Эргэцүүлэн бодох чадамжгүй масс туг даган намирдаг

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Эргэцүүлэн бодох чадамжгүй масс туг даган намирдаг

Эргэцүүлэн бодох чадамжгүй масс туг даган намирдаг

Монгол Улсаас Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр түр хугацаагаар эх орондоо ирээд байгаа юм.


-Энэ удаад улс төр тойрсон элдэв хов жив ярилцахгүй байхаар хоёулаа тохирсон. Тэгэхээр танд тавих эхний асуулт маш энгийн. Монголоо хэр их санав?

-Саналгүй яах вэ. Хүний нутагт үзэж харж байгаа бүхнийг Монголтойгоо харьцуулна шүү дээ. Юуг авч болох, юуг хаях вэ гээд олон зүйлийг зөвхөн эх нутгийнхаа өнцгөөс л харж ажиглана, ажиллана. Дипломат албанд зүтгэж байгаа хүн бүр Монголоо санан, санан ажиллах үүрэгтэй байхаа гэж бодож байна.

-Швэдэд одоо яг ямар улирал болж байгаа бол?

-Өвөл. Энэ жил Монголд илүү дулаахан байна.

-Шведийн юу нь танд илүү таалагддаг вэ?

-Хүмүүс нь. Тэдний ихэнх нь гял цал байхгүй. Бүгд л энгийн, яг л Шведийн алдарт Икеа гэрийн тавилга, гэр ахуйн бараа шигээ энгийн. Дугуй их унана. Байнга гүйж харайсан хүмүүс. Хүүхдийн тэрэг түрсэн, хүүхдээ тэвэрсэн аавууд энд тэнд тааралдана. Өрх гэр тэргүүн зэргээр үнэлэгдэнэ. Хүн бүр хааныгаа бэлгэшээж амьдардаг. Хүн хүндээ анхаарал халамж тавьдаг тул хүмүүсийн харилцаа халуун дулаан, амьдралын эрч нь манайхтай харьцуулбал илүү тайван амгалан харагддаг.

-Тэд хэр найрсаг ард түмэн бэ?

-Шведүүдийг дуу цөөтэй, ажил хэрэгч хүмүүс гэдэг юм билээ. Түүнийг нь гаднынхан буруу ойлгох явдал гардаг гэж байгаа. Ийм соёл тогтоход нь нэгд, цэргийн хүмүүжил, хоёрт, тэдний шүтдэг лютеран шашин их нөлөөтэй байсан гэдэг. Ямар сайндаа бие биедээ Хей Хей гэж мэндчилнэ. Хей гэдэг үгийн цаана сайн байна уу, сонин сайхан юу байна, би таныг хүндэтгэж байна гээд бүх утга багтдаг гэсэн. Хей Хей гээд хэлчихсэн бол шууд л ажил хэргээ ярих шаардлагатай. Манайх шиг асуудлыг алсаас эхэлнэ гэсэн ойлголт байхгүй. Шведүүд яс үндэс угсаа, арьсны өнгө харгалзахгүй хүний эрхийг дээдэлдэг хүмүүс.

-Монголынхоо тухай мэдээллийг та ихэвчлэн хаанаас авдаг вэ?

-Интернэтээс гээд хэлчихвэл болох байх. Орос, англи, монгол хэл дээрх бүхий л материалыг үздэг.

-Та нүүр номоор орох дуртай юу. Зарим хүн  нүүр номд огт ач холбогдол өгдөггүй, зарим нь нүүр номгүйгээр амьдарч чадахгүй болчихсон байх жишээтэй?

Хүн төрөхдөө л сошиал ертөнцтэй учирдаг. Цэцэрлэг, сургууль бол нэг төрлийн сошиал юм. Нүүр нүүрээрээ учирдаг сошиал ертөнц мэдээллийн эрин үед компьютер, утасны дэлгэцээр учирдаг сошиал болчихоод байгаад ялгаа нь бий. Технологи хөгжөөд сошиал ертөнц хүний амьдралын нэг хэсэг нэгэнт болжээ. Фэйсбүүк, твиттер миний өдөр тутмын хэрэглээ. Тэр ч байтугай би өөрөө paxmongolica.org сайтаар дамжуулж үзсэн харснаа монголчуудтайгаа хуваалцдаг. Энэ сайтаас Монголын их түүхтэй холбоотой ховорхон материал, түүний агуулгатай танилцах боломжтой бөгөөд уул уурхай, мега төслийн талаарх үндсэн ойлголтуудыг олны хүртээл болгохыг эрмэлзэж байгаа. Мөн Нордикийн орнуудад болж байгаа үйл явдал, монголчууд бидний амьдралд хэрэгтэй асуудлаарх илтгэл, судалгаа, тэмдэглэлийг ил тавьж байгаа. Сошиал яагаад бие биеэ муу хэлэх, хараах, хэрүүлийн талбар байх ёстой гэж. Хүн төрөлхтний мэдээллийн технологийн гайхамшиг яагаад хүмүүжилгүй хүмүүсийн гарт ашиглагдах ёстой гэж.   Тиймээс энэ чиглэлд идэвх гарган эерэг мэдээллийг интернетийн монгол орчинд илүү болгох талаар ажиллаж байна.

-Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, маш хүнд хэцүү сорилтыг туулж байна. Энэ хямрал тогтворжиж чадсан уу?

-Эдийн засгийн уналтыг аргамжиж чадсан нь сонгуулиас хойш байгуулагдсан хоёр ч Засгийн газрын ажлын маш чухал үр дүн. Гэвч манай эдийн засаг эмзэгхэн хэвээр байгаа. Улс төрийн тогтворгүй байдал, зах зээлийн санаанд оромгүй салхи шуурга манай эдийн засагт аюул занал бий болгох аюултай. Эрсдэлээ байнга бодолцож анхааралтай ажиллах шаардлагатай.

-Ингэхэд, ОУВС-гийн хамгийн хүнд хөтөлбөрт хамрагдах Засгийн газрын шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу?

-Маш зөв шийдвэр. Өр зээлийн төлбөрт унаж, Монгол Улс дефольтод орох аюулаас түр зайлсхийж чадсан. ОУВС бидэнд урд өмнөх алдаагаа засаж, санхүүгийн сахилга тогтоож, эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх бололцоог өгч байгаа юм. Энэхүү бололцоог ашиглах эсэх нь монголчууд бидний хэрэг. Өөрийн бурууг олж харж чадахгүй хүндрэл бэрхшээлээ ОУВС руу чихвэл монголчууд дэлхийд нэр хүндээ алдана. Нэр хугарснаа яс хугар гэдэг ардын маань үг бий дээ. Тийм юм болохгүй байх гэж бодож байна.

-Газар доороо асар их баялагтай, 66 сая малтай, эрх чөлөөтэй, ийм орон байж  Монгол яагаад хөгжиж чадахгүй байна вэ?

-Би таны асуултад байгаа шиг дүгнэлттэй санал нийлдэггүй. Монгол алдаа оноотой ч урагш хөгжсөөр байгаа орон. Асуудалд бодитой хандах хэрэгтэй. 15-20 жилийн өмнө Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 400 ам.доллар хүрдэггүй байлаа. Одоо 4000 гаруй доллар болж. Манай эдийн засаг 10 дахин өссөн. Саяхан хойд хөршид Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Манай зарим хүмүүс Путин Орос орны ДНБ-ийг эрх барьж байх 20 орчим жилдээ 10 дахин өсгөсөн гээд жигтэйхэн бурханчилсан харагдсан.

Хөгжлийн хурдцаар Монгол Улс Оросоос хоцроогүй юм шүү. Монголд нэг л юм байгаагүй. Тэр нь бурханчилсан хүн байгаагүй. Хөгжил илүү хурдтай байгаасай гэж нийтээрээ хүсэх нь гарцаагүй ч хувь хүн дээр болохоор тэр нь хүний хүртсэн мөнгөө голох, эсвэл бусдаас илүүг хүртэх шунал болж хувирдаг нь тун хэцүү асуудал юм. Асуудлыг бодлогын түвшинд харах нэг өөр, хувь хүний түвшинд харах бас нэг өөр. Хольж хутгамааргүй л байгаа юм.

-Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу. Учир нь, гадаадын хөрөнгө оруулагчдыг монголчууд бидний дээрэмчин, луйварчин гэж хардаг хандлага огт өөрчлөгдөхгүй байна?

Эдийн засгийг өсгөхөд санхүү, техник, технологи хэрэгтэй. Өөрсдөө бэлэн мөнгөтэй байсан сан бол зах зээл дээрээс худалдаад авах сан. Харамсалтай нь, тийм бололцоо Монголд байтугай том орнуудад ч байдаггүй. Тиймээс бүгд л гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд өрсөлддөг. Хамгийн их гадаадын хөрөнгө оруулалт татаж чаддаг улс нь АНУ, Хятад, Хонконг, Сингапур байдаг. Очиж үзэхээрээ шагширчхаад яагаад гэдгийн хариултыг мэддэггүй нь бидний монголчууд л байх. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт өр үүсгэдэггүй. Гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл гоё сайхан нэртэй зээл, бонд авах шаардлага үүснэ. Түүндээ хүү төлөхөөс гадна хөрөнгөө буруу зарцуулбал бүр санхүүгийн дампуурал руу улс орноороо орно гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтын үед эрсдэл үүсвэл төр биш хөрөнгө оруулагч нь өөрөө эрсдэлээ хариуцдаг. Уул нь эдийн засгийн хувьд ойлгоход энгийн боловч түүхийн урт хугацаанд бий болсон харийнхнаас айж болгоомжлох сэтгэл, дээр нь мэдэхгүйн зовлон бидэнд садаа болж байгаа биз ээ. Тархины эмгэг ч байж магадгүй.

-Заавал зэс, нүүрсээ ухаж зарж мөнгөтэй болох албагүй гэдэг хүмүүст хандаад өөр зарах зүйл Монголд бий юу гэсэн асуултад хариулж өгөөч?

Юу үнэд хүрнэ түүнийгээ зарж борлуулж байж л мөнгөтэй болно шүү дээ. Үнэтэй, тэгээд ч их хэмжээгээр гаргаж санхүүгийн хуримтлал үүсгэх бололцоо зөвхөн уул уурхайн салбарт л бий. Харин бий болгосон хуримтлалаараа уламжлалт аж ахуйгаа шинэ түвшинд гаргах нь чухал байдаг. Асуудлыг томоор харж цогцоор нь шийдэхийн тулд Уул уурхайн засаглалыг шинээр тогтоох хэрэгтэй байна.

-Оюутолгойн гэрээг цуцлах хэрэгтэй гэж зарим нам, улстөрч хэлэх боллоо. Энэ зөв үү. Гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж өгчихгүй байгаа?

-Д.Сумъяабазар сайд гэрээг дахин өөрчилнө гэж мунхаглаж болохгүй гээд түс тас хэлсэн байсан. Зөв гэж бодож байна. Цаг нь биш. Оюутолгойн төсөл олсноосоо хамаагүй илүүг зарцуулсан байгаа. Харин хэдийг олж хэдийг зарж байна гэдгийг хэчнээн ч удаа шалгаж байхад юу нь буруу байх вэ гэж бодох юм.

-Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах Рио Тинтотой хийсэн гэрээг Засгийн газраас цуцалсан. Тавантолгойн цахилгаан станцын төслийг хариуцаж байсны хувьд энэ шийдвэрийг юу гэж харж байна?

-Цахилгаан станцын төсөлд олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгоход бусад салбарын үйлдвэрүүдээс онцгой ялгарах нэг нөхцөл байдаг юм. Жишээлбэл, зэсийн үйлдвэр зэс нь борлогдохгүй нөхцөлд үйлдвэрлэлээ тасалдуулахгүй ажиллуулаад бүтээгдэхүүнээ агуулах саванд хадгалж болдог. Дараа нь үнэ тааламжтай бол агуулахаасаа зардаг. Цахилгаан станцын хувьд цахилгаан үйлдвэрлээд агуулах саванд хийх бололцоо байхгүй. Цахилгаан үйлдвэрлэсэн л бол түүнийг тэр даруйд нь хэрэглэсэн байх ёстой болдог. Ингэхээр цахилгаан станцын төсөлд банк, санхүүгийн байгууллагууд мөнгөө өгөхийн тулд үйлдвэрлэсэн цахилгааныг хэн нэн даруй хэрэглэх юм бэ, хэрэглэгч нь байгаа юм уу гэдэг. Тавантолгойн цахилгаан станцын хувьд юуны өмнө хэрэглэгч нь Оюутолгой байх юм. Үүнийг баталгаажуулахын тулд Засгийн газар, Оюутолгой төслийн хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ зурагдсан байдаг.

Гэрээг цуцалснаар Тавантолгойн цахилгаан станцын хэрэглэгч нь Оюутолгой байх юм гэдгийг болиулсан харагдана. Оюутолгой өөрийн талбай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг судалж байгаагаа зарласан нь Тавантолгойн цахилгаан станц төсөл дээр хөрөнгө мөнгө босгох ажлыг зогсоосон гэсэн үг юм. Эрчим хүчний яам Тавантолгойн цахилгаан станцын төслөөс татгалзаагүй гэж хариу барьж байгаагаас үзэхэд маргалдагч талууд “халуурлаа“ хойш тавиад хэлэлцээний ширээний ард суух биз гэж бодогдож байгаа.

-Эрчим хүч, дэд бүтцийн асуудал Монголын эмзэг асуудал хэвээр байгаа. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-Монголын хамгийн залуу дөрөвдүгээр цахилгаан станц хэдэн жилийн өмнө 30 жилийн ойгоо тэмдэглээд баярын арга хэмжээний урилга ирүүлж билээ. 30 жил гэдэг бол уул нь цахилгаан станц тэтгэвэрт гарах цаг нь болжээ гэсэн дохио юм л даа. Юу хэлэх гэсэн юм гэхээр манай эрчим хүчний салбар өндөр эрсдэлтэй он жилүүд рүү орсон гэдгийг хэлмээр байна. Энэ салбар сайн инженер, гагнуурчны хөдөлмөр дээр тогтож байгаа салбар. Хэчнээн сайн инженер байгаад техник, тоног төхөөрөмжийг, “металлын ядаргаа”-наас хамгаалахад хэцүү. Онцгойлон анхаармаар байгаа гэдгийг хэлэх байна.

-Дөрвөн парламент дамжиж яригдсан Үндсэн хуулийн өөрчлөх асуудал эрчтэй хөндөгдөж байна. Үндсэн хуулийг өөрчлөх нь шаардлагатай байна уу?

Үндсэн хууль өөрчлөх шаардлага байгаа. Яаж гэдэг нь их чухал. Ганц нэг нам эвсэл гудамжнаас орилбол тэр тус болохгүй. Энэ тал дээр парламентад суудалтай намууд илүү хамтарч ажиллаасай билээ.

-Тэгвэл Монголд супер Ерөнхийлөгч хэрэгтэй юу, супер Ерөнхий сайд хэрэгтэй юу?

-Алтан цээжтэй мөнгөн бөгстэй л биш бол супер юм ерөөсөө хэрэггүй.

-Монголд лидер байна уу?

Лидер гэдэг хүнийг заавал эрх мэдэлтэй хүнтэй хольж ойлгох шаардлагагүй байдаг. Ардчиллын талаарх нэгэн судалгаанд “Нүүдлийн шувуудын дунд холын аянд гарахад нь зүг чигийг нь заадаг лидер шувууд цөөхөн байдаг гэсэн. Тэр шувууд бусдаас илүү эрх дарх эдэлдэггүй гэж байсан”. Хүмүүний ертөнцөд энэ ажиглалт хол зөрөхгүй. Монголын нийгмийн зүг чигийг тодорхойлдог лидерүүд өнөөдөр бидний дунд зөндөө байгаа байх аа. Ялангуяа  шинэ залуу үе маш өөр болсон шүү гэж хэлмээр байна.

-Хувьсгалын тухай сүүлийн үед зарим хүмүүс ярих болсон. Үнэндээ бол Монголд хувьсгал хийхгүйгээр нийгэм, улс төр, эдийн засаг хөгжихгүй байна гэж тэд яриад байна л даа?

-Монголын нийгэм чанарын шинэ түвшинд шилжихийг хувьсгалт шинж чанартай гэж ярих нь бий. Би хувьсгал гэдгийг чанарын өөрчлөлттэй холбоотойгоор ойлгодог. Буу шийдэм бариад хувьсгал хийнэ гэвэл санал нийлэхгүй. Монгол сайн ч муу ч ардчилсан орон. Хавь ойроо ажигла. Монголчуудын эдэлдэг эрх чөлөө бусдад байгаа эсэхэд би тун эргэлздэг. Авторитари хандлага хаа сайгүй хүчтэй болж байгаа энэ цаг үед Монгол ардчиллын арал болчихоод байна гэж гаднынхантай уулзахдаа ярьдаг. Энэ бол бидний давуу боломж. Ардчиллын алдаатай талыг засварлах цор ганц арга бол ардчиллыг гүнзгийрүүлэх явдал юм.

Хүчирхийлэл оролцуулсан хувьсгал бол нэг нь нөгөөгөө ялан дийлэх эрмэлзлээр хийгддэг бөгөөд тэр нь замдаа хэдэн ч хүний амиар тоглоом хийхийг таашгүй. Энэ бол бидний цөөн монголчуудын зам биш гэж бодож байна.

-Тавантолгойн төсөл хөдлөөгүйд та харамсдаг уу. Төслийг хариуцаж байсан болохоор сонирхож асуулаа?

-Алаагүй баавгайн арьс булаацалдав гэгчээр тэгэх байсан ингэх байсан гэсэн маргаан өөрөө утга учир муутай юм. “Хэрвээ Тавантолгойн төсөлд гарын үсэг зурагдсан бол Монгол Улс хохирох байсан, Эрдэнэс Тавантолгой компани 450 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаа” гэсэн жиргээ олон нийтийн сүлжээнд явж байгаа харагдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнөхөн Эрдэнэс Тавантолгой компанийн захирал өөрөө сүүлчийн өр, зээлээ дарлаа гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Тухайн үед Тавантолгой төсөл бол дөрвөн тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай мегатөсөл байсан. Монголын эдийн засагт үзүүлэх эдийн засгийн нөлөө нь эхний 2-3 жилдээ 5-8 тэрбум ам. доллараар хэмжигдэнэ гэж ярьж байснаа дахин хэлэхэд л хангалттай. Төсөл бүтээгүй. Харамсаад суух биш мегатөсөл ямар хэцүү, улс төрийн болон эдийн засгийн ямар олон ашиг сонирхлын огтлолцол дээр хийгддэг, шил мэт хагарахад амархан байдгийг бидэнд харуулж өгсөн. Дараа дараагийн ямар ч мегатөсөл яг л ийм бэрхшээлтэй тулна. Тавантолгой төсөл дээр хуримтлуулсан туршлагаараа дараачийн мегатөсөлд ухаалаг, хэрсүү ханддаг болчихвол их зүгээр сэн. Би урд өмнө нь хэлж байсан даа. Манай төрийн залуу халаа зохион байгуулалтыг нь хийгээд зөв баримтлалаар зангидаад өгөхөд асар чадалтай болсон юм байна гэсэн бахархалтайгаар бүтээгүй Тавантолгой төслийн бүх материалуудыг архивт тушаасан гэдгээ хэлмээр байна.

-Мега төсөл хэрэгжүүлэх нь казино тоглохтой ижил гэж та нэгэнтээ хэлж байсан. Энэ байр суурь тань хэвээрээ юу. Яагаад тэгж зүйрлэсэн юм бэ?

Мегатөсөлд шинжлэх ухааны үндэстэй, судалгаа, тооцоотой, сэтгэл хөөрөлд автахгүй хүйтэн толгойгоор хандах ёстой гэдгийг хэлсэн хэрэг. Казинод ямар ч шинжлэх ухаан байхгүй, хувь хүнийг том мөнгөтэй болчихож магадгүй гэсэн шунал, сэтгэл хөдлөл жолооддог. Мегатөсөл мөн адил хүний сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг. Харамсалтай нь, дэлхий дээр мегатөсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээгч гэхээсээ илүүтэй устгагч болчихоод байгаа. Гэсэн хэдий ч мегатөсөл хэрхэн хийж сурах вэ гэдгээс улс орны цаашдын хувь заяа хамаардаг болсныг бодолцож ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Хэдэн жилийн өмнө та “Нам намаараа талцдаг үеэ давах цаг болж байна” гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл одоо бүр нам дотроо талцдаг болжээ. Үүний шалтгаан нь юу гэж та харж байна.

-Улс орноо хааш нь авч явах зүг чигийн баримжаагүй, зөвхөн амин эрх ашиг дээр тогтвортой нэгдэл бий болж чадахгүй шүү дээ. Тиймээс үндэсний үзэл санаа, хүсэл зорилгыг бий болгох хэрэгтэй гэсэн хүмүүстэй би санал нэг байна. Зөн билгийн улс төрийг боловсрол төвтэй улс төр болгох хэрэгтэй байна, хамтарч ажиллая гэж нэгэн эрхэм энэ өдрүүдэд над руу утсаар ярьсан. Их сонсголонтой байсан шүү.

-Монголын хоёр том намын нэр хүнд унасан. Эсрэгээрээ гуравдагч намын орон зай улам томорч байна. Харин, Монголд ард түмний итгэлийг аваад явах гуравдагч нам алга?

АН, МАН том намууд. Тэр хэмжээгээрээ улс төрийн болон төр барихуйн том зовлонг амсаж байгаа. Зовлонгоос туршлага бий болдгоос хойш энэ хоёр нам ач холбогдолтой хэвээр байх болно. Бусад нам үзэл санааны эерэг хувь нэмэр болбол сайн хэрэг. Дээр хэлсэнчлэн зөн билгийн улс төрийг өргөжүүлэх нэг, хоёр, гурав дахь хүч хэрэггүй байх аа.

-Намуудыг дагаад Монголын парламентын чадамж, нэр хүнд бас унасан. Төрийн ордонд бодлого биш, боов боорцогны хэрүүл хийдэг болсон шүү дээ. Парламентын чадамж муудаж байгаа нь юутай холбоотой гэж та дүгнэдэг вэ?

-Энэ үзэгдэл гэнэт өнөөдөр бий болчихсон эд биш. Либерал үзлээр зэвсэглэсэн глобалчлалын нөлөөн доор дэлхийн олон улс оронд төрийн чадамж сүүлийн 20-30 жилд ихэд суларлаа гэж байгаа. Хүн өөрөөсөө бурууг хайхаас илүүтэй бусдад бурууг нялзаах хандлагатай байдаг. Нэг нэгээр байхдаа бие биеэ буруутгана. Нийт массаараа болохоор төрөө буруутгана. Газар сайгүй ижилхэн хандлага ноёлж байгаа. Дээр нь глобалчлал, мэдээллийн технологи хөгжөөд худал мэдээлэлд автамтгай, эргэцүүлэн бодох чадамжгүй масс туг даган намирдаг болчихсон. Энэ байдлаас гарах арга замууд байдаг бололтой юм билээ. Энэ талаар улстөрчид санаа тавьдаг болоосой. Буруу зүйл таг дуугай байснаар засардаггүй. Буруугийн эсрэг дуу хоолойгоо гарга гэж Шведийн улстөрчид бусдад уриалж байхыг харсан.

-Таны супер циклийн тухай, Монгол Улс боломжоо алдсан талаарх нийтлэлийг уншиж байсан. Монголд дахин супер цикл таарах боломж бий юу. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ эргээд сэргэж байгаа болохоор горьдлого тавиад асууж байгаа юм шүү?

Ердийн цикл суперцикл болсон хоёр том шалтгаан байдаг юм. Нэг нь ЗХУ задарсан, хоёрдахь нь Хятад улс зах зээлээ нээсний үр дүнд дэлхийн зах зээл ер бусын их хэмжээгээр томорсон байдаг. Одоо дахин ийм том үйл явдлууд тохиохгүй, дээр нь худалдаа, эдийн засгийн дайн шаталж байгаагаас харвал супкерциклийг ойрдоо мөрөөдөх хэрэггүй байх. Ер нь бэлэнчлэх сэтгэлгээ хэрэггүй. Суперциклийн үеийн бэлэн мөнгө хүнийг байтугай үндэстнийг хорлох аюултай санагдсан шүү.

-Цаг зав гарган манай сайтад ярилцлага өгсөнд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж