыг өргөн далайцтай хийж байгаатай холбоотойгоор ойрын хоёр жилдээ улсыг хамарсан томуугийн дэгдэлт гарахгүй байх гэжээ.
Энэ онд урьдчилан сэргийлэх тарилгыг хүн амын 50 хувьд тарьсан нь өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн 2017 онд хүн амын 46 хувь нь тарилгад хамрагджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ