УИХ-ын хаврын чуулганыг ирэх пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 5-ний 10.00 цагт нээнэ. Сар шинийн өмнө намрын чуулганыг завсарлуулаад байсан ч хугацаа нь дууссанаар шинэ долоо хоногт хууль тогтоогчид ажилдаа орох боллоо.
УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, хаврын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Үүгээр дараах асуудлууд багтжээ.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Дөрөвдүгээр сарын 5-ны пүрэв гаригт 10 цагаас:
- Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлт.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Дөрөвдүгээр сарын 3-ны мягмар гаригт:
- Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 тоот захирамжаар байгуулсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Дөрөвдүгээр сарын 05-ны пүрэв гаригт:
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
Дөрөвдүгээр сарын 5-ны пүрэв гаригт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр /Засгийн газар 2018.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
4 дүгээр сарын 06-ны Баасан гаригт 10.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт;
- Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.